Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбоо салбарын ажилтнуудын ажил хаялтыг орон даяар зохион байгуулахаар болжээ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээрийн хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлэх талаар хэлэлцээрийн талууд тохиролцоонд хүрээгүйн улмаас Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооноос 2017.11.13-ны өдрөөс салбарын ажилтнуудын ажил хаялтыг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж, шийдвэрлүүлнэ” гэсэн 3.2 дахь заалтын хэрэгжилтийг шаардаж хөдөлмөрийн хамтын маргааныг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үүсгэсэн.

Уг маргаантай асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн дагуу зуучлагчийн оролцоотой хэлэлцсэн боловч зуучлагчийн зөвлөмжийг хэлэлцээрийн талууд хүлээн аваагүй болно.

Хөдөлмөрийн арбитрыг дүүргийн Засаг дарга ажлын гурван өдрийн дотор байгуулж ажиллуулах үүрэгтэй байдаг. Гэтэл дүүргийн Засаг даргын зүгээс Нийслэлийн Засаг даргын 2017.10.27 ны өдрийн А/811 тоот захирамжийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж хөдөлмөрийн арбитрыг байгуулан ажиллуулаагүй байна. Засгийн газрын зүгээс ч маргааныг хөдөлмөрийн арбитраар хэлэлцүүлэх шаардлагагүй гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа.

Иймд тус холбооны зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.1.1 дэх заалт буюу “Ажил олгогч энэ хуулийн 116.1-д заасан эвлэрүүлэх арга хэмжээнд оролцох үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр ажил хаялтыг зохион байгуулж байна.

Мөн ҮЭ-ийн зүгээс холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж байгаа ажил хаялтад хөндлөнгөөс оролцсон, ажил хаялтыг зогсоохыг шаардсан хууль бус шаардлагыг биелүүлэхгүй байхыг шаарджээ.

Мэдэгдэл, шаардлагыг төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нарт хүргүүлжээ.

 


Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …