“Гранд” сэтгүүлийнхэн 100 дугаараа тоймлон “Цэнхэр оймстууд” ном болголоо

Нийгэмд хийж бүтээсэн бодит зүйлтэй, өөрийн гэсэн орон зай дуу хоолойтой, тийм ч учраас хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн амьдралд баримталдаг зарчим, үзэл санаа, дотоод ертөнцийг нээсэн ярилцлага ямар ч цаг үед үнэ цэнээ алдахгүйгээр барахгүй тухайн цаг үеийнхээ түүх болон үлддэг. Эндээс залуу хойч үе, нийгэм олон нийт шинэ санаа, гэгээн өөдрөг үзэл, амьдралд итгэх итгэл олж авдаг нь ийм төрлийн ярилцлагуудын гол үнэ цэнэ байдаг. Чухам ийм үнэ цэнэтэй ярилцлагуудыг түүвэрлэж эмхэтгэсэн “Гранд хүмүүс” номыг 2012 онд “Гранд” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч М.Уранчимэг уншигчдын хүртээл болгож байсан бол энэ удаад хоёр дахь номоо “Цэнхэр оймстууд” нэртэйгээр гаргалаа.

Эхний номонд 34 хүний ярилцлага нийтлэгдэж байсан бол энэ удаад 43 хүний шилмэл ярилцлага, хөрөг, нийтлэл эссенүүд багтсан байн. Антропологич Д.Бум-Очир, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, яруу найрагч Ц.Хулан, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, философич Б.Батчулуун, түүхч Д.Өлзийбаатар, түүхч Т.Лхагва, яруу найрагч Р.Эмүжин,шашин судлаач Х.Янжинсүрэн, “Ажигана” компанийн захирал Э.Туул, зохиолч Б.Шүүдэрцэцэг, эзотерикч Н.Сома гэх мэт Монголын урлаг, соёл, улс төр, бизнесийн салбарын шилдгүүдийн ярилцлага “Цэнхэр оймстууд” номонд багтжээ.

“Цэнхэр оймстууд”-ын өмнөх номноос ялгарах онцлог нь ярилцлагуудаас гадна нэрний утга санаанд тохирсон хөрөг нийтлэл, орчуулгын материал, эссэ зэрэг сэтгүүлзүйн бусад төрөл жанрын материалууд орсноос гадна энэ нь зүгээр нэг ярилцлага, эссе нийтлэлийн түүвэр гэхээсээ илүү нийгмийг оюун санаа, эдийн засаг, бодлогын түвшинд түүчээлж авч явах ёстой оюун санааны элитүүдийг цэнхэр оймстууд хэмээн нэрийдэж, тэдний үзэл санаа, дуу хоолой нийгэмд хэрэгтэй байна гэж үзэж, энэ санааг тус номоор дамжуулан олон нийтэд хүргэхийг хичээсэн аж.

Оюун санааны хязгааргүй ертөнцөөр аялуулж, үзэл бодол, арга туршлагын арвин түүхээс хуваалцах “Цэнхэр оймстууд” таны гарт хүрлээ.

Уг бүтээлийг эмхтгэн гаргаж буй “Гранд”-чууд “Болор үзэг 2012”, “Best of Mongolia 2012, 2013”, Монголын сонины холбооны 2013 оны “Оны шилдэг сэтгүүл”, МСНЭ-ийн 2013, 2015 оны “Оны шилдэг сэтгүүл”-ээр тус тусшалгаран, уншигчдын талархлыг хүлээж, өөрийн гэсэн орон зайгаа бататгасаар байна. Мэдээллийн эрин гэгдэх өнөө үед нүсэр бичвэрээс зайлсхийх орчин үеийн уншигчдын хэрэгцээнд тохируулан фото зураг, баримт фактаар өгүүлэх бодит мэдээ, мэдээллийг нийтлэлийнхээ бодлого болгодог нь тус сэтгүүлийн бас нэг онцлог юм. “Гранд” сэтгүүлийн Нэг дугаарт 1-2 ярилцлага, асуудал дэвшүүлсэн 4-5 нийтлэл, сар тутмын тойм, сонгодог урлаг, дэлхийн алдар цуутай хүмүүсийн намтарчилсан хөрөг тус бүр 1-2, мэдээ мэдээлэл 35-55 нүүрээр тогтмол ордог. Түүнчлэн “Гранд”-ын нэг имиж болсон “Гранд би” буланд өөр өөрийн ертөнцтэй, хэвлэлд төдийлөн ам нээгээд байдаггүй ховор хүмүүсийг оролцуулахыг хичээдэг хамт олон юм.

Сэтгүүлийн анхны дугаар 2010 оны 10 дугаар сарын 12-нд гарч байсан бол өнгөрсөн 11-р сард 100 дахь дугаараа өлгийдөн авч, 100 дугаараа тоймлон уншигч та бүхэнд “Цэнхэр оймстууд” нэртэйгээр хүргэж байна.

Номын нээлтээс бэлтгэсэн фото сурвалжлагыг бид хүргэх болно.

Эх сурвалж: dorgio.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …