Б.Баатарсүх: Томуу, томуу төст өвчинг дур мэдэн эмчилснээс болж хүндэрсэн тохиолдол их байна

Ханиад томуу ихсэж байгаатай холбогдуулж урьдчилан сэргийлэх, нэгэнт хүрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчний тандалт, урьдчилан сэргийлэх албаны дарга Б.Баатарсүхтэй ярилцлаа.

-Нийслэлд томуу болон томуу төст өвчний тархалт ямар хэмжээнд байна вэ?

-Нийслэлийн эрүүл мэндийн газрын сүүлд хийсэн статистик мэдээллээр нийслэлийн хэмжээнд дотоодын үзлэгт орсон нийт хүмүүсийн 3.6 хувь нь томуу болон томуу төст өвчтэй хүмүүс байна гэсэн мэдээлэл гарсан. Томуу болон томуу төст өвчнийг хэд хэдэн чиглэлээр тандаж судалдаг. Голдуу хэдэн насны хүмүүс үүгээр өвчлөөд байгааг гаргаж ирдэг. 0-9 насны хүүхдүүд нийт томуугаар өвчилсөн хүний 86 хувийг эзэлж байгаа. Түргэн тусламж дуудсан нийт хүмүүсийн 33 хувь нь томуу болон томуу төст өвчтэй байгаа мэдээлэл гарсан. Мөн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа нийт хүний хэдэн хувь нь томуугаар өвдсөнийг тандаж судалдаг.

-Томуу болон томуу төст өвчин ямар вирусээр илэрч байна вэ?

-Ямар төрлийн вирусээр ханиад томуу үүсгэгдэж байна вэ гэдгийг Халдварт Өвчин Судлалын Төвийн лабораторид тогтоодог. Томуугийн A, B вирус байхгүй байгаа. Тархаад байгаа өвчлөл томуугийнхаас өөр төрлийн вирусээр үүсгэгдсэн байна. Томуу төстэй вирус болох адино, рино гэх мэт хэдэн төрлийн вирусээр үүсгэгдсэн өвчлөл их байна.

-Томуу томуу төст өвчин ямар шалтгаанаас үүсдэг вэ?

-Ихэвчлэн хүйтнээс улбаалж амьсгалын замын өвчин дэгддэг. Хүйтнээс болж амьсгалын замын салст бүрхэвч цочрох, дархлаа сулрах гэх мэт олон шалтгаанаас хүн вирус авч болно. Тархаад байгаа томууг бид улирлын томуу гэж нэрлэдэг. 9 сараас дараа оны 4, 5 сар хүртэл үргэлжилдэг зүй тогтол яваад байгаа.

-Ханиад, томуугийн ялгааг хэлж өгнө үү?

-Томуу, томуу төст өвчин ханиах, халуурах гэх мэт шинж тэмдгээр илэрдэг. Үүнийг манай Монголчууд ханиад гэж нэрлэчихсэн. Энэ нь амьсгалын замын халдварт өвчин. Томуу амьсгалын замын хурц үрэвслийг үүсгэдэг вирусээр үүсгэгддэг бол томуу төст өвчин нь дээр дурдсан бусад төрлийн вирусээр үүсгэгддэг.

-Зориудын вакцинжуулалтад ямар хүмүүсийг хамруулдаг болон сайн дурын вакцинжууалтад хэрхэн хамрагдаж болох талаар тайлбарлана уу?

-Уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга нь вакцинжуулалт буюу дархлаажуулалт. Вакцин хийснээр тухайн хүнд ханиад томууг эсэргүүцэх дархлаа үүсдэг. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд хэд хэдэн чиглэлээр дархлаажуулалт хийж байгаа. Нэгдүгээрт өвчлөл, агаарын бохирдол ихтэй дүүргүүдийн цэцэрлэгийн хүүхдүүд, багш нар, өвчлөх эрсдэлтэй, эмзэг бүлгийн жирэмсэн эхчүүд, өндөр настнууд, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүсийг зориудаар дархлаажуулалтад хамруулж байгаа. Хоёрдугаарт тухайн хүн өөрөө хүсэх юм бол тодорхой төлбөр төлөөд (10,000 төг) хамрагдах боломжтой сайн дурын дархлаажуулалтыг Халдварт өвчин судлалын төвийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад хийж байгаа. Ямар нэг халдварт өвчнөөр өвдөөд халуурсан хүн эдгэснийхээ дараа хамрагдах боломжтой. Дээр нь вакцинд харшилтай, вакцинд хамрагдаад сар болоогүй хүмүүс хамрагдахгүй.

-Эцэг эхчүүд дур мэдэн хүүхэддээ эмчилгээ хийсний улмаас эмнэлэгт хүндэрч очих тохиолдол их байгаа. Томуунаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Үүнээс сэргийлэх хамгийн гол арга бол вакцинжуулалт. Дараа нь гэр орондоо эрүүл ахуйн дэглэмийг барьж, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, хувийн эрүүл ахуйгаа сахих, маск хэрэглэх зэрэг нь томуугаас урьдчилан сэргийлэх арга болдог. Агаарын бохирдол ихтэй үед гэр доторх агаарын чанарыг сайжруулах чухал. Мэдээж чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарын бохирдол бага үед агаар оруулах хэрэгтэй. Дээр нь гэр орон, анги танхим, ажлын байр болон эмнэлэгт агаар шүүгчийг ажиллуулж агаараа цэвэршүүлэх чухал. Дараад нь нэгэнт томуу туссан бол олон нийтийн газраар бага явах хэрэгтэй. Амин дэмээр баялаг хоол идэж, ус сайн уух хэрэгтэй. Сармистай шөл, аарц, аньс нэрсийн шүүс уух мөн хэрэгтэй. Мөн дур мэдэн эмчлэхээс зайлсхийж эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөмөөр байна.

Ярилцсанд баярлалаа.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …