“Хүү минь эрүүл ирээсэй”

   “Миний хүү яриа хөөрөө сайтай, хүнтэй аятайхан харьцчихдаг, уугаагүй үедээ ажилсаг хүн.  Архи уухаараа л хүнээ байчихдаг юм” гэж ярих энэ эмэгтэйг Сараа /хувь хүний аюулгүй байдал, нэр хүндийг хамгаалах үүднээс нэрийг өөрчилсөн болно/ гэдэг. Түүний хүү архидан согтуурсан үедээ агсам тавьж, ээжийгээ зүй бусаар хараан доромжилдог байж. Харин Сараа сэтгэл санааны дарамт үзүүлэх нь гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (ХЭҮТ)-ийн Хамгаалах байранд ирэх хүртлээ мэддэггүй байжээ. “Хүү минь эрүүл ирээсэй” гэж бодсоор 10 гаруй жилийг үдсэн тухайгаа тэрбээр ярьж сууна:

–    Одоо бодох нь ээ, хүчирхийлэл дунд олон жилийг  тэвчиж өнгөрөөжээ. Хамгийн сүүлд хөл нүцгэн гэрээсээ гарч Хамгаалах байранд ирсэн. Хүү минь байнга архи уудаг. Зодож, цохихгүй ч үргэлж дарамталж, загнаж сүрдүүлдэг байсан. Энийг хий, тэрийг хий гэж зааж тушаасан, дээрэнгүй өнгөөр надтай харьцдаг. Согтуу байхдаа элдвээр харааж, “П…” гэдэг үгийг байнга хэлдэг. Сүүлдээ намайг “П…” гэдэг бил үү гэж бодогдох болсон” гээд санаа алдаж, хэнд итгэж амьдрахаа мэдэхгүй байгаагаа учирлав.

Бие махбодид нь гар хүрч гэмтэл учруулаагүй боловч үг хэлээр доромжлох, харааж зүхэх зэргээр өөрийнхөө эрхэнд байлгах зэрэг нь гэр бүлийн хүчирхийлэлд тооцогдоно. Өмнө нь архидан согтуурсан, танхайрсан иргэдийг Захиргааны хуулийн дагуу торгох, баривчлах арга хэмжээ авдаг байсан. Тодруулбал, гэртээ агсам тавьсан иргэнийг долоогоос 30 хоног баривчлан, таваас 15 мянга хүртэлх төгрөгөөр торгодог байжээ. Гэр бүлийн хоёр эвлэрсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгодог байв.  Харин өнгөрсөн хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн шинэчилсэн найруулгад үүнийг “Гэмт хэрэг” хэмээн тооцож, тусдаа зүйл ангитай болгосон байна. Ингэснээр хүчирхийлэгч урьдын адил торгууль төлөөд өнгөрөх биш, хуулийн өмнө хариуцлага хүлээдэг болжээ. Мөн хохирогч гомдлоо буцааж татсан ч,хүчирхийлэгчтэй  эвлэрсэн ч  тухайн хэргийг хянаж, шийдвэрлэх үйл ажиллагааг зогсоох үндэслэлгүй болсноороо онцлог юм.

Аливаа хууль, дүрмийг батлах нь эхний алхам байдаг бол түүнийг хэрэгжүүлэхэд иргэдийн хандлага хамгийн чухал болохыг ХЭҮТ-ийн захирал Д.Энхжаргал онцлон хэллээ. Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хэлтэс тус төвтэй хамтран ажилладаг бөгөөд хохирогчдод хуулийн зөвлөгөө өгөх, гэрлэлт цуцлах зэрэг олон асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгдөг байна.

“Үр минь”  нэг өдөр архинаас гарна гэсэн итгэл дүүрэн он жилүүд Сараад байсан.Яахаа мэдэхгүй байгаа түүнд сэтгэлийн дэм өгч, урам хайрлах, үүсээд байгаа асуудлаас гарах арга замыг зөвлөх хүмүүсийн нэг нь мэргэжлийн сэтгэл зүйчид юм. Тэд хүчирхийллийн хохирогчдыг шүүмжилдэггүй, асууж байцааж шалгаадаггүй, харин тэдэнтэй ярилцаж асуудлын гүн рүү нэвтрэн учир шалтгааныг олохыг хичээдэг байна. Энэ талаар ХЭҮТ-ийн мэргэжилтэн Г.Түвшинжаргалаас тодруулахад:

  • – Гэр бүлийн хүчирхийллийг хамгийн ойр дотны, хайртай хүний зүгээс үйлддэг учраас хохирогч сэтгэл зүйн хувьд төөрөгдөлд орж, хүчирхийлэл зогсох байх гэж итгэж найдаж, эсвэл энэ чигээрээ амьдрал үргэлжилвэл яана аа гэсэн айдас түгшүүрт автаж байдаг. Төрсөн хүүгийнхээ хүчирхийлэлд өртөж байгаа эх хүн хүүгээ цагдаад хэлж гэмт хэрэгтэн болгоод яах билээ, хүн сонсвол доог тохуу хийх байх хэмээн ичиж, эмээж, ийм болсон нь “миний буруу” гэж  өөрсдийгөө буруутгадаг. Ер нь хүчирхийллийн хохирогчид бүх зовлон шаналалын  бурууг өөртөө тохох нь элбэг. Энэ нь нийгэмд байдаг хохирогчийг буруутгах хандлагаас үүдэлтэй. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг ойлгох, сонсох, дэмжих, хаана хандаж арга хэмжээ авахуулж болох талаар  гарц гаргалгааг хэлж өгөх  хэрэгтэй гэв.

Сараа ойр дотнын найз нөхөд, хамаатан саднаасаа хол байхыг хүсдэг гэнэ. Яагаад гэвэл хүү нь тэднийг давхар дарамталдаг. Согтуу очиж агсам тавина, гэр орныг нь үймүүлж бусниулна. Тиймээс Сараа хэнтэй ч уулздаггүй. “Хүүгээ хань ижилтэй болоосой гэж би хүсдэггүй ээ. Өөрийнхөө зовлонг хүний сайхан охинд үүрүүлээд яах вэ гэж боддог” гээд тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө хүүгээ хувцаслаж, хооллож, уух архийг нь хүртэл авч өгдөг байсан талаараа ярилаа.

Түүний хүү хулгай дээрмийн хэргээр таван жилийн хорих ял эдэлж байжээ. Тэр үед Сараа хүүгээ “хэцүү газар” орсон болохоор ухаан суугаад, хар ус уухаа болих байх гэж бодож,итгэж байв. Гэсэн ч түүний  сэтгэлийн зовиур шаналал  арилсангүй. Учир нь, хүү нь үргэлж утсаар ярьж мөнгө нэхнэ. Хувцас, хоол, тамхи гээд захихгүй зүйл байхгүй.  Тухайн үедээ сэтгэл санааны болон  эдийн засгийн хүчирхийлэлд өртөж байснаа Сараа ухаараагүй  байж.

“Уг нь хорих анги хатуу чанга баймаар юм. Цагдаа нарыг муу байна гэж байгаа юм биш шүү. Манай хүүгийн л заль мэх байх. Өдөржин утсаар дарамтална. Ийм зүйл авчир, одоо ирэхгүй бол ална шүү гээд л уурлана. Тэтгэврийн хэдэн төгрөгөө зээлж аваад л очдог байлаа” хэмээн Сараа яриад, “Тэндээс суллагдсан ч засраагүй. Ааш зан нь улам эвдэрч,гудамжны архичид гэртээ цуглуулдаг болсон” гэлээ.

Орхон аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн Л.Содбилэгийн хэлснээрЭрдэнэт хотод гарсан гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 90 гаруй хувь архинаас үүдэлтэй байна. “Гэр бүлийн аль нэг гишүүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайрч, агсам согтуу тавьсан байдаг. Тэднийг 30 хоног хүртэлх  хугацаанд баривчилдаг. Согтууруулах ундаанд  донтсон хүмүүсийг албадан ажил хийлгэж, сургалт, сэтгэл заслын сургалтад хамруулдаг” хэмээн Л.Содбилэг тайлбарлав. Орхон аймагт энэ оны эхний есөн сарын байдлаар 160 гаруй хүчирхийлэлд өртсөн иргэн Хамгаалах байраар үйлчлүүлээд байна. Харин Цагдаагийн газарт  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 28 гэмт хэрэг бүртгэгджээ. Мөн хүчирхийлэл үйлдсэн 150 орчим хүнийг саатуулсан байна.

“ХҮЧИРХИЙЛЭЛ” хэмээх үгийг гуниг, харуусал, цөхрөл,  хагацал,  өнчрөл  цаашлаад  үхэл  хүртэл даган явдаг.

Гэртээ согтуугаар танхайрсан, хүчирхийлэл үзүүлсэн иргэдийг хорихоос суллагдсаны дараагаар баг, хороо, сум дүүргийн нийгмийн ажилтан, багийн засаг дарга, хорооны дарга хараа хяналт тавин ажилладаг байна.

Харин хүчирхийллийн хохирогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хорооны нийгмийн ажилтан болон ойр дотнын хамаатан саданд хүчирхийллийн хүнд хөнгөн хэлбэрээс хамааран хүлээлгэн өгдөг ажээ. Тэгвэл очих газаргүй иргэдийг аль болох удаан хугацаагаар хамгаалах үүднээс нийслэлийн Цагдаагийн газрын  гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хүлээн авах 107 утсанд мэдэгдэн хамгаалах байр луу шилжүүлдэг аж.

Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд иргэдийн оролцоо хамгийн чухал байдаг талаар ГССҮТ-ийн Нэг цэгийн үйлчилгээний нийгмийн ажилтан Ч.Дээдэнцэцэг хэлсэн юм. Хүчирхийлэл болж байгааг мэдсэн хүн бүр мэдээлэх үүргийг хуулийн өмнө хүлээж байгаа учир Цагдаагийн газар дуудлага өгч байхыг тэрбээр сануулж байна.

Сэтгүүлч  Одсүрэн

Санал болгох мэдээ

Живсэн хотын сүм хийдийн туурь хүн төрөлхтөний ирээдүйг зөгнөв үү

Домгоор бол нууц ёслолын үеэр хаад нар бурхад болж, ханхүү Принс Троёын хулгайлагдсан гүнж Хэлэнийг авчирдаг. …