Монгол бахархлын өдөр

17/11/19 01:09

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч  асан Ц.Элбэгдорж эрдэмтдийн судалгааны үр дүн, Монгол Улсын ШУА-ийн өргөн барьсан саналыг үндэслэн бахархлын өдрийг тэмдэглэж байх тухай зарлигийг 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гаргасан. Тус зарлигт  Эзэн богд Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байх тухай заасан билээ.

Түүнээс хойш энэ жил 6 дахь удаагаа “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэж  байна. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд жил бүр өөр өдөр тохиож байгаа юм. Энэ жилийн хувьд тус өдөр 11 дугаар сарын 19-ний өдөр тохиож байна.

XIII зуунд Чингис хаан тархай, бутархай оршиж байсан монголчуудаа нэгтгэн Их Монгол улсыг байгуулсан бөгөөд улс байгуулсны гол ач холбогдол нь бүх монголчууд нэгэн төрийн жолоонд нэгдсэнээр, дотооддоо эв нэгдэл батжин хүчирхэгжиж, олон улсад Монгол улсын нэр хүнд өсч дэлхийн түүхийн тавцанд бие даасан Монгол улсыг гаргаж ирсэнд оршино.

Чингис хаан өөрийн улсыг байгуулаад зогссонгүй Евразийн тал нутагт оршин байсан улс орнуудыг байлдан дагуулж нэгтгэн Монголын эзэнт гүрнийг байгуулсан билээ. Тус гүрэн 200 гаруй жил оршин тогтнож дэлхийн түүхэн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулжээ. Ингэснээр хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн хорин нэгэн зуунаас хоёрыг нь монголчуудын зуун болгож чадсан юм.

Харь улс орнуудыг байлдан дагуулах явцад хүний амь нас хохирч, соёлын үнэт зүйлс тодорхой хэмжээнд эвдэрч сүйтгэгдсэнийг үгүйсгэх аргагүй. Гэсэн хэдий ч  Монголын эзэнт гүрэн сэргээн босгох, хөгжүүлэн цэцэглүүлэх ажлыг тасралтгүй хийсэн билээ.

Чингис хаан өрнө, дорныг холбосон Торгоны замыг сэргээж, аюулгүй байдлыг нь ханган, урьд өмнө байгаагүй өртөө, шуудан холбоог шинээр үүсгэн буй болгосон нь улс түмнүүдийн харилцан ойлголцох, нэвтрэлцэх, ахуй, соёлын талаар бие биеэсээ суралцах, эдийн засаг, худалдаа, соёлын харилцан холбоог өргөжүүлэхэд чухал  түлхэц үзүүлсэн юм.

АНУ-ын “Вашингтон Пост” сонин 1996 онд Чингис хааныг “Хоёрдугаар мянганы түүхэн хүн” хэмээн зарлаж, 2005 оны 11 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгай тогтоол гаргав. Энэ тогтоолд нүүдлийн соёл иргэншил нь худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлж, захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэмдэглэжээ. Уг тогтоолын дагуу ХБНГУ, Австри, Унгар зэрэг олон оронд “Чингис хаан ба эзэнт гүрэн” сэдэвт үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр өргөн дэлгэр тэмдэглэсэн байдаг.

Чингис хааны түүхэн гавьяа зүтгэлийг дэлхий дахинд ийнхүү өндрөөр үнэлж байгаа нь түүний үр хойчист их эзэн хаанаа санан дурсах, үйл хэргээр нь бахархах сэтгэлийг эрхгүй төрүүлж байна.

Монголчууд бид жил бүр их эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг “Монгол бахархалын өдөр” болгон тусгайлан тэмдэглэх болсон явдал нь Чингис хаан төдийгүй, монголчуудын түүх, соёлыг дэлхийн олон орны ард иргэдэд үнэн зөвөөр ойлгуулах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зэрэг ач холбогдолтой.

Share Button

Сэтгэгдэлүүд

1 Сэтгэгдэл.
  • zochin 202.9.40.204

    2017/11/19 at 13:53

    БИД ХЭРВЭЭ ӨВӨГ ДЭЭДСЭЭРЭЭ, ӨНГӨРСӨН ҮЕЭРЭЭ БАХАРХАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ХҮМҮҮС НЬ ХҮН ШИГ, УЛС ОРОНОО УЛС ШИГ БОЛГОЖ БАЙЖ ГЭМЭЭНЭ БАХАРХАЖ БОЛНО. ТҮҮНЭЭС БИШ ӨНӨӨГИЙН БАЙГААГААРАА БАХАРХАХ БИШ ЖИГШИН ЗЭВҮҮЦЭХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ БАЙНА.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


− 3 = 6