Дэлхийн цом: П.Орхон, А.Батцэцэг нар өрсөлдөгчөө цэвэр яллаа

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 1-2-нд ОХУ-ын Чебоксар хотод зохион байгуулагдлаа. 16 дах удаагийн тэмцээнд Монгол, Япон, ОХУ, БНХАУ, Швед, АНУ, Украйн, Азарбайжан гэсэн найман улсын баг хоёр хэсэгт  хуваагдан өрсөлдөж манай эмэгтэй бөхчүүд хүрэл медаль хүртлээ.

Чебоксарын дэвжээнд медальтай үлдэх үгүйгээ шийдэх хариуцлагатай барилдаанд бүсгүйчүүд маань үүргээ амжилттай биелүүлж, дэлхийн гурван удаагийн аварга Аделин Грей тэргүүтэй АНУ-ын багийг 5:3-гаар сөхрүүлэв. Сэм авгынхны эсрэг манайхаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Э.Сумъяа, А.Батцэцэг, Г.Отгонжаргал нар ялалт байгуулснаар Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомын тэмцээнээс гурав дахь (“Улаанбаатар-2013”-д мөнгө, “Санкт-Петербург-2015”-д хүрэл) медалийг эх орондоо авчирахад үнэлж баршгүй хувь нэмрээ орууллаа.

Энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээнд чөлөөт бөхийн отгон дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ А.Батцэцэг нар дөрөв барилдахдаа бүгдэд нь ялалт байгуулсан. Ялангуяа П.Орхон бүх өрсөлдөгчөө цэвэр яллаа. Түүнчлэн “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медаль медальт, дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг бэлтгэл дутуу байгаа харагдсан ч шийдвэрлэх барилдаанд АНУ-ын өсч яваа бүсгүй Тамыра Мынсаг туршлага заан 8:7-гоор ялж, дэлхийн энтэй бөх гэдгээ нотоллоо.

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …