Шаглуулах эрхгүй шатарчин буюу “Улс төрийн гэгээнтэн”

Улс төр бол шатрын өрөгтэй адил. Хүү бэрс болж болдог. Хүүгээр ноёныг цодолж болдог. Эсвэл хүү морь, тэрэг, тэмээний аль ч нүүдлээр нүүх эгзэг тохиодог. Шатарт хэн зөв нүүснээс гадна хурдан нүүсэн нь бас хожиж болдог. Мөн бод олонтой нь хождог учиртай.

Тэгвэл У.Хүрэлсүхийн бүрдүүлсэн Засгийн газарт бэрс гарсан хүүгээс гадна морь, тэрэг, тэмээ зэрэг бод олон багтлаа гэж зүйрлэж болно. Улс төрийн өрөгт бодны дайтай бяртай, зангарагтай, үүрэг рольтой улстөрч бол яах аргагүй Монгол Улсын шинэ сайд Г.Занданшатар юм.

Сайд нарын сайд гэх албан тушаалд томилогдсон түүнд алба нь тохирч, сэнтий нь зохиж байна. Учир нь түүний улс төрийн замнал дардан байгаагүй ч шалдан байгаагүй гэж хэлж болно. Хийсэн юмтай, хэлж ярьдаг үгтэй хүн. ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайдын алба бол Ерөнхий сайдын хамгийн гол зөвлөх, баруун гар нь юм. Г.Занданшатар бүх сайд нараа даргална, яамдад үүрэг чиглэл өгнө. Тиймээс олон нийтэд төдийгүй бусад сайд нартаа хүлээн зөвшөөрөгдсөн байхаас түүний ажил эхэлнэ гэсэн үг.

Г.Занданшатарын нэр нь  санскрит гаралтай үг бөгөөд  “Хэзээ ч мөхдөггүй оюун ухааны тоглоом” гэсэн утга  агуулдаг гэнэ. Түүнийг “улс төрийн гэгээнтэн” гэж хочлох нь бий. Нэр хоч уу, нэр алдар уу гэдгийг одоогоор хэлэхэд эрт. Гэвч түүний гэгээрсэн тухай хэл яриа оргүйгээс гарч, хоосноос үүдээгүй гэдэг нь тодорхой. Нэгэн үед МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар генсекийн ажлаа хүлээлгэж өгч байв. Ингээд Америкт очиж хэсэг хугацаанд номын дуу сонсоод ирэхдээ улс төрийн онол хийгээд төрийн бодлогын талаар хур мэдлэг хуримтлуулсан байсан гэдэг. Тэрээр төлөөллийн ардчиллыг тунхаглах болж, түүний цогтой төлөөлөгч нь бол явахдаа энэ хочыг зүүсэн билээ.

АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөхөөр ажиллаж, АНУ-ын ардчиллын туршлагыг судалж, Монголын АН-ынханд лекц уншиж явсан түүнийг “төгс гэгээрсэн” гэж хочилсон хэрэг.

Ард түмний үг төрд хүрдэг байх, ингэснээр төрийн бодлого, шийдвэр ард түмний мэргэн санаа бодолтой уялдах тухай үзэл онол л доо. Онолын хувьд ардчилал нь шууд, төлөөллийн, элит, зөвлөлдөх гэсэн хэлбэртэй байдаг. Төлөөллийн ардчиллын нэр хүнд унаж, гаргасан шийдвэр нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхгүй, үүнээс болж ард түмэн ардчиллын үнэт зүйлд ч эргэлзэж эхлэх болсон үед Г.Занданшатар түүний жанжин туг нь болж явсан гэсэн үг. Төлөөллийн ардчиллын үед эрх баригчид ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргадаг, ард иргэдийнхээ санаа бодлыг сонсдоггүй, сонссон ч бодлого, шийдвэртээ тусгадаггүй гэх зэрэг шүүмжлэл бий. Тухайн үед Г.Занданшатар “Монголын уламжлалд зөвлөлдөх ардчиллын элемент бэлэн бий. Монголчууд хүчирхэг байх үедээ ардын үгийг сонсдог байсан. Түүний хамгийн тод жишээ нь “Өнчин хүүгийн есөн өрлөгтэй цэцэлсэн шастир” гэх зохиолд тодорхой бичигдсэн байдаг. Өнчин хүүгээр ард түмнийг төлөөлүүлээд, Чингис хааны цэцдийн зөвлөлөөр хэлэлцүүлээд архины талаар зөв шийдвэр гаргаж байсан. Тэгэхээр ард иргэд асуудлыг ашиг сонирхлын зөрчилгүйгээр, зөв шийддэг” гэж ярьж байсан юм.

Одоо түүнийгээ хэрэгжүүлэх хамгийн зөв байрлалыг тэр олж авлаа. Засгийн газрын гал тогоог хариуцна гэдэг бол зөвлөлдөх ардчилал гэгчээ хэрэгжүүлэх хамгийн зохистой, зөв нөхцөл боломж гэж ойлгож болно.

Түүнийг маш олон сорил шалгуур, хариулт тодорхой бус асуултууд хүлээж байна. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар жинхэнэ шатар тоглох цаг мөч ирлээ. Нас залуу улстөрч атлаа УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдсон дархан түшээ Г.Занданшатар шатартаа шаггүй гэдэг нь маргаангүй. Хэрийн шатарчинд мадлуулаад, маллуулаад байхгүй болов уу гэж найдаж байна.

Тэр нэгэнтээ “Шатар тоглодог хүн зөв зүйлийн төлөө үргэлж тэмүүлдэг.  Тийм болохоор шатарчин хүн хэзээ ч гэмт хэрэг үйлддэггүй” гэж хэлж байжээ. Өнгөсөн хугацаанд казино тоглосон гэх хэл аманд орж байснаас өөрөөр муу хэлэгдэж яваагүй, харьцангуй нэр цэвэр улстөрчийн хувьд энэ үг нь ортой мэт санагдана.

“Хаан банк”-ны эдийн засагчаар ажиллаж байсан энгийн нэг залууг МАН-д урвуулан авч, улмаар Гадаад харилцааны сайд хүртэл дэвшүүлж тэтгэсэн хүн нь У.Хүрэлсүх гэлцдэг юм билээ. Түүний намтарт хүү бэрс гардаг ёс шиг зөв нүүдлээр зогсолтгүй нүүсэн түүх харагддаг. ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч мэргэжлээр төгсч, Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багшаар ажлын гараагаа эхэлжээ. 2000 оноос ХААН банкны дэд захирал болон дэвшиж, удалгүй улс төрд орсон байдаг.  2003 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байгаад, 2004 онд  Баянхонгор аймгаас УИХ-д нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулав.  2008 онд дахин төрийн түшээгээр сонгогдсон. 2009-2011 онд Гадаад харилцааны сайд, 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан түүний туршлага хэргээ өгөх торгон агшин өнөөдөр тохиожээ.

Улс төрийн ийм бадрангуй түүхийг бичсэн хүн өдгөө улсынхаа түүхэнд үлдэх учиртай Засгийн газрын гал тогоог барих үүрэг хүлээв. Дээр хэлсэнчлэн түүнийг тосч буй олон асуулт, сорилын нэг нь дан УИХ-ын гишүүдээс бүрдэх сайд нарыг хэрхэн нэг захиргаанд хумьж, атгасан гар мэт зангидах вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Мөн 2018 он гармагц төлөх учиртай Чингис бондын 500 сая ам.доллар, Дим Сам бондын нэг тэрбум юань буюу 160 сая ам.долларын өрийг хэрхэн төлөх нь түүний нүүдлээс хамаарна. Тэр уран бэрийн нүүдэл шиг ганган нүүдэл хийх үү, эсвэл ердөө л гарцаагүй байдалд орсон өмнөх Засгийн газруудынхаа адилаар бууж өгсөн нүүдэл хийх үү гэдгийг бид тун удахгүй харна. Ч.Сайханбилэгийн Засгийн газар сандрахдаа очоод Монголд үр ашиггүй Дубайн гэрээ гэгчийг хийсэн шиг баялгаа барьцаалсан, тавьж туусан байдлаар өр төлбөрийг түр аргалах бодлогыг Г.Занданшатарын гал тогоонд боловсруулахгүй гэж найдна.

ОУВС-тай гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлэх нь тодорхой хэдий ч ирээдүйд хожигдолд хүргэх нүүдэл хийхгүй биз ээ гэсэн итгэл ч бас төрнө. ОУВС-тай яриа хэлэлцээр үргэлжлүүлэхэд түүний гадаад харилцааны салбарт ажилласан туршлага нэмэр  болох нь дамжиггүй.

Мөн эмч, багш, соёл, урлагийн салбарын ажилтнууд цалингаа нэмэхийг шаардаж, хүүхдийн мөнгийг хэрхэн олгох нь тодорхойгүй байгаа энэ үед гарц шийдэл олох үүрэг Г.Занданшатарт оногдож буй.Ямартай ч түүнд тавьж буй найдвар болон хүлээлт бол түүний эсрэг тал сууж буй шатрын тоглогч юм. Өөрөөр хэлбэл, тэр өрсөлдөгчийнхөө нүүдэлд хэрхэн хариулахаас, ямар нүүдэл хийхээс У.Хүрэлсүхийн Засгийн газрын хожих, хожигдох эсэх нь хамаарна. Түүгээр ч зогсохгүй, тэдгээр нүүдлээ хэр хурдан хийхээс шууд шалтгаална. Учир нь ажлаа шуурхайлахаас аргагүй цаг хугацааны хайчин дунд Г.Занданшатар шатрын өрөг хүлээж авсан. Одоо түүний хувь заяаг өнгөрсөнд хийсэн нүүдлүүд нь биш, ирээдүйд хийх нүүдэл нь тодорхойлно. Г.Занданшатар одоо шаглуулж, мадлуулах эрхгүй шатрын өрөгний ард суулаа.

Б.Хурцболд

zindaa.mn

Санал болгох мэдээ

Улс төрийн халуун сэдэв Ц.Элбэгдоржийн “угсарсан” системийн авлига: С.Зоригийн хэрэг, Ч.Сайханбилэг, С.Баярцогтын балаг

-Систем гэж юу вэ? -“Өөр хоорондоо харилцан холбоотой хэсгүүдийн олонлог” Монголжуу ухаанаар бол, машин хөдөлж …