Москва хотноо “Монголын кино өдрүүд” болно

Энэ сарын 29-өөс арванхоёрдугаар сарын 03-ны өдрүүдэд Москва хотноо “Монголын кино өдрүүд” зохион байгуулагдана.

Монгол Улсын БСШУСЯ болон ОХУ-ын Соёлын яам хоорондын соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөө, 2016 оны арваннэгдүгээр сард БСШУС-ын сайд Ж.Батсуурийн ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийтэй байгуулсан протоколын хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Арга хэмжээг ОХУ-ын Соёлын яамтай хамтран, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр БСШУСЯ зохион байгуулж байна.

Кино өдрүүдээр Монголын нэр бүхий таван найруулагчийн найруулсан “Аав”, “Алсын удирдлага”, “Шарга даага”, “Зангараг”, “Бид гурвын болзоо” зэрэг уран сайхны киног ОХУ-ын “Госфильмфонд”-ын “Иллюзион” кинотеатрт толилуулна. Найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Аав” уран сайхны киногоор арга хэмжээний албан ёсны үйл ажиллагааг нээнэ.

ОХУ-ын Москва хотноо болох “Монголын кино өдрүүд” арга хэмжээнд Монгол Улсын БСШУСЯ-ны төлөөлөл болон “Аав” киноны найруулагч Г.Эрдэнэбилэг, “Алсын удирдлага” киноны продюссер Ц.Ариунаа, “Шарга даага” киноны найруулагч Ч.Хоролдорж, “Аав”, “Шарга даага” киноны гол дүрийн жүжигчин Ц.Цэрэнболд, “Бид гурвын болзоо” киноны продюссер болон “Алсын удирдлага” киноны гол дүрийн жүжигчин О.Гэрэлсүх нар оролцох юм.

Эх сурвалж: БСШУСЯ

 

 

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …