Л.Энх-Амгалан УИХ-ын дэд дарга боллоо

Л.Энх-Амгалан УИХ-ын дэд дарга боллоо

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хуралд дахь МАН-ын бүлгээс  УИХ-ын дэд даргад Л.Энх-Амгалан гишүүнийг нэр дэвшүүлж байгааг тус бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулав.

Нэр дэвшигч Л.Энх-Амгалан 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуулийг тус тус төгссөн. Тэрбээр 1992-1995 онд МОНЦАМЭ агентлагт редактор, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1996 онд “Интерпресс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 1996-2012 онд Юнител групп, Юнивишн, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогджээ. Улмаар 2016 онд Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

Тэрбээр парламенын болон төрийн албаны туршлагатай, боловсролтой, МАН-ын тэргүүний боловсон хүчин тул Монгол УИХ-ын дэд даргын албыг гүйцэтгэж чадна хэмээн МАН-ын бүлэг үзсэн байна. Дараа нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэр дэвшигчийн талаарх МАН-ын бүлгийн саналыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд санал хэлсэн юм. Тухайлбал, УИХ дахь олонхийн бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга Монголын парламентын бүлгэмийн даргын үүргийг давхар гүйцэтгэдэг уламжлалтайг Л.Болд гишүүн тэмдэглээд улс орны эрх ашигтай хамааралтай парламентын гадаад харилцааны асуудалд хамтран ажиллах саналыг хэллээ. УИХ дахь МАН-ын намын бүлэг доторх шударга өрсөлдөөний дүнд Л.Энх-Амгалан гишүүн УИХ-ын дэд даргад нэр дэвшиж байгааг Ж.Мөнхбат гишүүн онцлоод амжилт хүсч, баяр хүргэв.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 68 гишүүний 98.5 хувь дэмжиж, УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгалан сонгогдлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …