ХДХВ, ДОХ-ын 249 тохиолдол бүртгэгдсэнээс энэ онд 23 халдвар илэрчээ

Энэ онд ДОХ-ын 23 тохиодол шинээр илэрчээ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ хүний дархлал хомсдолын вирүс, дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

2017 оны арваннэгдүгээр сарын 21-ний байдлаар, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Түүнчлэн энэ онд нас баралтын 5 тохиолдол бүртгэгдээд байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 99.1 хувь нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон аж.

Халдвар авсан хүмүүсийн 81 хувь нь эрчүүд 

Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой, эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдэлийг үгүйсгээд байна. Харин халдвартай 13 эхээс 19 хүүхэд төрсөн бөгөөд ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар нь авч үзвэл, 39.6 хувийг 25-34 насныхан эзэлж байна. Энэ мэдээллээс харахад ХДХВ, ДОХ-ын халдвар тээгчид улам бүр залуужиж байна гэлтэй. Тэр дундаа нэг халдвар тээгчийн ард 500 хүн халдвар авсан байж болзошгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд санууллаа.

ХДХВ, бусад бэлгийн замаар өвчилсөн эмэгтэйчүүдийн тал хувь нь биеэ үнэлэгчид

ДОХ-оос гадна иргэдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд тэмбүү, заг хүйтэн, трихомониаз өвчнүүд заналхийлж, өргөн хүрээг хамарч байгааг эрүүл мэндийн салбарынхан онцолж байна. ХДХВ (тэмбүү, заг хүйтэн, трихомониаз гэх мэт)-өөр өвчилсөн хүний дархлаа суларч ямар ч өвчнийг эсэргүүцэх чадваргүй болдог бөгөөд энэ үедээ ДОХ болон бусад халдварын өвчин, хорт хавдраар өвчилдөг байна.

Энэ оны эхний 10-р сарын байдлаар зонхилох бэлгийн замын өвчний судалгааг авч үзье. Нийт өвчлөлийн 29.9 хувийг заг хүйтэн, 40.9 хувийг тэмбүү, 29.1 хувийг трихомониаз, 0.1 хувийг ХДХВ/ДОХ-ын халдвар тус тус эзэлж байна. Мөн эдгээр өвчлөгсөдийн ихэнх нь биеэ үнэлэгчид байдаг бөгөөд халдвар авсан иргэдийн ХДХВ, ДОХ-ын 249 тохиолдол бүртгэгдсэнээс энэ онд 23 халдвар илэрсэн. Үүнээс эмэгтэй 20.2 хувь, эрэгтэй 79.8 хувь буюу 196 нь эрэгтэй. Эрэгтэйчүүд дотроо гетеросексуаль 20.8 хувь, трансжендэр 1.3 хувь, бисексуал 28.9 хувь, гей 49.0 хувийг эзэлжээ.

Соёлтой залуусын халаасанд дандаа бэлгэвч байдаг

Юуны түрүүнд та өөрийгөө эрсдэлээс хамгаалахын тулд ДОХ-ын талаарх мэдээллээ дээшлүүлж, хамгаалалтгүй бэлгийн хавьтлаас татгалзаж, халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх гэх мэтээс сэрэмжлэх хэрэгтэй. Эмч мэргэжилтнүүдийн зөвлөдөг хамгийн шилдэг арга бол бэлгэвчийг тогтмол хэрэглэж урьдчилан сэргийлэх нь чухал. Хүний амьдралд тааварлашгүй олон зүйл тохиолдож болох ч та өөрийгөө хамгаалаад л сурчих. Мөн халдвар авсан иргэдийн нас залуужиж байгаа нь тэдний мэдээлэл дутмагтай холбоотой. Тиймээс эцэг эхчүүд гэр бүл, үр хүүхэдтэйгээ ДОХ-ын асуудлаар нээлттэй ярилцаж бэлгийн боловсролыг дээшлүүлэх шаардлага тулгарч байна.

ДОХ-оор өвчилсөн нэг халдвар тээгчийн ард 500 хүн эрсдэлд ордог гэсэн судалгаа бий. Иймд уг өвчний цонх үе буюу халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл 3 сар өнгөрдөг ба энэ хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй тул ХДХВ оношлогдохгүй. Энэ үеийг “Цонх үе” гэдэг. Иймээс ямар нэг эрсдэлд орсон бол 3 сарын дараа дахин шинжлүүлэх хэрэгтэй. Хэрэв халдвар авсан тохиолдолд ХӨСҮТ-өөр дамжуулан шаардлагатай эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой байдаг ч өөрийгөө хамгаалах боломж хүн бүрт бий.

ХДХВ/ДОХ эмчлэгдэх үү?

Сүүлийн жилүүдэд ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд ихээхэн дэвшил гарч буйг ХӨСҮТ ДОХ БЗДХ-ын тандалт судалгааны алба онцоллоо. Уг эмчилгээний тухайд товчхон өгүүлбэл Ретровирусийн эсрэг эм (РВЭЭ) байнга шинэчлэгдэн сайжирч ХДХВ-ийн халдвар нь эмчилгээтэй архаг халдварт өвчний ангилалд хамаарах болжээ. Эмчилгээний үр дүн нь ретровирусийн эсрэг эмэнд дасал үүсэхээс сэргийлж эмээ цаг тухайд нь таслалгүй тогтмол ууж хэвших, эрүүл амьдралын хэв маяг (Архи тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх, биеийн тамираар хичээллэх, эрүүл зөв хоололт) зэргээс хамаарна. РВЭЭ-ний үндсэн зарчим нь эмчийн зааврын дагуу эмийг тууштай хэрэглэснээр эмчлэгдэх боломж бий. Эрүүл амьдрах эсэх нь гагцхүү танаас л шалтгаална.

Э.Ариун

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …