Д.Баярхүү:Moнгoлд зэвсэгт хүчний гaдaaд хaрилцaa хамгийн өндөр түвшинд бaйнa

17/12/05 02:47

“Соёмбо” сонины энэ удаагийн зочноор Монгол Улсаас Арабын орнуудад Элчин сайдаар ажиллаж байсан, олон улсын харилцааны судлаач-профессор Дашдоржийн Баярхүү гуайг урьж, сэтгүүлч дэслэгч Д.Болормаа ярилцсаныг дор сийрүүлэв.

-Та дипломатч, олон улсын улс төрийн бодлого судлалын профессорын хувиар геополитик, улс орнуудын харилцааны асуудлаар олон нийтлэл нэвтрүүлэг, ярилцлага өгч байсныг тань би мэднэ. Мэргэжлийн хүнтэй геополитикийн хүрээнд ярих нь өөрөө өргөн сэдэв учраас Монгол Улсын Зэвсэгт хүчний эзлэх байр суурийн тухай дагнан ярилцах сонирхолтой байна?

“Соёмбо” сонинд ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Мэдэх хэмжээндээ ярилцаж болно. Цэргийн мэргэжлийн хүн биш, бас төрийн хэргээс холуур байгаа учраас манай Зэвсэгт хүчин ямар хэмжээнд байгааг сайн мэдэхгүйг болгооно биз ээ.

-Монгол Улсын батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлагад та ямар байр суурьтай байдаг бол. Ололтой талууд болон дутагдалтай талууд харагддаг байх?

Би ололттой талыг нь олж харж байна. Зэвсэгт хүчний хөгжилд энхийг сахиулах ажиллагаа хүндтэй чухал байр эзэлдэг бол түүнийг санаачлагчдын нэг нь би байсан гэдэгтээ бахдалтай явдаг. Аль 20 гаруй жилийн өмнөх түүх рүү орж хэлж байна л даа. “Улсын сүр нь цэрэгтээ” (“Ардын эрх”-ийн “Өнөөдөр”, 1996.08.16), “Монгол цэрэг Африкт хөл тавих уу?” (“Тусгаар тогтнол”, 1996.07.15-21), “Монгол Улс НҮБ-тай яаж хамтран ажиллах вэ?” (“Засгийн газрын мэдээ”, 1996.10.05) гэх нийтлэлүүдэд социалист арга барилтай тэр үеийн армийг өөрчлөн шинэчлэх асуудлыг хөндөн бичиж тухайн үедээ сенсаац дэгдээж, БХЯ, Жанжин штаб хавиар ч яриа өрнүүлэхэд хүргэж явснаа эргэн дурсахад таатай байна. Тийм учраас ололттой тал гэдгийг би тэмдэглэмээр байна. Үнэндээ социализмын үеэс улирч үлдсэн арми, цэргийн сэтгэхгүйг өнгөрсөн зууны сүүлчээр гээжчадсаныг би Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийн эхлэл хэмээн үздэг. Энхийг сахиулах ажиллагаанаас суурилаад батлан хамгаалахын гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрчтэй хөгжсөн нь мөн л гайхамшигт ололт хэмээн үзэж байна. Үнэндээ улсынхаа гадаад харилцаанаас давсан, түүнтэй уралдсан гадаад харилцааг БХЯ, Жанжин штаб явуулж байна. Энд би зориуд тэмдэглэн хэлэхэд манай улсын “гуравдагч хөршийн бодлого” өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд буй болж, хэрэгжиж, одоо төлөвших шатандаа байгаа гэж үзвэл үүнд батлан хамгаалахын гадаад харилцааны оруулсан хувь нэмэр нэн их юм. “Гуравдагч хөршийн бодлого” бол манай улсын геостратегийн ач холбогдлыг өсгөж, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын нийгэмлэгт манай улсын эзлэх байр суурь, хамаарлыг нэмэгдүүлэхэд тус дэм болж байгаад гол ач холбогдол нь оршино. Манай “гуравдагч хөршийн бодлого”-ын нэг тод илэрхийлэл нь ийнхүү цэргийн хамтын ажиллагаа байгаа, цаашдаа ч байх бүрэн боломжтой.

-Монгол Улсын Зэвсэгт хүчний гадаад хамтын ажиллагааны хүрээнд баримтлах бодлогын тухайд?

Гадаад харилцааны салбарт баримтлах бодлого, түүний чиглэлээ БХЯ зөв оновчтой хэрэгжүүлж байгаа гэж би үздэг. Тэгээд ч эрх зүйт төрт улсад гадаад хамтын ажиллагаа гэдэг нь хуулийн хүрээнд зохицуулагдаж, залгамж чанараа хадгалж явдаг учраас БХЯ-ны үе үеийн удирдлага түүнд хүчээ өгсөн болов уу хэмээн үздэг. Одоо Батлан хамгаалахын сайдаар өмнө нь Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан туршлагатай тулхтай улс төрч Нямаагийн Энхболд томилогдон очоод байгааг би хувьдаа нүдээ олсон томилгоо, зөв сонголт хэмээн бодож бэлгэшээж байна. Танай салбарын гадаад хамтын ажиллагааг тэрээр чухам олон шат ахиулж магадгүй. Дэлхий ертөнц эгзэгтэй, хэлж таашгүй, хурдтай өөрчлөгдөж, манай эргэн тойронд, бүс нутагт геополитикийн үл танигдах тоглолтууд хийгдэж байгаа нөхцөлд гадаад бодлого, гадаад харилцааны туршлагатай ийм хүн Танай салбарыг удирдахаар томилогдсонд баяр хүргэж, ажилд нь амжилт хүсэх байна.

-Дээрх асуултын хүрээнд дэлгэрүүлэхэд мөнхийн хоёр хөрштэйгээ харилцан хамтран ажиллаж байна. Зээл тусламж авахаас эхлээд боловсон хүчнээ сургаж байна. Гэхдээ энэ талд таны байр суурь сонин байна?

Хоёр хөрш улстай батлан хамгаалахын салбарт хэрхэн ажиллаж ирсэн түүхийг би гадарлана. Манай улс өнгөрсөн зууны эхэн үеэс Хаант Оростой, дараа нь Зөвлөлт Орос, Зөвлөлт Холбоот Улстай, 1950-иад оноос БНХАУ-тай цэргийн харилцаа тогтоож, хамтын ажиллагааны арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирсэн баялаг түүх бий. Коммунист дэглэм нурсны дараа Монгол, Оросын аль алин нь нийгмийн өөр байгуулалд шилжин Монголын нутагт байрлаж байсан Оросын цэрэг гарснаар хоёр улсын цэргийн харилцаа зогсонги байдалд орсон. Энэ харилцааг сэргээх эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор 1993 онд Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Цэргийн хамтын ажиллагааны тухай БХЯ-д хоорондын хэлэлцээр байгуулсан. 2000 оноос харилцаа сэргэж хоёр талын БХЯ, Зэвсэгт хүчний удирдлага, төрөл мэргэжлийн цэрэг, бүс нутгийн байгууллагын төлөөлөгчдийн айлчлал тогтмолжиж, Монголын талын хүсэлтийн дагуу ОХУ цэрэг-техникийн тусламж эргээд үзүүлж эхэлсэн. Түүнээс хойш хамтын ажиллагаа нь улам л өргөжин тэлсэн. Батлан хамгаалах салбарын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох цэрэг-техникийн хамтын ажиллагаа, тухайлбал зэвсэглэл, байлдааны техник, галт хэрэгсэл, түүний нийлүүлэлт, тээвэрлэлт гээд салбарт Оростой түлхүү ажилладаг болов уу. БНХАУ-тай 30 жил тасарсан цэргийн харилцаа 1990 онд сэргэх эхлэл тавигдаж, түүнээс хойш тасралтгүй хөгжиж ирсэн.БНХАУ-ын БХЯ 1993 оноос Монгол Улсын БХЯ-нд хүмүүнлэгийн буцалтгүй тусламж үзүүлж эхэлсэн, манайхны хувьд авсан нь ч тоймгүй их болсон байх. Ганц жишээ дурдахад “Бага-баян”дахь цэргийн амралтын газар “Энхийн төлөө төв”-ийг барьж 2012 онд ашиглалтанд оруулсан, түүний идэвхтэй нэг үйлчлүүлэгч нь би өөрөө учраас зориуд тэмдэглэн хэлж байна. Ер нь хоёр хөрштэй батлан хамгаалах салбарын харилцаа цэргийн болон хүмүүнлэгийн чиглэлээр эрчимтэй хөгжиж байна, цаашид цэрэг-техникийн чиглэлээр өргөжих ирээдүйтэй хэмээн үзэж байна.

-Харин сүүлийн үед зарим орнууд манайтай батлан хамгаалах салбарын хүрээнд хамтран ажиллах сонирхол их байна. Аль нэг орон гэлтгүй гэнэт харилцаагаа сайжруулах гэсэн, эсвэл тусламж дэмжлэг ихээр үзүүлээд эхлэх эрсдэлтэй байж болох талтай юу?

Ямар эрсдэлийг хэлж байгаа нь сонин байна. Манайхан өөрсдөө тэр их хамтын ажиллагаа, хэрэв туслаж дэмждэг бол тэр их тусламж дэмжлэгийг нь хүлээн авах бэлтгэлтэй, менежменттэй байх ахул ямар эрсдэл гарах билээ. Бид өөрсдөө хамтын ажиллагаандаа бэлэн байх ёстой. Хүний нөөцөө энэ чиглэлд бэлтгэсэн байх ёстой. Монгол-Катарын цэргийн хамтын ажиллагааг би үлгэр жишээч хамтын ажиллагааны хэлбэр хэмээн үздэг. Катар Улстай батлан хамгаалах салбарт харилцаа тогтоож, терроризмын эсрэг тэмцэх, энхийг сахиулах болон байгалийн гамшигтай тэмцэх ажиллагаа, цэргийн албан хаагчдыг сургах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байгааг би хэлж байна. Катарын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал Хамад Бин Али Абдулла Аль-Аттияа 2007 онд Монголд айлчилснаар хоёр улсын цэргийн харилцаа эхэлсэн гэж үзвэл энэ 10 жилд гайхам амжилтад хүрсэн юм билээ. Манай Жанжин штабын дарга нар ч Катарт айлчилж, цэргийн албан хаагчдыг сургах, хамтарсан дадлага, сургууль хийх, энхийг сахиулах, терроризмтой тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах боломжийн талаар хэлэлцэж “Монгол Улсын Зэвсэгт хүчин, Катар Улсын Зэвсэгт хүчин хоорондын хамтын ажиллагааны гэрээ” хүртэл байгуулсан байгаа. Энд би нэг ололтыг тэмдэглэмээр байна. Би өөрөө Каираас Катарыг хавсран Элчин сайдаар ажиллаж байхдаа монголын цэргийн алба хаагчдыг Катарт араб хэлний дамжаанд хамруулах талаар БХЯ-ны удирдах нөхөдтэй хамтран ажиллаж байсан, түүнийгээ би ололт хэмээн нэрлэж байна. Катарын тал Тавантолгой дахь сургалтын нэгдсэн төвийг сайжруулахад дэмжлэг үзүүлсэн, энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр Монгол, Катарын Зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургалт дадлагыг Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулсан, манай Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид Катар Улсад зохион байгуулагдсан олон улсын хээрийн сургуульд ажиглагчаар оролцсон, 2013 онд Катарын цэргийн сургуулийн сонсогчид манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хамтарсан цэргийн сургууль Монгол Улсын нутагт болж хоёр талаас нийт 300-аад цэргийн алба хаагчид оролцсон гээд жагсаагаад байвал ололт гэхээр олон арга хэмжээ байна. Бага жижиг улс мөн бага жижиг улстайгаа батлан хамгаалахын салбарт ингэж хамтран ажиллахаас өөрөөр яах билээ.

-Манай улстай батлан хамгаалах салбарт харилцаа тогтоон хөгжүүлье гэж байгаа шинэ улсад чухам ямар байр сууринаас хандвал зохилтой талаар Та тодруулна уу?

Манай улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байгаа улс орон олон болж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ тэдгээр улс нь бүс нутагтаа энх тайван, тогтвортой байдлыг хангах бодлогыг тууштай баримталдаг, олон улсын терроризмын эсрэг дэлхийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмждэг, оролцдог байх ёстой гэсэн зарчим баримтлах нь зүйтэй болов уу. Тийм улсуудтайэхний ээлжинд дэлхийн ба бүс нутгийн аюулгүй байдлын талаар харилцан мэдээлэл, санал солилцох, дараагийн ээлжинд болж өгвөл монголын цэргийн албан хаагчдыг тэдгээр улсад хэлний болон бусад сургалтад хамруулах, гурав дахь шатандаа терроризмын эсрэг тэмцэх, энхийг сахиулах болон байгалийн гамшигтай тэмцэх ажиллагааны хамтарсан дадлага, сургууль хийх гэхчлэн шат дараатай хамтын ажиллагаа өрнүүлж болох мэт. Гэхдээ бид өөрсдөө бэлтгэлтэй байх ёстой гэдгийг ямагт санаж мөрдөж явах хэрэгтэйг дахин давтан хэлье. Бүр зориул нэмж хэлэхэд эрсдэлийг монголчууд бид л өөрсдөө буй болгох гэмтэй. Гадаад олон түншид зэрэг зэрэг амлах, гадаад түншүүдийг хамтын ажиллагааны төслүүд дээрээ мөргөлдүүлэх, улс төрчид нь хувийн сонирхлоо гаргаж тавих, төрийн бодлоготой хувийн ба бүлгийн сонирхлоо хослуулахыг зорих, төр-засаг нь үе үе солигдож дараачийнх нь өмнөхөө үгүйсгэх, зээл тусламж, хөрөнгө оруулалтыг будлиантуулах гэхчлэн өнөөг хүртэл биднийг зовоож ирсэн дутагдлаа даруй засч арилгахыг би энд хэлж байна. Гэхдээ Танай салбарт ийм дутагдал гайгүй болов уу гэж итгэж байна.

-Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцсноороо Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж байна?

Дахиад 20 гаруй жилийн тэртээх түүх. “БХЯ цалингаа тавьж чадахгүй байхад чинь элэнцэгийн чинь энхийг сахиулах! Юугаа донгосоод байгаа юм! Юуны чинь монгол цэрэг Африкт алба хаах вэ? Хэн тийм юм бичээ вэ? Тэр Баярхүү гэж нөхөр юугаа солиороод байгаа юм бэ? Арми цалингаа ч тавьж чадахгүй байхад цэрэг Африк руу илгээнэ гэв үү? Манай энэ муу хэдэн халтар бор цэргийг хэн тоож алба хаалгадаг юм?” гэхчлэн 1990-ээд оны дундуур БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штабт сөрөг яриа өрнөж байсантай харьцуулбал энэ 20 жилийн дотор гайхамшигт дэвшил гарсан бус уу? Монгол Улсын олон улсын нэр хүнд, Монголыг дэлхийд таних зөвшөөрөх явдал зэрэг зэрэг өсч нэмэгдсэн. Манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд харьцангуй сүүлд хамрагдсан улс боловч НҮБ-д цэнхэр дуулгатанаа хандивладаг НҮБ-ын гишүүн топ 20 улсын нэг болж чадсаныг ололт гэхгүй өөрөөр юу гэхэв?

-Энхийг дэмжих ажиллагаа дахь оролцоо дахь цаашдын хандлагын талаар таны байр суурь?

Цаашдын хандлага гэдэгт би дээр нэг хэлснээ давтмаар байна. Дэлхий ертөнц эгзэгтэй, хэлж таашгүй, хурдтай өөрчлөгдөж, манай эргэн тойронд, бүс нутагт геополитикийн үл танигдах тоглолтууд хийгдэх болж байна. Энэ бүхэнд бид бэлтгэлтэй байх хэрэгтэй л гэж хэлэх байна. Манай энхийг сахиулагчид дэлхийн аль ч улс орон, бүс нутагт алба хаших чадвартай, хөрвөх чадвартай гэдгээ нотлон харуулж чадсан тул тэгтлээ айж мэгдэх, эрсдэх асуудал тулгарахгүй биз ээ.

-Монгол Улсын төвийг сахих бодлого баримталж байна. Үүнд Зэвсэгт хүчний оролцоо ямар байгаа бол?

Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг сөхөөд үзэж болно. Лавшруулан судлая гэвэл Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль,Төрийн цэргийн бодлогын үндэс зэрэг эрх зүйн актуудыг үзэж болно. Энэ бүхэнд нь төвийг сахих бодлогын үндсэн зарчмууд туссан байгаа. Монгол маань энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, тэнцвэртэй гадаад бодлого явуулдаг улс. Энэ маань улс орноо улс төр, дипломатын аргаар батлан хамгаалахаас өөр сонголтгүй ээ гэсэн үг. Манай мэт бага жижиг улс цэрэг-стратеги, геополитик, хатуу хүчний бодлогоор оролддоггүй. Бага жижиг улсын гадаад бодлого гэдэг маань ихэвчлэн зөөлөн хүчний бодлогоор хэрэгждэг. Гадаад бодлогын үзэл баримтлалд ч биччихсэн байгаа. “Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн.Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна. Дэлхий, бүс нутагт нөлөө бүхий улсуудтай харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийг зорихын хамт аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ.Олон улсын харилцааны хөгжил, дэлхийн болон бүс нутгийн улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад бодлогын чиглэл, зорилтыг уян хатан тогтооно.Монгол Улсад гадны цэргийн аюул занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх чиг шугам баримтална” гээд заачихсан байгаа шүү дээ. Аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ, цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй гэдэг чинь бүгд л төвийг сахинаа гэсний илэрхийлэл биш гэж үү? Дээр дурдсан хууль тогтоомж, үзэл баримтлалын дагуу л Зэвсэгт хүчин ажиллах ёстой болно. Зэвсэгт хүчний оролцоо яг тийм байх ёстой гэж энд, одоо нарийвчлах боломжгүй.

-Та тэгвэл ерөөсөө өнгөрсөн 27 жилд төвийг сахиад ирсэн гэж хэлэх гээд байнаа даа?

Өнгөрсөн 27 жилд ерөнхийдөө нээлттэй, идэвхтэй, прагматик, олон тулгуурт, нэг ёсондоо төвийг сахисан гадаад бодлого хэрэгжсэн гэж хэлж байна. Төвийг сахина гэдгээ анхлан Гадаад бодлогын үзэл баримтлалдаа хоёр хөршийн сөргөлдөөн дунд гэдгээр эвтэйхэн суулгаж өгсөн байдаг юм. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүний статусаа тунхаглан хэрэгжүүлсэн. Цөмийн зэвсгээс ангид бүс болсноо ч зарласан. Энэ бүхэн маань төвийг сахиx бодлогын маань бүрдэлүүд юм. Төвийг сахина хэмээн гадаад бодлогодоо хатуу тунхаглан зарлаж томъёолоогүй атлаа хэрэг дээрээ төвийг сахисаар ирсэн. Харин энэ далимыг ашиглан би өөрийн зүгээс энд юу хэлэх вэ гэвэл жил хагасын өмнө “Олон улсын харилцаан дахь байнга төвийг сахих статус, Монголын гадаад бодлого” гэх номоо уншигчиддаа өргөн барьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 9 дүгээр сард “Монгол–Төвийг сахих” өгүүллээ бичиж, түүнд төвийг сахих санаачилгаа дэвшүүлснээс хойш энэ санаачилгыг хэрэгжүүлэх талаар хийж ирсэн алхмууд, төвийг сахих талаар Монголд өрнөсөн бүтээлч мэтгэлцээний өнгө аяс, төвийг сахисан зарим улс орнуудын түүхэн туршлага, онцлог, зохиогч би өөрөө биечлэн түүхэн туршлагыг нь очиж танилцсан Швейцарийн төвийг сахисан бодлогын онцлог зэргийг энэ номдоо өргөнөөр тусгахыг тэр бүтээлдээ хичээсэн.  Мөн НҮБ-ын гишүүн бүх улс орнуудтай дипломат харилцаа тогтоох талаар манай улсаас явуулж буй дипломат чармайлтын түүхэн уг сурвалж, шалтгаан, өнөөгийн байдал зэргийг дэлгэрэнгүй түүхчилсэн хавсралтыг номдоо оруулсан. Ямар ч атугай төвийг сахих асуудлаар тусгайлсан бүтээлийн анхдагч нь миний энэ ном байсанболов уу.

-Төвийг сахих бодлогын талаар Та тэгэхлээр байнга дуугардаг дипломатч хүн байна. Х.Баттулга Ерөнхийлөгч энэ чиглэлийг үргэлжлүүлэн баримтлах шаардлагатай юу?

Энэ талаар ГХЯ ба Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөс тодруулбал Та бүхэнд илүү мэдээлэл очих байх. Миний үзэхээр тийм шаардлага нь тулгарах эсэхээс шалтгаалан баримтлах эсэх нь тодорхой болно. Бараг ч тулгарах байх. Монгол Улс ямар нэг олон улсын шинж чанартай маргаан, мөргөлдөөнд татагдан ороогүй байна. Гэхдээ яг тийм маргаанд оролцсон улс орнууд манай хөрш түнш улсууд байж таардаг. Олон улсын харилцаа хурцатвал “Чи хэний талд вэ?” гэх тулгалт, асуулт ирдэг. Монгол Улс байр сууриа тодорхой илэрхийлж, аль нэг талд нь зогсож болохооргүй асуудал энэ мэт олон тулгарч байна. Тэр үед л нөгөө шаардлага тулгарна шүү дээ. Миний мэдэх хоёр жишээ байна. 2015 онд Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 70 дугаар чуулган дээр төвийг сахих бодлогоо зарласны дараа яг тэр өдөр НҮБ-д “ISIL болон экстремизм, терроризмын эсрэг тэмцэл”-ийн асуудлаар дээд хэмжээний уулзалт болсон. Түүнд Монгол Улс оролцоогүй. Тэр үеэр АНУ-ын зүгээс ямар хүсэлт тавьж байсан бэ гэвэл, Сири, Иракт байлдаж байгаа АНУ тэргүүтэй “Лалын улс”-ын эсрэг олон улсын цэргийн хүчний эвсэлд манай улсыг оролцооч ээ гэдэг хүсэлт тавьсан. Уг эвсэлд 65 улс байгаа, 66 дахь улс нь болж оролцооч гэсэн. Гэхдээ Монгол Улсаас их юм хүсээгүй. Цэрэг оруул гээгүй, байлдуул гээгүй. “Монгол Улс” гэсэн нэрээ, төрийн далбаагаа ашиглуулна уу л гэж хэлсэн. Төрийн Департаментад ч ингэж ярьсан. Монгол Улс төвийг сахисан гэдгээ НҮБ-д зарласан учраас бид оролцох боломжгүй ээ хэмээн бид тайлбарлаад өнгөрсөн.Хэрвээ бид Ирак, Сири дэх “Лалын улс”-ын эсрэг эвслийн 66 дахь гишүүн гээд төрийн далбаагаа мандуулчихсан явж байсан бол лалын хэт даврагчид манай улсыг ямар хэмжээнд  үзэх вэ? Аль хэдийнэ террорист ажиллагааны талбар хэмээн онилчихсон байж мэднэ. Бельгийн Брюссель, Францын Парис, мөн Стамбул, Мюнхен, Ницце, Нью-Йорк хотуудад үйлдсэн халдлагуудаас эхлүүлээд гашуун сургамжийн олон жишээ бэлээхэн байна. Бас нэг жишээ.2016 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монголд айлчилсан. Тэрээр Монгол Улсын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийхдээ дэлхийн дүрвэгсдийн хямрал шийдэх асуудал дээр танай улс ямар үүрэгтэй оролцох гэж байна гэж асуугаад “Жил бүр 3000 дүрвэгчийг Сири, Иракаас хүлээн ав” гэж санал тавьсан. Хариуд нь“Манай улс төвийг сахисан статустай учраас бид анхнаасаа энд оролцоогүй юм” гэсэншүү xapиyлт өгөөд нэг удаа ам тагласан. АНУ-ын ТНБД-аас бас нэг санал тавьсан. Хэрэв 3000 дүрвэгч хүлээн авахгүй бол 5 сая ам.доллар төл гэсэн. Дүрвэгсдийг төрүүлсэн “Арабын хавар”, түүнийг өдөөсөн мөргөлдөөнд манай улс оролцоогүй хэрнээ 3000 дүрвэгч авах юм уу, эсвэл 5 сая ам.доллар жил бүр төлөх бололцоо бидэнд байна уу? Үүнийг л төвийг сахиснаараа нэг удаатаглаж өнгөрөөсөн дөө.

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа. Уучлаарай Та чинь ингэхэд бэлтгэл офицер юм байна. Хаана хэзээ цэргийн алба хааснаа сонирхуулаач?

Би бол 24-тэйдээ, их сургууль төгсгөөд нэг жил ажиллачихаад байхдаа Ардын армид татагдсан. Эхлээд 122-р ангийн карантинд сар хагасыг өнгөрөөгөөд Офицеруудыг бэлтгэх түр курсэд орж гурван сар хагас суралцсан, дараа нь дэслэгч цолоор шагнуулан томилолт авсан. Яг гурван жил 180-р ангийн Улс төрийн хэлтэст тусгай суртал нэвтрүүлгийн офицер байсан даа. Завсарт нь Монгол-Хятадын хилийн хэлэлцээнд орчуулагчаар явж түражилласан. 1980-1984 онд цэргийн жинхэнэ албанд байсан гэсэн үг. “Соёмбо” сонин өмнө нь “Улаан од”, “Тусгаар тогтнол” нэртэй байх үеэс би Танай сонинтой хамтран ажиллаж оны шагнал, БХЯ-ны Хүндэт жуухаар шагнуулж явснаа эргэн санахад сайхан байна. Иймд сонины уран бүтээлчдэд ажил хөдөлмөр, уран бүтээлийн гялалзсан амжилт хүсэн ерөөе!

Зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв 

 

Share Button

Сэтгэгдэлүүд

1 Сэтгэгдэл.
  • bat 59.153.113.253

    2017/12/05 at 19:45

    argagyi difolmaticn xyhdee kerriigiih shaxaltiig tahias oor xeh cn dursaxgyi b-gaa sh yy eebii icnej baigaa l daa

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


+ 4 = 5