Ч.Раднаабазар: Иргэдтэйгээ хамтран их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн жил боллоо

17/12/12 10:09


Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазартай ярилцлаа.

-Албан байгууллага бүр 2017 оны ажлаа дүгнэж, ирэх онд хийх зүйлээ төлөвлөж байна. Налайх дүүргийн тухайд энэ онд ямар бүтээн байгуулалт өрнөж, Засаг даргын зүгээс ямар бодлого баримталж ажиллав?

-Засаг даргын ажлаа аваад жил гаруй хугацаа өнгөрчээ.

Төрийн байгууллага иргэд хоорондын уялдаа холбоог сайжруулахад нэлээд анхаарч ажиллалаа. Мөн хийж бүтээсэн ажлаа ард иргэддээ тайлагнаж, дүгнүүлэн, 90.9 хувийн үнэлгээ авлаа. Бид ажлаа ярих биш ард иргэд маань хийсэн бүтээснийг маань дүгнэх нь чухал юм. Дүүргийнхээ иргэдийг амар тайван амьдрах, сурч боловсрох нөхцөл бололцоогоор хангах дээр анхаарч ажилласан. Мөн төрийн үйлчилгээг авлигаас ангид байлгаж, бизнесийн орчин сайжруулж, аялал жуулчлалын томоохон бүс болох зорилт тавьж ажиллалаа.

-Бүтээн байгуулалтын тухайд ямар ажлууд хийв?

-Хоёр эгнээтэй байсан Даваажав, Дамдин, Найрамдлын гудамж буюу төв замаа дөрвөн эгнээтэй болгож өргөтгөлөө. Мөн явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдэж өглөө. Энэ нь иргэдийн сэтгэлд нийцсэн бүтээн байгуулалт болсон. 1970 оноос хойш дүүргийн хэмжээнд автозамд ямар ч шинэчлэл хийгээгүй байсан.

Эвдрэл гэмтэл ихтэй, бага насны хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ явахад хүндрэлтэй байлаа. Зам тавьснаар иргэд аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох эрх нээгдэж байгаа юм. Мөн бороо, цас үер автозамыг маш ихээр эвдэж байна. Тиймээс шинээр тавьсан автозамдаа усны хаялгыг сүүлийн үеийн технологиор олноор шийдэж өглөө.

-Саяхан 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсон. Энэ мөн таны ажлын үр дүн байх?

-Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайханы санаачилгаар 50 ортой хүүхдийн эмнэлгийн асуудлыг шийдэж ашиглалтад хүлээлгэн өглөө. Мөн энэ онд багтаж хэрэгцээтэй тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон. Шинэ эмнэлэг маань хүүхдүүддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна. Манай дүүргийн эмнэлгийн барилгад сүүлийн 20 орчим жил засварын ажил хийгдээгүй байсан.

Дээврээс нь ус гоожсон, эмчилгээ үйлчилгээ явуулахад хүндрэлтэй байсан бол энэ бүхнийг шийдэж эмнэлгийн дээвэр болон гадна пасадны их засварын ажил хийгдлээ. Хүүхэд залуучууд ахмад буурлууд маань эрүүл орчинд амьдарч, сурч боловсрох ёстой. Тиймээс 2017 онд иргэдийнхээ нийгмийн асуудал руу чиглэсэн бодлого баримталж бүтээн байгуулалтын ажлыг хийсэн, эхлүүлсэн жил боллоо.

-Та иргэн төрийн харилцааг нэмэгдүүлж байгаа талаар ярилаа. Тухайлбал ямар ажил дээр иргэдтэйгээ хамтран ажиллаж байна вэ?

-Иргэдтэйгээ хамтран хороо бүрд 12 хүний бүрэлдэхүүнтэй хөгжлийн зөвлөл байгууллаа. Орон нутгийн хөгжлийн сангийн тодорхой ажилд иргэдийг оролцуулж байна. Тухайлбал Барилга, байрны дээврийн асуудалд орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгийг нь гаргаад өгдөг, иргэд өөрсдөө мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч дээврээ хийж байна. Өмнө нь мөнгийг нь тавиад өгдөг тэрийг яаж зарцуулсан нь мэдэгдэхгүй алга болдог байсан.

Гэтэл өнөөдөр иргэд хяналтаа тавьж өөрсдөө төсвөө зарж байна. Ер нь аливаа асуудалд иргэдийн оролцоо чухал юм. Энэ өнцгөөс аливааг харж ажлаа явуулахыг чухалчилж байгаа. Төрийн бодлого иргэдэд хүрэх ёстой. Эргээд иргэд хариуцлагатай байж хамтран ажилласан цагт ажлын үр дүн гарна. Дангаараа бид бодлого гаргаж, хурлаараа батлуулаад их мөнгөтэй байсан ч иргэдийн оролцоогүй бол ажил явахгүй. Тэгэхээр төрийн ажлын мөн чанар нь иргэдийн оролцоо гэсэн зарчмаар ажиллаж байна.

-2017 оны ажлаа иргэдээрээ дүгнүүлсэн гэлээ. Ийм жишиг бусад дүүрэгт байна уу?

-Долоон хорооны иргэдээрээ хийсэн ажлаа дүгнүүлж 90.9 хувийн үнэлгээ авлаа. Хороо бүр дээр очиж тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ. Жижиг дунд үйлдвэрийг дэмжлээ, ногоон байгууламж, гэрэлтүүлэг гээд иргэд ямар зүйлд сэтгэл дундуур байна тэр бүхнийг шийдвэрлэхийг хичээсэн. Нийслэлийн есөн дүүрэг мэдээллийн цаг зохион байгуулдаг. Гэхдээ иргэдээрээ дүгнүүлдэг эсэхийг сайн мэдэхгүй. Ямартай ч манай Налайх дүүргийн тухайд иргэдээ дээдэлсэн тэднийхээ үгийг сонссон жил болж өнгөрлөө. Ирэх онд ч иргэн төрийн харилцааг улам ойртуулж ажиллана.

-Налайхад олон бичил уурхай үйл ажиллагаа явуулж байна. Тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Уул уурхайн асуудал нэлээд хүндрэлтэй байна. Зарим уурхайн үйл ажиллагааг зогсоочихоор хууль бусаар ажиллаж эхэлдэг. Тэрнээс болж хүний амь эрсдэх хэмжээний эмгэнэлтэй байдал үүсдэг. Энэ асуудлыг бид таслан зогсоох хэд хэдэн ажил хийсэн. Бүх цооногийг бичил уурхай хэлбэрээр зохион байгуулж албажууллаа. Хариуцлага хүлээлгэдэг шатлалыг бий болгосон. Яваандаа Налайх зөвхөн уул уурхай түшиглэхгүй.

Өөр чиглэлд ард иргэдийг ажлын байраар хангахад анхаарч байна. Үйлдвэр технологийн парк, барилгын бөөний худалдааны төв, төмөр замын тээврийн ложистик төвийг дүүрэгтээ барьж байгуулах ажлыг эрчимжүүлж байна. Уурхайн асуудал дээр 80 га газарт нөхөн сэргээлтийн шинжилгээ, судалгаа хийлээ. 7.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байгааг тодорхойлсон. Өмнө нь хохирол гэж ярьж байсан болохоос хэмжээ нь тодорхойлоогүй байсан. Хороод хоорондынхоо автозамын шинэчлэлийн зураглалыг хийсэн. Хэрэв автозамтай болбол хөрсний гэмтэл үгүй болно. Мөн камержуулалтын ажлыг хийх гэж байна.

-Үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалт эхэлсэн үү?

-Тийм ээ. 14 компани сонгон шалгаруулалтад оролцсоноос тав нь шалгарсан. Бид компаниудад ажиллах хүчнийхээ 70 хувийг дүүргийн иргэдээс авна гэдэг шаардлага хүргүүлсэн. Ажлын байрт тавигдах хүмүүсийн судалгааг авч, сургах тал дээр компаниуд өөрсдөө зохион байгуулалтаа хийж байна.

Мөн ажиллах хүчээ орон сууцжуулах, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах гээд хүний хөгжлийн бүхий л асуудлыг цогцоор шийдэхэд анхаарч байна. Мэдээж алдаа, оноотой зүйл бий. Төсөв санхүү хүрэхгүй асуудал гарна. Гэхдээ иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, сэтгэл хангамжийг бага ч болов нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

-Энэ сарын 4-нд нийслэл төсвөө баталлаа. Налайх дүүргийн тухайд ирэх жил эдийн засаг ямархуу дүр зурагтай байна вэ?

-2017 оны төсөвтөө тодотгол хийж, 2018 оны төсөв, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ ИТХ-аараа батлууллаа. Сүүлийн хэдэн хоногт бодлогын төвшингөө тодорхойлуулж байгаа учраас нэлээд тооцоо судалгаатай зүйл хийж байна. Өмнө нь орон нутгийн хөгжлийн санд 370 сая төгрөг тавигдаж байсан. Энэ жил ч гэсэн тэр орчим хөрөнгө тавигдана. Бид 2017 онд хөгжлийн сангийнхаа мөнгөөр чамлахааргүй олон ажил амжуулсан. Бүх ажлыг хөрөнгө мөнгөөр дүгнэхгүй.

Сэтгэл байвал бүтдэг зүйл олон гэдгийг харуулж чадлаа. Цаашдаа энэ үзэл баримтлалаа барьж ажиллана. Гадаадын хөрөнгө оруулалтыг татна, бага ч гэсэн орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөө зөв зарцуулж, нийгмийн чухал шаардлагатай хэсэгт хөрөнгө мөнгөө оруулна гэсэн бодлого баримталж байна.

-Саяхан хүүхдийн хүчирхийллийн эсрэг зөвлөл байгуулсан гэж сонслоо. Энэ талаар тодруулахгүй юу?

-Сүүлийн үед хүчирхийлэл, гэмт хэргийн асуудал олон нийтийг донсолголоо. Энэ асуудалд түрүүнд арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэсэн үүднээс салбар бүрээс мэргэжлийн хүмүүсийг цуглуулж нэгдсэн удирдлагаар хангалаа. Цагдаа мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, даатгал, гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсийн хамтарсан ажлын хэсэг гаргасан. Хөтөлбөр боловсрууллаа. Яагаад нийгэмд ийм муу муухай хэрэг гараад байна вэ гэдэг учир шалтгааныг судалж бүхий л талаас нь судалгаа явуулж байна.

Мөн өнгөрсөн есдүгээр сард гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг Налайх дүүрэгтээ зохион байгуулсан. Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс иргэдээ хамгаалах энэ сургалтад давхардсан тоогоор 12 мянга гаруй хүн оролцсон. Гамшгаас хамгаалах сургалтад бэлтгэлээ сайн хийсэн байна гэсэн үнэлгээг Онцгой байдлынхан өгч байлаа.

-Налайх дүүргийг дагуул хот болно гээд хотын захирагч хүртэл сонгосон. Энэ асуудал юу болсон бэ?

-Дүүрэг маань дагуул хот гэсэн нэртэй, бас хотын даргатай байгаа. Иргэд хотын дарга нь том уу, Засаг дарга нь албан ёсных уу гэж их төөрөлддөг. Дүүрэгт нэг л удирдлага байх ёстой. 2015 онд нийслэлийн удирдлагуудын тогтоол гаргаж, хотын даргыг томилсон. Энэ бол төрийн ажлыг явуулахад нэлээд хүндрэл үүсгэсэн. Улс төржүүлдэг асуудал байсан. Одоо бүтцийг өөрчлөөгүй хэвээрээ байгаа. Гэхдээ энэ асуудлыг өөрчлөхгүй бол хот хот шигээ болж, дүүрэг дүүргийн төвшинд ажиллаж чадахгүй.

Хот төлөвлөлтийн асуудлаа ч нэг тийш нь болгож чадахгүй бол дүүргийн хөгжил явахгүй шүү дээ. Тэгэхээр удахгүй энэ асуудал нэг тийшээ болж шийдэгдэж, иргэдийн маань төөрөгдөл арилах байх гэж найдаж байна. Мөн хотын эрхзүйн статусыг тодорхой болгох тал дээр анхаарч ажиллана. Нийслэлийн эрхзүйн байдлын хуулийг нийслэлийн Засаг даргад өргөн барьсан. Иргэдийн хандлага зөв зүйтэй болсон учраас бидний ажил өнөөдөр өнгөтэй өөдтэй байна.

Удахгүй Налайхын уурхайн 95 жилийн ой болох гэж байна. Уурхайгүйгээр манай дүүргийг төсөөлөхгүй. Ойн хүрээнд ажлын хэсэг гарч, уурхайчин ахмадууддаа хүндэтгэл үзүүлж байна. Тэднийхээ хийж бүтээсэн ажлын давтагдашгүй чанарыг хойч үедээ өвлүүлж, дүүргийнхээ иргэдийг нэгэн зорилгын дор нэгтгэн ажиллаж байна.

Эх сурвалж:Зууны мэдээ сонин

 

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


7 − 4 =