Р.Булгамаа: Хууль хяналтынхныг шударга ажиллахыг хүсэж байна

17/10/24 04:05

482 Үзсэн

Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн наймдугаар сарын 23-нд гарсан. Тус дүүргийн 16-р хорооны иргэн А, Ж нарыг охины учир битүүлэг байдлаар амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газрын Онц гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа.

Энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд талийгаач охины ар гэрийнхэн, “Лантуун дохио” ТББ-ийн гишүүд, сайн дурын жагсагчид, ээж нарын төлөөлөл энэ сарын 17-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс Дарь эх дэх “Очир” төвийн зочид буудал хүртэл тайван жагсаал хийсэн юм. Энэ үеэр талийгаач охины өмгөөлөгч, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Булгамаатай ярилцлаа.

-13 настай охин бусдад хүчиндүүлж нас барсан хэрэг гараад удаагүй байна. Мөрдөн байцаалт үргэлжилж байх хугацаанд гэмт хэргийн талаар мэдээллийг та хэвлэлээр өгөх нь мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхгүй биз?

-Мэдээлэл өгөхөөс өөр арга алга. Энэ хэргийн талаар цахим ертөнцөд иргэд өөрсдийн дур зоргоороо бичиж байна. Ингэж болохгүй гэдэг утгаар нь хуулийн хүрээнд өмгөөлөгчдийн зүгээс тайлбар хийхээс аргагүйд хүрсэн. Мөрдөн шалгах ажиллагааны нууцлалтай холбоотой асуудлыг ярих нь төдийлөн сонин биш. Гэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 7.2-т яллагдагчийн гэм буруутай үйлдэл эсвэл нотлох баримттай холбоотой асуудлаар өмгөөлөгч байр сууриа илэрхийлэхийг хориглоно гэж заасан. Харин өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн талаар нийгэмд мэдээлэл өгөх эрх нээлттэй учир энэ хүрээнд ташаа мэдээллийг залруулах үүднээс мэдээлэл өгч байна.

-Хэрэг гараад cap гаруйн хугацаа өнгөрлөө. Гэтэл сэжигтнүүдийг саатуулалгүй удсан. Уг нь тухайн үед хэн хамт байсан, хэргийг хэн үйлдсэн бэ гэдэг нь бараг тодорхой байсан шүү дээ. Энэ процессыг та яаж харж байна вэ?

-Өмгөөлөгчийн зүгээс Наранзул, Энхтуяа гэсэн хоёр хүн анх ажилласан. Дараа нь ар гэрийнх нь хүсэлтээр надаас гадна Батбаяр гээд өмгөөлөгч ажиллаж байна. Хамгийн гол хэд хэдэн анхаарал татсан асуудал бий.

Нэгдүгээрт, хүн амины хэрэг гарсан байхад яагаад сэжигтэн этгээдийг цагдан хориогүй юм бэ. Энэ нь ноцтой асуудал. Та бод л доо. Хүний алтан амь үрэгдчихсэн байхад нас барсан учир шалтгааныг тодорхойлох ШШҮХ-гийн дүгнэлтийг хүлээх ёстой гэж хайнга хандаж болох уу.

Гэмт хэрэгт хамааралтай, хэргийн газарт байсан хоёр этгээдийн нэгийг нь хэргийн газраас цагдаагийн байгууллагынхан машинд суулгаж авч явсан байдаг. Уг нь эндээс л цагдан хорих тухай зүйл яригдах ёстой. Нөгөө сэжигтэн нь хэргийн газраас зугтаад хоёр хоногийн дараа олдсон. Цагдан хориогүйгээс болж сэжигтнүүд гэмт хэргийн ул мөрийг баллахгүй байх, хоорондоо үгсэн хуйвалдаагүй гэх нотолгоо хаана байна.

Үүнийг хууль хяналтын байгууллагынхан нэн тэргүүнд олж харах ёстой. Тухайн иргэн ямар учир шалтгааны улмаас амиа алдсан бэ гэдэг нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр гарч ирэх нь дамжиггүй. Гэлээ гээд амь алдсан шалтгааныг тогтоох дүгнэлтийг хүлээж сэжигтнийг цагдан хориогүй нь манай хуулийн байгууллагын ажилтнууд ажилдаа хариуцлагагүй, сэтгэлгүй, зарчимгүй хандсаны тод жишээ.

Энэ бол зөвхөн энэ хэрэг дээр үүссэн нөхцөл биш. Олон нийтэд цочрол өгсөн ганцхан энэ хэрэг дээр хууль хяналтынхан ийм байдлаар хандаж байгаа юм чинь цаана нь хэчнээн хэрэг дээр ингэж хандсаныг таахын аргагүй. Ар гэрийнхний зүгээс гомдол гаргасан нэг зүйл нь сэжигтэн этгээдийн согтолтын хувийг шалгаж тогтоогоогүй. Өнгөрсөн сарын 6-ны өдөр шүүх эмнэлгээс гаднын ямар нэг нөлөөгүй, согтууруулах ундааны гүн хордлогод орсноос болж амиа алдсан гэсэн дүгнэлт гаргасан. 

Энэ мэдээг сонсоод ар гэрийнхэн нь цочролд орсон. Гэтэл хэн архи өгсөн бэ. Дээр нь бага насны хүүхэд 5.7 хувийн согтолт авах хүртлээ бие организм нь хүлээж авах уу, үгүй юү гэдгээс эхлээд эргэлзээтэй зүйл их бий. Анагаахын шинжлэх ухааны мэргэжилтнүүдээс тодруулахад, 2.5 хувиас дээш согтолтыг бага насны хүүхдийн бие организм хүлээж авахгүй гэсэн. Тиймээс л хэн архи өгсөн бэ, хүчээр уулгасан уу, эсвэл сүрдүүлсэн үү гэдгээс эхлээд маш олон хардлага үүсэж байгаа.

Хэргийн газрын үзлэг дээр ар гэрээс нь очиж чадаагүй. Үдээс хойш нь “Танай охин эндээс олдсон” гэж хэлсэн. Гэтэл өмнөх өдөр нь 16:00 цагийн үед ээж рүүгээ явсан охины утас холбогдохоо больсноос хойш хайсаар байгаад 22:00 цагийн үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст дуудлага өгсөн байтал маргааш өдөр нь хэл дуулгасан. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа хэд хоногийн өмнөөс эрчимжиж байна.

-Иргэдийн дунд ар гэрийн хяналт сул болохоор ийм байдалд хүрлээ гэсэн ойлголт байсан. Хохирогч яг хэн байсан бэ гэдэг асуултад хариулахгүй юу?

-Хэрэг үйлдэгдсэнээс хойш эхний 30 хоногт хохирогчийн зан төлөвийг тодорхойлсон ямар ч байцаалт аваагүй. Аргаа бараад 41 дэх хоногт нь сургуулийн багш нар нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хувийн зан байдал, төлөвийн талаарх мэдээлэл цацсан. Үүнээс өмнө гэмт хэрэг үйлдэгдсэн “Очир” төвийн захирал эмэгтэй гэмт хэргийн талаар ташаа мэдээлэл өгсний улмаас хохирогч өөрөө гэм буруутай гэсэн логик дүгнэлтийг иргэд авсан.

Эцэг, эхийн хараа хяналтгүй, гэр оронгүй, архи байнга уудаг, биеэ үнэлэгч маягийн хүүхэд гэсэн мэдээлэл цацсан нь маш ноцтой асуудал. Ингэснээрээ талийгаачийн нэр төрд халдаж, гутаан доромжилсон энэ үйлдэлтэй нь холбогдуулан хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Хохирогчийн хувьд нийгмийн дундаж давхаргын айлын том охин. Гурван настай нэг дүүтэй. Аав, ээж хоёр нь хоёулаа ажил хийдэг. Хүүхдийнхээ авьяасыг хөгжүүлэхийн тулд сонгоны ангид сургахаас эхлээд олон төрлийн дамжаанд суралцуулдаг. Гурван наснаасаа дуулж эхэлсэн. Дүүргийн болон улсын чанартай олон уралдаан тэмцээнд түрүүлсэн. Өөрийгөө хөгжүүлэх арга барил дадалд суралцсан наймдугаар ангийн эгэл жирийн охин.

-Сэжигтнүүдийг батлан даалтад гаргаснаараа хоорондоо үгсэх боломжийг олгосон гэлээ. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар нотлох баримтаар нотлогдоогүй бол тухайн сэжигтнийг цагдан хорих ажиллагааг хязгаарлаж байгаа оновчтой шийдэл мөн үү. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Эрүүгийн хуульд шинээр орсон ийм зохицуулалт бий. Гэхдээ хууль бидний амьдралд бодитоор үйлчилдэг, нийцдэг байх ёстой. Гуравдагч этгээд амиа алдсан байхад гэм буруугийн нөхцөл шалтгааныг тодорхойлно гэж сэжигтнийг батлан даалтаар суллах нь байж боломгүй зүйл. Эндээс Эрүүгийн тухай хууль Монголын нөхцөлд тохирохгүй байна гэдэг нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд дараагийн гэмт хэрэг үйлдэх боломжийг нь энэ хуулиар хангаж өгөх, эсвэл гэмт хэргийн ул мөрийг баллах, үгсэн хуйвалдах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Бүлэг гэмт хэрэг биш байлаа гэхэд ямар нэгэн байдлаар гэм буруутай. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлт өчнөөн олон хоногийн дараа гарсан. Энэ хооронд сэжигтнийг гадуур байцаасан нь гэмт хэрэг ужгирах, нөхцөл байдал өөрчлөгдөх, зүйл заалт өөр хэлбэр рүү шилжих зэрэг маш олон сөрөг үр дагаврыг бий болгодог.

Дээр нь гэмт хэрэгтнүүд гадуур байцаагдахаар хохирогчийн ар гэрийнхэнд ямар сэтгэгдэл төрөх вэ. Ядаж байхад хөрш хүмүүс шүү дээ. Ийм үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан өмгөөлөх нь байж боломжгүй үйлдэл. Тиймээс хүний амь эрсэдсэн тохиолдолд сэжигтнийг яллагдагчаар татах хүртэл цагдан хорих шаардлагатай.

-Гэмт хэрэг гарсан дэн буудал Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн хажууханд гэсэн. Гэтэл ар гэрийнхэн нь 22:00 цагийн үед дуудлага өгсөн байхад ойролцоох үйлчилгээний газруудаа шалгаагүй юм байх даа?

-Төрийн байгууллагын албан хаагчдын хоорондын уялдаа холбоогүй нь эндээс харагддаг. Уг нь автобусны хоёрхон буудлын зайтай газар. Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэс гэмт хэрэг үйлдэгдсэн орчныг хамаарч ажилладаг. Гэтэл дуудлагыг урьд орой нь өгсөн. Нас барсан хүүхдийн цогцос олдонгуут ирсэн дуудлагуудаа шалгаж үзэх ёстой биз дээ. Нэг асуулт нь энэ.

Хоёр дахь асуулт нь, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь 13 жил хөрш амьдарсан залуу. Хэргийн газар дээр цагдаагийнхан очихдоо сэжигтнийг шууд ачсан атлаа талийгаач хэн юм бэ гэдгийг яагаад тодруулж болсонгүй вэ. Хэрвээ ийм арга хэмжээ авсан бол хэргийн газар дээрх үзлэгт эцэг, эх нь хамт байлцах боломжтой байсан. Мөрдөн байцаагчийн хэлснээр хэрэг гарсан өдрийн 09:00 цагийн орчимд сэжигтэн Ж-гийн ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэсэн.

Гэтэл үдээс хойш хохирогчийн ар гэрийнхэнд хэл дуулгасан. Гурав хоногийн дараа засаж янзалсан охиныхоо цогцсыг харсан гэж ээж нь уйлж байна. Ямар ч эх хүн охиныг минь яаж тамласан бол гэж айж, шимширнэ биз дээ. Хормойг нь сөхөөд үзэхэд гуяны дотор тал зулгарч, хар хөхрөлт үүссэн, арьс нь тэр чигтээ улайж хөхөрч, уруулын дотор тал сэтэрсэн байдалтай байсан. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтэд эдгээр зүйлийг огт тусгаагүй учир дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан.

-Үүрийн дөрвөн цагт нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Уг нь сайн хайсан бол аврах боломжтой байж дээ гэж бодогдсон.

-Олох байсан. Би хэрэг болсон дэн буудалд очиж үзэхэд 21 дүгээр хорооны хажууд, төв зам дагуу байрлалтай юм билээ. Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэс зэргэлдээ байрладаг. Хамар дор нь гэмт хэрэг үйлдэгдэж байхад цагдаагийн алба хаагчид хаана байв. Магадгүй “Бага насны хүүхэд энд орсон уу” гээд “Очир” төвийнхнөөс асуусан бол байдал өөр байх байсан. Хууль хяналтын байгууллагынханд шуурхай, сэтгэлтэй ажиллаад өгөөч ээ гэж хүсмээр байна.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт яагаад удаж гарсан юм бол?

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилчид яагаад шинжилгээний дүгнэлт удсаныг тайлбарлаагүй. Тодорхой хэмжээний ажиллагаа орсон болоод л удсан байхыг үгүйсгэхгүй.

-Хэн болох нь тогтоогдоогүй цогцост хөндлөнгийн гэрчтэйгээр задлан хийдэг юм билээ. Гэтэл хохирогчийн хувьд хэн гэдэг нь тодорхой байтал ар гэрээс нь хүн оруулаагүй гэсэн. Хамт байлцуулахгүйгээр задлан хийж болдог юм уу?

-Хохирогчийн талаарх мэдээллийг үдээс хойш мэдэгдэхэд гэрийнхэн нь очсон. Амиа алдсан учир шалтгааныг тодруулсны дараа сэжигтнүүдийг хорино гээд сулласан. Ард нь ар гэрийнхэн нь мөрдөгч П-д “Юунаас болж хүүхэд маань эндчих вэ” гэж асуусан. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг харна гэж хэлсэн мөртөө задлан хийхдээ ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй. Уг нь хууль, журмынхаа дагуу заавал хамт байлцуулах ёстой.

-Задланг хэзээ хийсэн юм бэ?

-Бидэнд өгсөн мэдээллээр есдүгээр сарын 24-нд хийсэн гэсэн. Уг нь өмнө хэлж болно шүү дээ.

-Тэгэхээр ар гэрийг нь байлцуулах ёстой гэсэн журмаа шүүх эмнэлгийнхэн зөрчсөн гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Нэмэлт шинжилгээ хийлгэе гэсний гол зангилаа энэ. Ар гэрийнхэн нь тодорхойгүй байсан бол яая гэх вэ. Гэтэл ээж, аав нь байсаар байтал хэлэлгүйгээр задлан хийсэн нь хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарласанд тооцогдоно.

-Танай зүгээс сэжигтнүүдэд оноосон ялын дүгнэлтийг эсэргүүцэж байгаа. Ямар үндэслэлээр зүйлчлэлийг өөрчлөх ёстой гэж үзэж байна вэ?

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 12 дугаар зүйлийн 12.1.4-т бага насны хүүхдийг хүчиндэж, амь насаа алдахад хүргэсэн гэдэг шинэ заалт орсон. Санкцын хувьд 8-20 жилийн ял онооно. Амь насанд хүргэсэн шалтгаан нь хүчиндэх гэмт хэрэг мөн юм уу, үгүй юм уу. Хэн үүнийг тодорхойлох юм бэ.

Амиа алдсан шалтгаан нь хүчиндсэнээс болсон гэдгийг хууль хяналтын байгууллага шууд хараад тогтоож, энэ зүйл заалтад хамруулдаг нь ямар учиртай юм бэ. Хүний амь үрэгдчихээд байхад хүчиндэх хэргээс болж амиа алджээ гэсэн хэв шинж рүү хууль хяналтынхан зүйлчилсэн байхад гэмт хэргийн гол нотлох баримт болсон шүүх эмнэлгээс согтууруулах ундаанаас болж амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан.

Тиймээс гэмт хэргийн зүйлчлэл буруу байна. Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйл ангид зааснаар энэ хэргийг зүйлчлэх ёстой. Дээр нь ёс бусаар бэлгийн дур хүслээ хангасан гэдэг зүйл анзаарагдсан. Учир нь хохирогчийн анус гэмтэлтэй байсан нь үүнийг нотолно.

-Зочид буудлын камерт яг ямар дүрс бичигдсэн юм бол. Хамт орж байгаа нь бичигдсэн гэсэн?

-Зочид буудлын эзний ярьсан шиг зүйл огт бичигдээгүй. “Насанд хүрээгүй хүүхэд байна, одоо гар” гэж ажилчид нь очсон гэх нэг ч дүрс байгаагүй. Тэр битгий хэл, сэжигтнүүд хэргийн газрын ул мөрийг арилгахын тулд хүлээн авахаас их хэмжээний салфеткыг хэд хэдэн удаа авч орсон дүрс бичигдсэн байсан. Үүнээс гадна нарийн зүйл олон бий. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой учир ярьж болохгүй.

-Буудал одоо ажиллаж байгаа юу?

-Хэвийн ажиллаж байгаа. Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэс болон нийслэлийн Цагдаагийн газраас гэмт хэргийн зөрчлийг арилгуулах талаар хоёр удаа мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэсэн. Мөрдөгч П-ийн өгсөн мэдээллээр 250 мянган төгрөгөөр торгосон гэсэн. Ийм байж болох уу. Гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж өгсөн, бага насны хүүхдийг нэвтрүүлсэн хуулийн этгээдтэй хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой. Зочид буудлын захирлыг ажлаас халсан нь хуулийн хариуцлагаас мултрах оролдлого байж болохгүй.

-Ийм зөрчил гаргасан хуулийн этгээдэд хуулийн дагуу ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

-Эрүүгийн хуульд зааснаар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь цуцлахаас гадна тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтныг тав хүртэлх жилээр хорих ял оногдуулах хуулийн заалттай.

Эх сурвалж:Үндэсний шуудан

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


1 + 7 =