11-р сарын өрнийн зурхай

Хонь

Хонины ордыг ивээгч Ангараг гарагийн нөлөөгөөр энэ сард хосын харилцаа, зүрх сэтгэлийн асуудлууд Хониныхны анхаарлын төвд очиж, зарим талаараа сорилт шалгалтууд тулгарна. Мөн Хонинуудыг хайртдаа зориулж ямар нэг зүйлс хийхийг, илүү санаачлагатай, илүү мэрийлттэй байхыг од эрхэс уриалж байна. Ингэснээр харилцаа чинь илүү сэтгэл догдлом, романтик болох болно. Сугар, Ангараг гарагиудын хосолсон нөлөөгөөр бүх зүйлийг чиний талд байж, сэтгэл санаа чинь сэргэг байх болно. Дээрх хоёр гарагийн нөлөө болон хосын харилцаанд одтой байснаар санхүүгийн орлого ч нэмэгдэх бололтой. Нар, Сугар, Бархасбадь гарагиудын гурвалсан нөлөөгөөр Хонинууд санхүүгийн хувьд тун азтай байна. Сарын хоёр дахь долоо хоногийн эхнээс материаллаг баялгууд чамруу урсаж эхэлнэ. Эдгээр нь бүх төрлийн үйл ажиллагаа, нөхөрлөл, бэлэг дурсгал, тэтгэлэг, буцалтгүй тусламж, банк эсвэл санхүүгийн байгууллагатай хийсэн хэлэлцээр, бизнесийн орчинд хийсэн гэрээ гээд ямар ч эх үүсвэрээр орж ирж магадгүй. Жилийн энэ үед Хонинууд хувийн карьер болон санхүүгийн асуудлуудаа түншлэл, хамтын ажиллагаа, танилын хүрээгээ тэлснээр дээшлүүлэх нь. Бүх төрлийн хөрөнгө оруулалт, судалгаа, харилцаа холбоо, аялал болон өөрийгөө таньж мэдэх үйлд энэ сар ээлтэй байна. Энэ сард Хонинуудын эрүүл мэндэд томоорон асуудал үүсэхгүй ч эрч хүч унаж магадгүй. Тиймээс байгалиас эрч хүчээ нөхөхөд анхаарч сайтар амарч, дасгал хөдөлгөөн хийж, аялаж зугаалбал сайн. Харин аливааг хүчилж, хэтрүүлж, зөрчилдөхөөс зайлсхийгээрэй. Мөнгө хуримтлуулах, биеэ сувилахад ээлтэй.

Үхэр

Үхрийнхэнд гайхалтай сар ирж байна. Учир нь хайр дурлалын Сугар гараг Үхрийнхнийг ивээж, Сугар-Бархасбадь гаригуудын хослол Нартай давхцсанаар гайхалтай зохицлыг бий болгож буй юм. Энэ хослол нь Үхрийнхэнд хайр дурлал, гэрлэлт, аз жаргал, сэтгэл догдлолыг авчрах нь баттай. Од эрхэс өгөөмөр хандаж байгаа боловч ямар сонголт хийх нь өөрийн чинь гарт байгааг санаарай. Нөгөө талаас Ангараг гараг Үхрийн ордныхонд ээлгүй байрлалтай байх учраас Сугар гарагийн нөлөөг сааруулж мэднэ. Үхрийнхэн гартаа покер атгасан байгаа, гэхдээ тэднийг хэзээ яаж ашиглах нь чиний мэдэх хэрэг шүү дээ. Тиймээс илүү зоригтой, илүү шийдэмгий байхыг од эрхэс сануулж байна. Ангараг, Дэлхийн ван гарагийн хосолсон нөлөөгөөр энэ сар маш завгүй өнгөрнө. Ажлын шахалт, ачаалал их байх бөгөөд үүнийг зохицуулахын тулд хямарч, нилээд завгүй ажиллах хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, таниас арай их хичээл зүтгэл шаардах ба бага зэргийн саад тотгор бүхий хүчин зүйлүүдтэй холбоотой тав тухгүй байдал үүсч болзошгүй. Сугар гараг Үхрийн ордны таатай байрлалд очсоноор дээрх ажлуудын үр дүн сайнаар эргэх бөгөөд таны төсөөлөө ч үгүй боломжуудыг авчирна. Хамтын ажиллагаа, түншийн харилцаа сарын турш таатай, үр бүтээлтэй байх болно. Санхүүгийн хувьд стратегийн зөв бодлого баримталбал орлого өсөж, илүү сайжрах хандлагатай байна. Энэ сард олон зүйл сайнаар эргэж, сэтгэл санаа өөдрөг байх боловч танд энергийн тэнцвэргүй байдал үүсч магадгүй. Тиймээс аливааг хэтрүүлэлгүй, ажлын стрессийг аль болох бага байлгах хэрэгтэй. Эерэгээр бод, гэхдээ бүх тал дээр тэнцвэрийг хадгалаарай. Эцэст нь гадуур гарч, шинэ хүмүүстэй танилцаж, харилцаа холбоо тогтооход ээлтэй.

Ихэр

Ихэрийн ордыг ивээгч Буд гарагийн нөлөөгөөр энэ сард Ихрүүд романтик харилцаандаа юу юунаас илүү анхаарна. Хостой Ихрүүд хамтдаа аялж, зугаалан сэрүүхэн өдрүүдийг идэвхтэй өнгөрүүлэхийг хичээх бол ганц биечүүд шинэхэн романс үүсгэхийг хүсэж, бодитой алхмууд ч хийж эхлэх бололтой. Нарны нөлөөгөөр сарын сүүлээр бүх нөхцөл байдал тодорхой болно. Ажлын хамтрагчтайгаа учир ургуулж, та хоёрын дунд шинэ харилцааны “гал асч” болох юм. Өөрөөр хэлбэл үүрэг хариуцлага, сэтгэл хөдлөл хоёроо холихгүй байх дээр Ихрүүд анхаарах хэрэгтэй гэж харагдаж байна. Нар, Сугар, Бархасбадь гарагиуд одон орон судлаачдын хамгийн шилдэг зохицол гэж үздэг байрлалд очсоноор Ихрийнхний ажлын талбарт маш амжилттай байх нь. Тиймээс мэргэжлийн ололт амжилт, томоохон боломж гарч ирэх гэх зэргээр сарын турш азтай байснаар Ихрүүд ажилдаа маш сэтгэл хангалуун байх болно. Ажлын амжилтаа үнэлүүлж, шагнал урамшуулал авч магадгүй. Ангараг гараг ивээлээр бие физологийн хувьд гайхалтай эрч хүчтэй байх агаад, дасгал хөдөлгөөн хийх болон секс дур хүсэл ч их байх болно. Ангараг болон Дэлхийн ван гарагиудын байрлал Ихрүүдэд сайнгүй байгаа ч санааг чинь зовоох том асуудал үүсэхгүй. Өвдсөн ч сарын сүүлээр бүх зүйл сайхан болно. Архаг хууч өвчнөө эдгээх арга олж магадгүй. Хувцасны шүүгээ, номын тавиур, гэр орноо эмхэлж цэгцлээрэй.

Мэлхий

11 сарын турш Мэлхийнүүд хүсэл тачаалаар дүүрэн байх нь. Учир нь Нар өөрийнхөө цацрагаар гайхалтайгаар гийгүүлж, хайр дурлалын Сугар гараг, Бархасбадьтай хосолж нөлөөлснөөр сэтгэл догдлом, романтик зүйлс ар араасаа өрнөхийн дохио юм. Болзоо, шинэхэн хайрын түүх, чамд дурсамж болж үлдэх түр зуурын, “нэг шөнө”-ийн учралуудад тохиож магадгүй. Тэгэхээр чи урьд нь хэзээ ч оролдож, туршиж байгаагүй “халуухан” адал явдлуудтай энэ сард л учрах нь ээ. Нөгөө талаас үр хүүхэдтэй болж, шинэхэн гишүүнээ өлгийдөн авахад ээлтэй. Буд гарагийн нөлөөгөөр Мэлхийнхний ажил хэргийн талбарт мэдээлэл, харилцаа холбоо, томилолт, аялал гэх мэт гол сэдвүүд байх болно. Нар, Бархасбадь, Сугар гарагиудын гурвалсан нөлөөгөөр урлагийн мэдрэмж дээшилж, спортлог байна. Тэр тусмаа авьяас чадвараа бусдад нээн харуулж, өөрийгөө олонд таниулахад ээлтэй. Мөн гэр бүлийн бизнес эхлүүлэх, өв хөрөнгө өвлөж авах, байр орон сууц худалдаж авах гэх мэтээр гэрт ээлтэй зүйлс энэ сард болж өрнөнө. Мөнгө чиний аз болон хичээл зүтгэлээс хамааран олдох болно. Нар Сугар бархасбадь гарагиуд чамайг ивээснээр эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудал гарахгүй. Чи ажил, аялал болон сексийн тал дээр ч эрч хүчээр дүүрэн байна. Ирээдүйг өөдрөг эерэгээр харсан хэвээр байгаа үед чиний сэтгэл санаа ч маш сайн байхыг од эрхэс харуулж байна. Эцэст нь аливааг чин сэтгэлээсээ хийж, одоодоо аз жаргалтай байгаарай.

Арслан

Буд гарагийн нөлөөгөөр энэ сард Арслангуудын эротик хүсэл сонирхол нэмэгдэх ба сарын сүүлээр цоо шинэ зүйл турших сэдэл улам хүчирхэгжинэ. Нарны нөлөөгөөр Арслангууд гадна талаасаа ч улам дур булаам, сэтгэл татам болно. Нөгөө талаас 11 сард Сугар, Бархасбадь гарагиуд Арслангуудын гэр бүлийн амьдралыг ивээж халуун дулаан, эерэг уур амьсгалтай байлгах аж. Сарын турш гэр орон, гэр бүлтэй холбоотой зүйлс Арслангуудад аз жаргал, сэтгэл ханамжийг өгөх болно. Сарын эхний хорь хоногт хайрттайгаа байх дотно харилцаа урьд өмнөхөөсөө илүү сэтгэл ханамж өгснөөр чи гэртээ л байгаад байхыг юу юунаас илүү хүсэх бололтой. Бархасбадь болон Сугар гарагиуд 11 сарын 4-өөс эхлэн ивээл байрлалд шилжих учраас Арслангууд шинэ байр авах, хөлслөх, гэртээ, оффистоо засвар хийх, томруулах, газар худалдаж авах, тавилга, хөргөгч, угаалгын машин зэргээ өөрчлөх гэх мэтээр томоохон шинэчлэлүүдийг хийнэ. Гэвч хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт бол эртний эдлэл, урлагийн бүтээлтэй холбоотой байна. Энэ сард Арслангуудад мэтгэлцэх, өөрийн саналыг танилцуулах гэх мэт өөртөө итгэлтэй байдлаа харуулах тал дээр ээлтэй. Ерөнхийдөө ажлын талбарт Арслангууд сарын турш маш идэвхтэй, бүтээмжтэй, хөдөлгөөнтэй байж өнгөрнө. Харин эрүүл мэндийн хувьд бие тэнхээ эрүүл, эрч хүчтэй байна. Гэвч стресээс үүдэлтэй тав тухгүй, хэцүү нөхцөл байдлууд үүснэ. Үүнээс үүдэлтэйгээр уур бухимдалдаа автан бодлогогүй, түргэн шийдвэр гаргахгүй байхыг од эрхэс сануулж байна. Үгүй бол гэнэтийн осол гэмтэлд өртөх, машины осолд орох гэх мэт аюулууд бий. Эцэст нь гэр бүлийн үдэшлэг хийгээрэй. Энэ нь уур амьсгалыг улам халуун дулаан болгож, гайхалтай дурсамжийг бүтээх болно.

Охин

Олон хүмүүстэй танилц, ярилц, аял, зугаал, инээмсэглэ бас аз жаргалтай бай. Энэ сард Бархасбадь, Нар болон Сугар гарагиудын гурвалсан нөлөөгөөр Охины ордныхонд хайр сэтгэлээ илчлэх, халуун дулаан үгтэй зурвас илгээх, хайрттайгаа удаан ярилцах сэдэл хүчтэй төрнө. Мөн өөрийнхөө хувьд утга учиртай хэн нэгэнтэй уулзахаар, өөрөөр хэлбэл хайрын төлөө холын аянд гарч магадгүй. Гэхдээ хэн нэгний худал амлалтад итгэх эсвэл өөрөө бодит байдлаас тасарсан амлалт өгөхөөс зайлсхийгээрэй. Мөнгө, хайр дурлалыг хольж хутгахгүй байхыг од эрхэс сануулж байна. Бусдаар бол энэ сар бүхэлдээ сайн сайхан байх болно. Харин ажлын талбар дээр энэ сард Охиныхон бусдыг гайхшруулах бололтой. Нар, Сугар, Бархасбадь гарагиудын гурвалсан нөлөө энэ ордныхонд бүтээлч тууштай байдал, амжилтын үүд хаалгыг нээж өгөх бөгөөд өөрөө өөрийнхөө амжилтыг бүтээнэ. Зураач, хөгжимчин, тамирчин, хувцас загвар гэх мэт эв дүй шаардсан ажил эрхлэгсэд энэ сард илүү амжилттай байх болно. Харин бичих, туурьвих, ярих, хэлэлцэх төрлийн ажил эрхлэгсдийг сарын турш аз ивээнэ. Мөнгөтэй холбоотой зүйлс дээр Охиныхон тун идэвхтэй байх агаад орлогоо нэмэгдүүлэхийг юу юунаас илүү хүснэ. Гэхдээ хэтэрхий түргэдсэн шийдвэр гаргахгүй байхад анхаараарай. Зарим зүйлээс хэтэрхий өндөр ашиг харж, дамлаж наймаалахаас аль болох татгалзвал сайн. Охиныхон энэ сард эрч хүчтэй, өөдрөг, гэгээлэг, өөртөө итгэлтэй байна. Өөрийнхөө хүч чадалд бүрэн итгэх бөгөөд энэ нь ч маш сайн хэрэг юм. Сэтгэл санаа чинь өөдрөг байх учраас дархлаа дэмжигдэж, бие физологи ч дагаад сайн байх аж. Нөгөө талаас Буд, Санчир гарагиудын хосолсон нөлөө сарын сүүлээр орж ирэх бөгөөд энэ үед халдварт өвчнөөс болгоомжлоорой. Эцэст нь энэ сар бол ухаалаг, итгэлтэй чанараа сайтар ашиглах сар гэдгийг санаарай.

Жинлүүр

Сарын турш сайтар нүдээ нээж, эргэн тойрноо ажиглаж, хувь тавилангаас илгээх дохиог алдахгүй байх хэрэгтэй шүү. Учир нь гайхалтай учрал чамайг хүлээж байна. Эсвэл өөрөө чамайг олоод ирнэ. Ангараг гараг чамаас илүү санаачлагатай, хөдөлгөөнтэй байхыг шаардах бөгөөд сэрэл мэдрэхүй чинь нэмэгдэнэ. Хостой ч бай үгүй ч бай хайр сэтгэлтэй холбоотой зүйлс сарын турш анхаарлын чинь төвд байна. Бусадтай харилцах харилцаа, нийгмийн нийтлэг үзэл бодлууд дээрх асуудлуудад хүчтэй нөлөөлнө. Мөнгө ч мөн адил. 11 сар Жинлүүрүүдийн карьерийн хувьд маш онцгой, хамгийн гол нь бүтээлч сар байх болно. Ангараг гарагийн нөлөөгөөр Жинлүүрүүд санаачлагатай, шийдэмгий байх бөгөөд өрсөлдөх ялах хүсэл хүчтэй төрнө. Сарын турш шинэ сорилт шалгалтад ороход бэлэн зоригтой байх ба шинэ бизнес, үйл ажиллагаа эхлүүлж, одоогийнхоосоо өөр зорилгын төлөө тэмүүлж магадгүй. Чиний оюун санаа тэр чигтээ тэмцэж, ялахад чиглэсэн байх болно. Нар, Сугар болон Бархасбадь гарагиудын гурвалсан нөлөөгөөр Жинлүүрүүд санхүүдээ санаа зовохгүй харин ч бүр сэтгэл хангалуун байх боломжтой. Түрийвчинд чинь түмэн аз түнтийж байгаа мэт мэдрэмж ч төрж мэднэ шүү. Сарын турш Жинлүүрүүдийн бие эрүүл сайруул байх бөгөөд Ангараг гарагийн нөлөөгөөр эрч хүчтэй, хүчирхэг байх болно. Гэвч Ангараг гарагийн энэхүү нөлөөллийг дасгал хөдөлгөөн хийх, аялж зугаалах, шийдвэртэй, томоохон алхам хийх зэргээр ухаалгаар зарцуулахгүй бол түргэн уур, бодлогогүй шийдвэрт хүргэж мэднэ. Тиймээс хашир, хянамгай, бодолтой байгаарай. Эцэст нь фитнес, бүжгийн хичээлд явж дасгал хөдөлгөөн сайн хий.

Хилэнц
Энэ сард Хилэнцүүд өөрсдийгөө дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүмүүс гэж бодох олон шалтгаан гарч ирэх нь ээ. Учир нь Сугар болон Бархасбадь гарагийн хосолсон нөлөөгөөр хайр дурлалын амьдрал чинь догдлол, аз жаргалаар дүүрэн байна. Ганц биечүүд шинэхэн романс эхлүүлэх, хостой Хилэнцүүд харилцаагаа дараагийн түвшинд гаргах эсвэл хуучин харилцаагаа сэргээх зөв цаг нь энэ сард тохиож байна. Сарын турш од эрхэс Хилэнцийнхний талд байх учраас зүрх сэтгэлийнхээ нөгөө талыг идэвхтэй хайгаарай. Сарын эхний хорь хоногт Нар Хилэнцүүдийг ивээснээр мөнгөөр хэмжишгүй амжилт, нэр төр, хүндлэлийг тэдэнд авчирна. Амжилттай ажиллах нөөц бололцоо нэмэгдэж, хичээл зүтгэлээ үнэлүүлэх болно. Албан тушаал ахих, өсөж дэвжих амбиц чинь өндөрсөж, түүндээ хүрэхийн тулд бүхий л нөөц бололцоогоо шавхна. Сугар, Бархасбадь гарагиудын хосолсон нөлөөгөөр боломж, амжилт бүтээл чамайг өөрөө л хүрээлэх бололтой. Үүнээс гадна санхүүгийн хувьд ч азтай байна хэмээн од эрхэс шивнэж байна. Сэтгэл санаа өөдрөг байж, амьдрах, аз жаргалтай, алдар нэртэй байх хүслээр Хилэнцүүд бялхана. Бүх зүйлсийг гэгээлэг талаас нь харах учраас юу ч Хилэнцийнхэнд хэцүү, бүтэхгүй мэт санагдахгүй. Үүнийгээ дагаад бие чинь ч эрч хүчээр дүүрэн байна. Гэвч халдварт өвчин тусах магадлал өндөр учраас дархлаагаа сайтар дэмжээрэй. Эцэст байгаа бүхэндээ талархаж, эргэн тойрныхноо хайрлаж, эрүүл зөв хооллохыг хичээгээрэй.

Нум

11 сарын 5-аас Буд гараг Нумын ордны хайр дурлалын харилцааг ивээж эхэлснээр энэ ордныхон илүү сонирхолтой, романтик зүйлсийг хүсэж, сэтгэл догдлолыг өөрийн эрхгүй урин дуудах болно. Хайртыгаа илүү ихээр таньж мэдэхээр тэмүүлж, гал халуун хүсэл тачаалаа ч нуухгүй. Нумынхны ганцаар, бие даасан байх сонирхол нь ойлгогдох, халамжлуулж, энхрийлүүлэх хүслээр солигдоно. Нөгөө талаас харилцаандаа анхаарал хандуулж, сорилт шалгалт ч явуулж мэдэх бололтой. Үүний үр дүнд томоохон шийдвэрт хүрнэ. Энэ сард Нумынхан нууц, хориотой, гаж гэмээр зүйлсээс сэтгэл ханамж авах тохиолдол ч харагдаж байна. Буд гарагийн нөлөөгөөр ажил хэргийн талбарт ч Нумууд нэлээд хөдөлгөөнтэй байх бололтой. Шинэ санаа олж, мэдээгүй байсан зүйлсээ ч мэдэж авах нь. Энэ сард бичих, илтгэх, аялах, худалдаа наймаа хийх гэх мэтэд ээлтэй. Мөн ажилдаа ур дүйтэй, уян хатан байснаар сайн үр дүнд хүрнэ. Карьер, цаашдын зорилго гэх мэт зүйлсдээ ихээхэн анхаарч, дүгнэлт хийснээр томоохон шийдвэрийг сарын сүүлээр гаргах бололтой. Баг, бүлэг, олон нийтийн ажлуудад идэвхтэй оролцож, манлайлагч, удирдагчийн үүргийг биелүүлнэ. Санхүүгийн хувьд сарын сүүлээр гаргах томоохон шийдвэрээс шалтгаалах ба сарын турш тийм ч хангалуун байхүй ч санаа зовох асуудал бага байх болно. Сарын эхний хорь хоногт Нарны нөлөөгөөр бие эрч хүчгүй, сул байж магадгүй. Сайн амарч, алжаалаа тайлан, дасгал хөдөлгөөн хийгээрэй. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү. Сарын сүүлээр биеийн чинь байдал аажим аажмаар сайжирна. Эцэст нь сарын турш унших, бясалгах, зохион бүтээхэд цаг гаргаарай.

Матар

Матрынхны хайр дурлалыг ивээгч Сугар гараг болон Бархасбадь гарагийн хосолсон нөлөөгөөр сарын турш Матрууд сэтгэл зүй, биеийн таашаалын хувьд адал явдалтай байж, сэтгэл догдлом мөчүүдээр дүүрэн байх бололтой. Ганц бие Матруудын хувьд олон нийтийн үйл ажиллагаанд оролцож, бусдын анхаарлыг татах, амжилттай хамтын ажиллагаа эхлүүлэх гэх мэт ажил болон сонирхол хоббитой холбоотой талбараас ижил сонирхол, зорилготой хүнтэй хайрын романс үүсгэх бололтой. Аялал, холын харилцаа, сайн танихгүй нэгэнтэй алсын зайнаас харилцаа холбоо үүсгэх, олон нийтийн үйл ажиллагаа гэх мэт зүйлс энэ сард Матрынхны анхаарлын төвд байх нь ээ. 11 сарын турш Ангараг гарагийн нөлөөгөөр Матрынхан ажил хэргийн талбарт нэлээд хөдөлгөөнтэй байх бололтой. Өсөж хөгжих амбиц дүүрэн байх ч өрсөлдөөн хүчтэй өрнөнө. Тиймээс санаачлагатай байхаас гадна зарим үед “баг” зүүхэд ч илүүдэхгүй. Нөгөө талаас Ангараг гарагийн нөлөөг ухамсартайгаар удирдахгүй бол Матрууд дээд албан тушаалтантайгаа ам зөрөх эсвэл будилаан, зөрчилд хохирогч болон үлдэж мэднэ. Үүнээс сэргийлэхийн тулд өөрийн гэсэн үнэт зүйлээ хамгаалж, тэвчээртэй, хүлээцтэй байх хэрэгтэй шүү. Харин санхүүгийн хувьд тогтмол орлогын эх үүсвэр чинь доголдох эсвэл зардлыг чинь нөхөж чадахгүйд хүрнэ. Гэхдээ найз нөхөд, асран халамжлагч, танилын сүлжээ, бүлэг олон нийтийн үйл ажиллагаагаар дамжуулж нэмэлт орлого олно. Матрынхан сарын турш эв эрүүл байхгүй ч сарын сүүлээр бүх асуудлууд шийдэгдэж, эрч хүчээр сэлбэгдэнэ.Мөн өвдөхгүй, өвчнөө хүндрүүлэхгүй байхын тулд сайтар амарч, ухамсартайгаар ажиллах хэрэгтэйг сануулъя. Гадуур гарч, зугаалах, салхинд гарах зэргээс эрч хүчээ нөхвөл сайн. Эцэст нь өөрийнхөө юу чаддагийг бусдад харуулж, нэр хүндээ өсгөх, алдаршихад ээлтэй сар ирж байна. Үзүүлээд өгөөрэй.

Хумх

Сугар, Бархасбадь гарагиудын ээлтэй байрлал болон Нарны нөлөөгөөр Хумхын ордныхон эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцааны хувьд азтай одтой байх нь ээ. Гэхдээ уян хатан, хүлээцтэй байх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Ганц бие Хумхууд нийгэмд тодорхой байр суурь, нэр хүндтэй, өндөр амбицтай, том зорилготой тэр чинээгээрээ өндөр шаардлагатай нэгэнтэй “учир ургуулах” бололтой. Хайртынхаа амжилт ололтоос чи ч нэлээд зүйлийг олж авч чадна. Харин сарын сүүлийн арав хоногт нөхцөл байдал тайван тогтуун болно оо. Нар, Сугар, Бархасбадь гарагиудын хосолсон нөлөөгөөр 11-р сар бол Хумхуудын ажил хэргийн хувьд хамгийн өндөр амжилттай байх цаг хугацаа юм. Дээд албан тушаалтнуудынхаа анхаарлыг татах, тэдний харилцаа холбоогоор дамжуулан өндөрлөгт гарах ба хувь хүний сэтгэл татам чанар, бүтээлч сэтгэлгээ чинь чамд маш ихээр туслах болно. Гэсэн ч бусдын тусламжид л найдан гараа хумхиад суух хэрэггүй. Хэрвээ тэгвэл бусдад буруу ойлголт төрүүлж, дайсныхаа тоог нэмэх болно. Тиймээс аз ивээнэ гэдэгт итгээд сайтар хичээж хөдөлмөрлөөрэй. Санхүүгийн хувьд ч дээрх гарагиудын нөлөөгөөр Хумхууд азтай байх нь ээ. Биеийн эрүүл мэндийн хувьд Хумхууд асуудалгүй байх хэдий ч оюун санааны хувьд нэлээд бодож эргэцүүлэх, сэтгэлээ чилээх зүйлс их байх бололтой. Үүнээс шалтгаалж бодлогогүй шийдвэр гаргах, болчимгүй үйлдэл хийж болзошгүй. Энэ сард аялах, нүүх гэх мэт бууриа сэлгэж магадгүй. Эцэст нь сарын турш нийгмийн идэвхтэй байж, харилцаа холбоогоо зузаатгаарай. Учир нь энэ нь чамд аз авчрах болно.

Загас

Загаснуудын хайр дурлалын харилцааг ивээгч Буд гараг Санчир гарагтай хосолж нөлөөлснөөр 11 сард зарим Загаснууд хосын харилцаагаа албан ёсоор ил гаргаж, бусдад танилцуулах бололтой. Үүнээс шалтгаалан Загаснуудын нийгмийн болон хүрээлэл дундах байр сууринд өөрчлөлт орно. Сарын сүүлээр хосын харилцаанд төдийлөн сайн байхгүй бөгөөд салах шийдвэр ч гаргаж мэднэ. Гэхдээ алсын зайны болон онлайн харилцаанууд цэцэглэж, сэтгэл хөдлөл авчрах шинжтэй байна. Хосууд хамтдаа холын аянд гарах магадлалтай. Буд гарагийн нөлөөгөөр Загаснууд ажил хэргийн талбарт нэлээд хөдөлгөөнтэй байж, харилцаа холбоогоо сайжруулж, шинийг сурах бололтой. Оюун санааны хувьд тэвчээртэй, хүлээцтэй байснаар илүү бүтээлч байх үүд хаалга нээгдэнэ. Сарын 9-өөс эхлэн Сугар, Бархасбадь болон Нарны гурвалсан нөлөөгөөр Загаснуудад суралцах хүсэл хүчтэй төрнө. Энэ нь шинжлэх ухаан, урлаг соёл, загвар дизайнтай холбоотой байж магадгүй. Алс газраас үүдэлтэй амжилт, ашиг орлого ирнэ. Мөнгө санхүүтэй холбоотой хэргүүдэд Загаснууд нэлээд идэвхтэй хандах хэдий ч бодлогогүй түргэн шийдвэр гаргахгүй байхыг од эрхэс сануулж байна. Ерөнхийдөө Загаснуудын биеийн эрүүл мэнд сайн байх ч амралтгүй ажиллах, уур бухимдлаас шалтгаалан сэтгэл санаа тогтворгүй байх бололтой. Үүнээс шалтгаалж хорт зуршилд автах, донтуулах бодисоос хараат болж мэднэ. Тиймээс маш сайн амарч, өөртөө санаа тавих хэрэгтэй шүү. Эцэст нь сонирхлыг чинь татсан зүйлийг суралцаж эхлэхэд ээлтэй.

 


Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …