Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төслийг нийслэл хотын хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо

Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар  Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцэж дэмжих тогтоол гаргалаа.

Түрээсийн орон сууцны асуудал бол нийгэмд хүлээлт үүсгээд байгаа асуулуудын нэг. Тиймээс энэ асуудлын төслийг НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, Ханын материал орчимд “Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж нийслэлийн иргэдийг орон сууцаар хангах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн засаг даргад  даалгалаа.

            “Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл” нь нийт таван байршилд төсөл хэрэгжих бөгөөд  зөвхөн Ханын материалд баригдах орон сууцны тухайд гэхэд  айл тус бүр 33-75 мкв хэмжээтэй нь 1002 өрх  байх юм.  Иргэд сард 300-350 мянган төгрөг төлөөд 15 жилийн дараа өөрийн болгох эсвэл ипотекийн зээлэнд хамрагдаж  байраа авах боломжтой гэдгийг холбогдох байгууллагын  мэргэжилтнүүд тайлбарлалаа. Иргэдийн сар бүр төлөх түрээсийн үнэнд банкны хүү мөн багтсан байхаар тооцжээ. Өнөөдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудал дэмжигдснээр төслийн ажил шууд эхлэх боломж бүрдлээ. Газар шорооны ажил нь ирэх хавар эхэлж 2018 оны намар  “Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл”-ийн эхний орон сууцнууд ашиглалтанд  орох юм байна.

Зах зээл дээр 40-50 мянга гаруй байр борлогдохгүй байна гэсэн тоон мэдээлэл байдаг  боловч энэ нь бодит тоо биш  гэдгийг мэргэжилтнүүд дурьдаад хамгийн сүүлийн судалгаагаар нийт 16 мянга орчим  борлогдоогүй байр байна. Эдгээр нь өндөр өртөг бүхий том мкв-тай орон сууцууд байна гэж НОСК мэдэгдлээ. Тиймээс аль болох иргэдийн орлогод нийцсэн эко орон сууц, түрээсийн орон сууц төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг  НИТХ-ийн тэргүүлэгчид дэмжиж шийдвэр гаргалаа.

Энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд тавигдах шалгуур шаардлагууд нь түрээсийн орон сууцны журам,  орон сууцны дэд хөтөлбөрт нарийн тусгагдах болно гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

НИТХ-ын хэвлэл мэдээллийн алба

Санал болгох мэдээ

Боловсролын зээлийн сангаас зээл авсан ч төлөөгүй иргэдийг зээлээ хүүтэй нь төлөхийг шаардлаа

​Монгол Улсын иргэн О.Батнайрамдал өнөөдөр (2024.04.22) Улсын Ерөнхий Прокурорын газарт хандан Боловсролын зээлийн сангаас боловсролын …