Т.Бат-Оргил: Миний залуу нас дуусаагүй

Мөнхийн ус”, “Аж богдын харуул” зэрэг дуугаараа 1990-ээд оны залуусыг уярааж явсан Т.Бат-Оргилыг өнөөдөр ч гитаргүйгээр, хэзээ ч үл хуучрах дуунуудгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний дуунуудыг сонсож өссөн хүүхдүүд одоо томчууд болсон. Тэгвэл тэрбээр 2017 он үдлэн буцаж буй энэ үед “Жигүүртнээс дээгүүр” өөрийн ном, цомгоо шинээр өлгийдөн авах гэж байна. Түүний энэ цомогт хит болсон дуунуудаас нь гадна шинэ олон дуу багтжээ. Харин номонд нь дуу төрсөн түүх хийгээд бодол эргэцүүлэл, залуучуудад хандсан уриа үгс нь оржээ. Аль алийг нь хэвлэлтээс гарахыг нь хүлээж байх үед нь түүнтэй уулзаж ярилцлаа.

-Өглөөний мэнд. Шинэхэн бүтээлээ хэвлэлтэд шилжүүл-сэн энэ мөчид уулзаж байгаа-даа таатай байна. Их олон жилийн хөдөлмөр тань энэ цомог, номонд шингэж байгаа гэж ойлгосон.

-Өглөөний мэнд. Цомог, номоо хоёр жилийн хугацаанд бүтээсэн ч уран бүтээлүүд маань 20 гаруй жилийн түүхтэй. 1988 онд бичиж байсан дуу ч бий. Ерөнхийдөө энэ бүх хугацаанд үзэж харсан, бодож тунгааснаа эмхлэн гаргаж байгаа юм. Цомгийн ажилд 40 гаруй залуус оролцсон бол ном бүтээхэд 20-иод хүн оролцсон. Багийнхаа гишүүдэд бүгдэд нь баярлалаа. Та наргүйгээр зорьсон зүйл минь биелэхгүй байсан шүү гэж хэлмээр байна.

-Цомог, номоо гаргах бэлтгэлийн явцыг тань харахад та их л нухацтай, ул суурьтай хандаж байгаа харагдсан. Та ер нь бүхий л зүйлд ингэж нухацтай, төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй ханддаг уу. Магадгүй энэ таны хүүхэд байхдаа олж авсан чадвар уу?

-Тэр ёстой худлаа. Би чинь салан баавгай гэдэг шиг л энд тэнд юмаа хаяж, гээж явдаг хүүхэд байсан.Одоо ч хэвээрээ. Юунд анхаарлаа төвлөрүүлэх вэ гэдэг л миний хувьд чухал. Би ер нь хэзээ ч онц сурлагатан байгаагүй. Бага анги, дунд ангид ч, их сургуульд ч байхад багш нар бүгд нэг л зүйлийг ээжид минь хэлдэг байсан. “Танай хүүхэд хичээх юм бол сургуулиа алтан медальтай төгсөнө. Даанч хичээхгүй юм даа” гэдэг байв. Гэхдээ би дунд сурлагатан бол бас байгаагүй.

-Номондоо дууны түүхүүдийг багтаахаас гадна бодрол, эргэцүүллийн нийтлэлүүдээ багтаасан гэсэн үү?

-Миний уран бүтээлийн түүхийг хүмүүс их асуудаг байсан л даа. Хүн болгонд тайлбарлахад цаг хугацаа үрж, нэг ярьсан зүйлээ дахин ярих шаардлага гардаг байсан учраас номондоо уран бүтээлийн түүхээ бичье гэж бодож байсан. Гэвч ном бичих хугацаанд номын агуулга маань илүү өргөн хүрээтэй болж.зөвхөн дууны тухай ном биш болсон. Энэ номоо би өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлэх индэр гэж харж байгаа. Жишээлбэл, манай нийгэм ямар болчхоод байгаа, яаж энэ байдлаас гарах вэ гэдэг талаар өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн. Манайд соёлын хувьсгал хэрэгтэй байна. Олон түмэндээ, ялангуяа урлаг, соёлынхондоо хандаж уриалж байгаа юм.

Тухайлбал, 1990 онд бид шинэ сайн сайхан нийгмийг бүтээн байгуулна гэж явсан ч зорьсон замаасаа хазайчхав уу, бид юуг олов, гээв гэдэг талаар бухимдалгүй эргэцүүлсэн маягаар бичсэн. Одоо бид гээсэн зүйлээ нийгмээрээ тунгаах хэрэгтэй байна. Монголын өнөөгийн нийгэм нэгийгээ хайрлахгүй, өрөвдөхгүй болчихжээ. Бид өөрийн үндэсний үзэл санаатай, нэг нэгэндээ хайртай, амь нэгтэй байх ёстой. Үндэсний санаа гэж байхгүй болчихлоо. Энэ бол заавал байх ёстой. Ард түмнээ манлайлдаг сэхээтэн хэсэг гэж байх ёстой. Хөгжил, эдийн засаг гэсэн хий үзэгдлийн араас сүүлийн 10 гаруй жил явлаа гэх зэрэг олон санаа тусгасан.

-Номны тань өмнөх үгийг соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Г.Аюурзана бичиж, редакторласан гэсэн. Юу юугүй дуртай хүлээж аваагүй байх. Түүнийг хэрхэн зөвшөөрүүлэв?

-Номоо нэлээд олон хүнд уншуулсан. “Сайн ном болсон байна” гэсэн үнэлгээ авсандаа баяртай байгаа. Ерөнхийдөө уншихад сонирхолтой байдлаар, хэтэрхий уянгалалгүй, энгийн бичихийг хичээсэн. Номын маань өмнөх үгийг соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзана бичиж, намайг тоосонд маш их баяртай байгаа. Номыг маань уншиж үзээд маш бага зассан. Ер нь бараг хүрээгүй шахуу. Мундаг хүмүүс цаанаасаа мундаг байдаг юм билээ.

Хүний хэлж байгаа санаанд хүндэтгэлтэй, маш болгоомжтой хандсан байх. Найруулга дээр л ганц нэг засвар хийсэн. Би чинь орос сургууль төгссөн болохоороо алдаатай бичнэ. Түүний дараа “Мөнхийн үсэг”-ийг баг хамт олон ажилласан. Энэ дашрамд, номыг минь гаргахад тусалсан та нартаа баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлье. Номынхоо нээлтийг энэ сарын 16-нд хийнэ. Сонирхсон бүх хүнд нээлттэй гэдгийг бас дуулгамаар байна.

-“Жигүүртнээс дээгүүр” хэмээн нэрлэсний учир юу вэ?

-“Жигүүртнээс дээгүүр” гэж нэг дууны маань нэр юм. Үндсэн санаа нь сэхээтний манлайллын тухай. Сэхээтэн гэдэг жигүүртнээс дээгүүр үзэл баримтлалтай, ёс зүйтэй, хэн нэгнээс, олонхоос айдаггүй, манлайлдаг, дагуулдаг байх ёстой. Намайг юу гэж бодох бол гээд юу ч хийж чаддаггүй хүмүүс бол хэзээ ч сэхээтэн байж чадахгүй. Сэхээтний хувь тавилан бол олныг сөрөх, эсвэл олныг дагуулах гэсэн хоёр л хувилбартай байдаг гэж боддог.

үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …