Фэйсбүүкээр танилцан, дээрэм хийдэг бүлэг залуусыг илрүүлэн шалгаж байна

Энэ сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо 96 дугаар сургуулийн орчимд иргэн Г нь үл таних 2 эрэгтэйд зодуулж дух болон нүдний ухархайны яс цөмөрч гэмтэн гар утас, эд зүйлээ дээрэмдүүлсэн ноцтой гэмт хэрэг гарчээ.

Мөн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан Баянгол дүүргийн 17 дугаар хороо 47а байрны орчим аравдугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө иргэн Х.Н нь үл таних 2 эрэгтэйд гар, нуруу хөлөн тус газраа хутгалуулж гар утсаа дээрэмдүүлсэн хэрэг гарсан байна.

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчид шуурхай ажиллан, дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн 17-18 насны бүлэг этгээдийг илрүүлэн, шалгаж эхэлжээ.

Дээрэмдэх гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 17-18 насны эмэгтэй Х.Х, эрэгтэй А.З, Э.Б нар үйлдсэн байна.

Х.Х нь фэйсбүүк хаягаар залуучуудтай танилцан, хөл хөдөлгөөн багатай, камерын хяналтгүй, гэрэлтүүлэг муу газрыг сонгон авч, шөнийн цагаар уулзахаар болздог ба энэ үед А.З, Э.Б нар нь зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан, бусдын бие махбодод ноцтой гэмтэл, хохирол учруулан, эд зүйлийг нь дээрэмддэг байсныг нь тогтоон шалгаж байгаа аж.

Цахим орчинд мэдээлэл илүү хурдацтай тархаж буй энэ үед хэн нэгэн таны мэдээллийг ашиглан залилан мэхлэх, хуурамч нэр, хаягаар танилцан гэмт хэргийнхээ хохирогч болгохыг завдаж байхыг үгүйсгэх аргагүй нь дээрх хэргээс харагдаж байна.

Иймд цахим аюулгүй байдлаа хангаж, хувийн мэдээллээ нийтэд дэлгэхгүй, анхаарал болгоомж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Санал болгох мэдээ

Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ …