Өрхийн эмч, ажилтнууд засгийн газраас олгох 300 мянган төгрөгийг тэгш эрхтэй олгохыг шаардлаа

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2017 оны төсвийн тодотгол 2018 оны төсөвт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэгдүүлэхийн тулд олон жагсаал цуглаан хийсэн.

Өнгөрсөн баасан гарагт Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбоо, улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлж зөвшилцсөн хэдий ч хэлэлцээр цаашид үргэлжлэх боломжгүй байдалд хүрсэн учир хамтын маргаан үүсгэх нөхцөл үүссэн талаар өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Засгийн газраас төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээр энэ онд багтаан 300 мянган төгрөг олгохоор улсын хэлэлцээрээр тохиролцож 55.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан юм.

Гэтэл уг мөнгөн олговрыг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад олгохгүй гэдгийг ЭМЯ, Сангийн яамнаас мэдэгджээ. Иймд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос өрхийн эмч, ажилтнуудад 300 мянган төгрөгийг ялгаварлахгүй олгохыг шаардаж өнөөдөр Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Хэрэв шаардлагын хариуг өгөөгүй тохиолдолд энэ сарын 8-ны өдөр жагсаал цуглаан байгуулж, цаашид ажил хаях эсэх талаар хэлэлцэхээр болжээ.

Тухайлбал Монгол Улсын хэмжээнд нийт 236 өрхийн эрүүл мэндийн төвд 3000 гаруй өрхийн эмч, эмч мэргэжилтнүүд хүн амын эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэж нэг өрхийн эмч сувилагчид 2200-3200 хүн ам, 70-123 нярай хүүхэд 60-135 жирэмсэн эх, 89-110 өндөр настан, 15-35 хэвтрийн иргэд оногдож байна гэдгийг онцоллоо. Тэдний зүгээс хүн ардынхаа нийгмийн эрүүл мэндийн асуудлыг нуруун дээрээ үүрч яваа эмч нарыг ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүүцэн шаардлагад хариу өгөхгүй бол ажил хаяна гэдгийг сануулав.

Хэвлэлийн хурлын үеэр өрхийн эмч нарын төлөөллүүд “Бид гутлаа эргэтэл ажиллаж, нохойд хөөгдөж, айл айлын хаалга нүдэж хагас бүтэн сайнгүй илүү цагаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс салбартаа үнэнч зүтгэснийхээ төлөө гадуурхагдаж төрөөс үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээс хасч байгааг эсэргүүцэж байна” гэлээ.

 Э.Ариун

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …