Хотын дарга С.Батболд “Нэг Ази” фестивалийн нээлтэд оролцлоо

БНСУ-ын Пусан хотод албан ёсны айлчлал хийж байгаа  нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд тус хотод зохион байгуулагдаж байгаа “Нэг Ази” фестивалийн нээлтэд оролцлоо.

Пусан хотын цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа уг фестиваль нь  гадаад, дотоодын жуулчдыг татах, соёл урлагийн салбараа хөгжүүлэх, залуучууд зөв боловсрол олгоход чиглэгддэг гэдгийг  тус наадмыг зохион байгуулагчид хэлж байна.

3.5 сая хүн амтай  Пусан хот  олон улсын кино фестиваль, тайзны жүжгийн наадам, рок тоглолт болон  нар угтах баяр, загварын шоу зохион байгуулж, жуулчдыг хотдоо ихээр татдаг.  Сүүлийн үед Пусаныг гадаад жуулчдаас илүүтэй дотоодын  иргэд нь их зорьдог болсныг онцолж байлаа.  Цахлай шувууг бэлэгдэж, камелия цэцэг, модоор гоёдог  энэ хот  1995 онд  метрополитан буюу бие даасан хотын зэрэглэлтэй болсон түүхтэй.

2016 оны  наймдугаар сард  Пусан хотын дарга  Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчид  Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж, 2 хотын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар Улаанбаатар-Пусан хотын харилцаа эхэлжээ.

БНСУ-ын Пусан хотын дарга  Со Бёнсү “Нэг Ази”  фестивалийн нээлтэд оролцож байгаа  Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой зангиагүй уулзалт хийсэн.  Уулзалтын эхэнд   Пусан хотын дарга  Со Бёнсү хэлэхдээ “Урилгыг минь хүлээн авч  Пусан хотод айлчилж байгаа танд талархлаа. “Нэг Ази” фестивалийг  өнгөрсөн жилээс эхлэн манай хот зохион байгуулдаг болсон. 2 дахь удаагаа энэхүү наадмыг өргөн дэлгэр хийж,  50 мянган  хүн   Пусаны цэнгэлдэх хүрээлэнд ирээд байна.  Мөн наадмын хүндтэй зочноор   Улаанбаатар хотын дарга болон  ОХУ-ын  Санктпетербург, Владивосток зэрэг  хамтын ажиллагаатай  хотын дарга нар ирсэн.  Энэхүү фестивалийг үзэхээр  гадаад дотоодын  урлаг сонирхдог олон жуулчид иржээ. Мөн  “Улаанбаатар чуулга”-ын  бүжигчид, уран бүтээлчид ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэе” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  хэлэхдээ “Пусан хотод урьж, найрсагаар угтан авч байгаа та бүхэнд талархлаа.   Улаанбаатар хот залуу хот. Залуучуудын хот. Түүнчлэн  Зүүн хойд Азийн аялал жуулчлалын бүс хот болох зорилт тавьсан.  Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж байгаа  Пусан хотын туршлагыг судалж байгаагийн зэрэгцээ соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа энэ удаагийн айлчлалаар өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна“ хэмээн онцлов.  Ажил хэрэгч уулзалтаар  хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурж,  иргэд хоорондын харилцааг   хөгжүүлэх    төсөл урагшилж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.  Маргааш хоёр хотын дарга  ганцаарчилсан уулзалт хийхийн зэрэгцээ,  хамтын ажиллагааны  бичгүүдэд гарын үсэг зурна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …