Б.Хурцаас  “айх” шалтгаан ба  “төрөөс төрсөн тэрбумтнууд”-ын үнэн төрх

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 11 сарын 15-ны өдрийн хуралдаанаар ТЕГ-ын дарга асан  Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцсэн. Холбогдох хуулийн дагуу Ерөнхийлөгч Засгийн газрын уг саналыг дэмжиж, 11 дүгээр сарын 8-нд УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн юм.

Уг асуудлыг тус байнгын хороо хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Л.Болдын асуусан асуулттай холбоотойгоор  эгдүүцсэн Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц гишүүнийг өмнө нь Батлан хамгаалахын сайд байхдаа зэвсэгийн наймаа хийсэн, түүнээс нь болж Хойд Солонгос улсад албан тушаалтан шийтгүүлсэн, зэвсгийн төлбөр болох 300 000 ам доллараа  нэхэмжилсэн тухай ярьсан. Тэр цааш хэлэхдээ та шудараг хүн үү, би үргэлжлүүлэн ярих уу гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн асуусан асуултанд хариулахдаа мөн л “Миний өмнөх ажилтай холбоотой асуулт байна. Би хариулчих юм уу яах юм гишүүдээ? Хариулчих уу гишүүдээ?” хэмээн тэднийг “сүрдүүлсэн”.

Товчхондоо бол Б.Хурц их том байна. Тэгвэл хэн түүнийг ийм том болгоо вэ? Нэг талаас нь харвал түүнийг том байх шалтгаан бол ердөө л “олон жил төрийн эрх мэдлээр дамжуулж, төрийн өмч хөрөнгөнөөс хувьдаа завшиж, тэрбумтан болтлоо идэж уусан улстөрчид өөрсдөө”.

Нөгөө талаас  Б.Хурцыг  төрийн нууцтай холбоотой  онц чухал албан тушаалуудад ээлж дараалан томилж,  түүний эрхэлж  байсан АТГ болон ТЕГ-ын шугамаар  олж авсан мэдээллийг өөрсдийн зэвсэг болгон ашиглаж ирсэн “Томоос том албан тушаалтнууд”  буруутай.
Б.Хурцад УИХ-ын 76 гишүүн байтугай яам газрын дарга, аймгийн дарга нарыг хангалттай хэмжээнд “атгаж” чадах  “Но-той, ноцтой” мэдээллэл хангалттай бий. Үүнийг нь гадарлах, мөн өөрийн явж ирсэн улс төрийн замнал нь дардан биш  УИХ-ын зарим  гишүүд хэрхэн сандарч байгааг бид зурагтаар харсан. Зарим нь бүр “Хурц гишүүн” гэж сандран түгдчин хэлж байгаа нь харагдсан.

Б.Хурц угтаа бол  тангараг өргөсөн төрийн албан хаагч. Тэр тангарагт нь “төрийн  ажлын гүйцэтгэлийн явцад олж авсан мэдээллээ хувийн зорилгоор ашиглахыг хориглосон” заалт бий. Гэвч тэр ажлынхаа шугамаар олж авсан мэдээллээ эргээд УИХ-ын гишүүдийг шантаажлан Элчин сайдаар томилогдохдоо хэрэглэсэн нь харамсалтай.

Б.Хурцыг анх дэмжиж өдөө зэрэгт хүргэсэн бол Монгол улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж асан. Тэрбээр албан тушаалаасаа буусан ч МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд энэ хүнийг “оролдолгүй” өдийг хүрсэн. Б.Хурц АН засаг барьж байхад АТГ, ТЕГ-т өндөр алба хашиж байсан шигээ 2016 оноос хойш МАН төр барьсан цаг үед ч гэсэн  ажлаа хийж л байсан. Миний ойлгодогоор ТЕГ бол Гүйцэтгэх засаглалын нүд чих, сонор болсон гол байгууллага.

Тиймээс аль ч үед Засгийн байгуулагдаад энэ байгууллагын удирдлагыг өөрчилдөг. Гэтэл 2016 онд МАН ялж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсан боловч Б.Хурц албан тушаалдаа хэвээр үлдсэн. Дараа нь өнгөрсөн намар У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан. Ингэж тэр солигдохоор болсон. Гэнэт Б.Хурц дарга албан тушаалаа өгөхийнхөө өмнө Эрдэнэтийн асуудлаар өөрийн биеэр хэвлэлийн хурал хийж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг буруутгаж байсан.

Миний мэдэхийн аливаа улсын ТЕГ-ийн дарга нь улс төрийн сэдэв, асуудлаар хэвлэлийн хурал хийгээд өөрийн биеэр тайлбар өгөөд сууж байгааг ойлгох ухаан хүрээгүй.

Уншигч та энэ бүхнийг анзаараад түүний цаана хэн байгааг гадарласан гэж найдаж байна.

Б.Хурц үнэхээр ТОМ байна. Түүнийг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжсэн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар дэмжсэн. УИХ-ын хуралдаанаар ороод хэл амтай хойшилсон. УИХ-ын гишүүд Б.Хурцын нүднээс дальдарцгааж, ордонд түүнтэй халз тулахаас эмээж байгаа нь бодит үнэн гэлтэй.

Гэсэн хэдий түүнийг элчингээр томилуулах асуудлыг УИХ дэмжинэ гэдэгт итгэж байна. Яагаад гэвэл түүний хойно ТОМ хүмүүс, бас том баримтууд байгаа.

Б.Хурцын асуудал хурцдахдаа хүрвэл МАН, АН-ийн томчууд өөрсдөө хөлд нь чирэгдэнэ гэдгээ мэдэж байгаа. Ийм л учраас тэд Б.Хурцаас айж эмээж байна. Тэгэхлээр нэг их удахгүй Б.Хурцыг  БНСУ-д суух Элчин сайдаар УИХ-аас  төвөггүйхэн томилно гэдгийг хэлчихье.

Энэ бол төрөөс  төрсөн тэрбумтнуудын  түүнд барих өрөө төлж буй хэлбэр, бас “шагнал”.

 Ц.Мөнх

 

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …