Монголын Сайтын Холбоо “Утаагүй Улаанбаатарын төлөө” аяныг эхлүүллээ

17/10/24 10:41

115 Үзсэн

Монголын хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа цахим сэтгүүлзүйн салбарын анхдагч “Монголын Сайтын холбоо”-ноос санаачлан Нийслэлчүүд та бидний өмнө тулгамдсан асуудлын нэг болоод байгаа утааны асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, утааны гол эх үүсвэр болсон гэр хорооллыг янданг цөөлөх бодлогод төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг чиглүүлэх зорилгоор “Утаагүй Улаанбаатарын төлөө хамтдаа” уриан дор “Орон сууцжуулах аян”-ыг эхлүүлэн өрнүүлэхээр болжээ.

Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажилтан, албан хаагчдаа орон сууцжуулах ажлыг зохион байгуулж буй байгууллага хамт олны мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүйгээр холбооны гишүүн сайтууддаа нийтлэж, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах юм байна. Түүнчлэн утааны эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг иргэд олон нийтэд хүргэх үүднээс урлаг соёлын алдартнууд, олны танил хүмүүс, улс төр, нийгмийн зүтгэлтнүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Энэ дашрамд дуулгахад агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2008-2016 онуудад Улсын төсвөөс нийтдээ 147 тэрбум гаруй төгрөг, олон улсын байгууллагын санхүүжилтээр 60 сая долларыг утааны эсрэг үйл ажиллагаанд зарцуулсан байдаг бөгөөд сайжруулсан зуух, түлш, нам даралтын зуухыг шинэчлэх, төвлөрсөн дулаанд холбох, эко автобус, хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, айл өрхийг хийн хэрэглээнд шилжүүлэх туршилт, судалгаа шинжилгээ хийх зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэсэн ч Улаанбаатар хотын агаарын чанар өвлийн улиралд Монгол Улсын Агаарын чанарын стандартаас хол давсан үзүүлэлттэй хэвээр байсаар байгаа юм.

Иймд утааны эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийг Монголын Сайтын холбооноос санаачлан зохион байгуулж байгаа “Утаагүй Улаанбаатарын төлөө” аянд нэгдэхийг уриалж байна.

Монголын Сайтын Холбоо

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


− 5 = 4