А. Дашпэлжээ:С.Удвал гуай “Би Маршлыгаа олжээ” гэж билээ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон энэ жил 55 дахь тоглолтын улирлын нээлтээ хийж байгаа билээ. Ингээд УДБЭТ-ын уран сайхны удирдаач, Ардын жүжигчин А.Дашпэлжээтэй ярилцлаа.

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театр дэлхийн сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдээр 55 дахь тоглолтын улирлын нээлтээ хийж эхлээд байна. Ер нь театрын хувьд энэ жил ямар төлөвлөгөөний дагуу ажиллах бол?

-Энэ жил манай театрын уран бүтээлийн 55 дахь улирлын нээлт тохиож байна. Улирлын нээлтдээ зориулж бид дэлхийн сонгодог урлагийн шилмэл бүтээлүүдээр нээж байгаадаа тун таатай байна. Бид 140 гаруй жилийн түүхтэй Ж.Вердийн “АИДА” дууриар нээлтээ эхэлсэн. Энэ үеэр тус дуурийг Монголд нутагшуулсан Красноярскийн дуурийн театрын уран сайхны ерөнхий удирдаач Анатолий Петрович Чепурной ирсэн. Тэрээр зааж, сургасан зүйлээ шалгахын сацуу тус дууриа удирдсан юм. Ер нь гадны театруудын нөлөө бүхий хүмүүс ирж байгаа нь уран бүтээлчдэд том сургалт болж өгдөг давуу талтай байдаг л даа. Улмаар энэ сарын 14, 15-нд дэлхийн балетын ноён оргил П.И Чайковскийн “Хунт нуур” балет тоглогдох болно. Мөн энэ мэтчилэн тоглолтуудаа үзэгчдэдээ хүргэхийн сацуу аравдугаар сарыг оркестрын, арваннэгдүгээр сарыг гоцлол дуучид, цаашлаад балетчдын, найрал дуучдын сар гэх зэргээр хөтөлбөртөө тусгасан байгаа. Үүнтэй холбоотойгоор ч мөн адил гадны томоохон уран бүтээлчид манай театраар зочлох юм. Энэ жилийн нээлтийн онцлогууд ийм байна даа.

-Таны хувьд сонгодог урлагтай холбогдоод хэд дэх жилээ угтаж байна вэ?

-Би 1977 онд Болгарын Консерваторт суралцахаар явсан юм. Тэнд таван жил суралцаж ирээд УДБЭТ-т орсон. Тэгэхээр энэ урлагт хөл тавиад 40, театртайгаа хувь заяагаа холбоод 35 жил болжээ. 1996-2000 оны хооронд театрын даргаар ажилласан. Одоо залуучуудтайгаа өрсөлдөөд дуулаад явна гэж юу байхав. Харин уран сайхны удирдагчаар ажиллаж байна. Ер нь олон улсын 200-аад жилийн настай театруудтай жиших юм бол манай театр залуу, шинэ л дээ. Гэхдээ энэ 55 жилийн хугацаанд уран бүтээлчдийн хэд, хэдэн үе солигдсон. Миний үе ч мөн адил өнгөрчихсөн. Тиймээс залуучууддаа төлөвлөлт бодлого, хөгжил зэрэгт нь өөрийн зүгээс тус дэм болоод явж байгаа минь энэ.

Одоо бол залуучууд сонгодог урлагийг ихээр үзэж сонсдог болжээ. Энэ урлагийг ойлгодог, үнэ цэнийг нь мэддэг болсон байна. Анх театр үзэгчдээ татахын тулд “Учиртай гурван толгой”, “Жаргалын зам” дуурь, “Хошуу наадам” балет гэх зэрэг үндэсний сонгодгуудаа тавьж байсан. Харин үзэгчдээ татсны дараагаар дэлхийн сонгодог дуурь, балетийг хүргэж эхэлсэн юм. Мөн тухайн үед маршал Ю.Цэдэнбал байгууллагын дарга нар долоо хоногт нэг удаа дуурь, балет заавал үзэх ёстой гэсэн тушаал хүртэл гаргаж байсан. Үүний үр дүнд 80-аад онд үзэгчид эрс сайжирсан юм шүү дээ. Гэсэн ч нийгэм хувьсан өөрчлөгдснөөр урлагт анхаарал хандуулах нь битгий хэл гэдсээ хэрхэн цатгах вэ гэдэг аюул үүссэн. Яг энэ он жилүүдэд миний үеийн уран бүтээлчид байж таарсан юм. Тэр үед бид үзэгчид хэд ч байсан хамаагүй тоглолтоо таслахгүй байх ёстой гэсэн чиг шугамыг баримталж ажиллаж байсан даа. Ямартай ч бид ч гал таслаагүй шүү.

-Таны хувьд тэдгээр үндэсний сонгодгуудад оролцон тоглож уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан болов уу?

-“Учиртай гурван толгой” дуурийн Балганы дагуул гэж хэдэн навсганасан нөхөд байдаг юм. Тэр хэдэн нөхдийн нэгд нь хамгийн анх тоглож байсан юмдаг. Харин анхны гол дүр нь “Хөхөө Намжил” дуурийн Галдан ноён байсан даа. Биднийг төгсөөд ирэхэд хашир туршлагатай уран бүтээлчдэд даалгаж өгсөн юм. Намайг Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуай халамжлан хүмүүжүүлэхээр боллоо. Дуулах, жүжиглэх урлагийн хувьд гайхалтай авьяастай хүн байлаа. Тэр бүү хэл сайхан ч зурна. Нүүр будалт зэргийг ч маш сайхан хийнэ. Энэ мундаг хүнээс сурсан юм надад их бий. Тиймдээ ч би багшаа гэж хүндэтгэдэг байсан. Түүнээс гадна Юндэнд бэлдэж байх үед минь ахмад уран бүтээлчид их ирж зааж, зөвлөнө. В.Сүрэнхорлоо гэж алдартай Хоролмаа байлаа. Нас нь ч өндөр гарсан байсан даа. Тэрээр надад “Орос шиг байна. Дээлээ сайхан өмс. Монгол эр хүн шиг алх. Ингэж хар. Тэгж хөдөл” гээд л зөвлөнө. Би гэдэг хүн өдөржин л тайзан дээр монгол гутал, дээл хувцастай өнждөг байж билээ. Энэ хүмүүсийн хэлсэн ярьсан зүйл надад маш их үр өгөөж өгсөн дөө. Би нийтдээ 27 дуурийн том, жижиг нийлсэн 40-өөд дүрд тоглосон байдаг юм билээ.

-Харин дэлгэцийн бүтээлүүдээс тань маршал Х.Чойбалсанг дурдахгүй байхын аргагүй. Хамгийн анх “Намрын халуун өдрүүд” хэмээх уран сайхны кинонд энэхүү түүхэн дүрийг амилуулсан гэдэг билүү?

-Залуу уран бүтээлчийн хувьд кинонд тоглох юмсан гэсэн хүсэл битүүхэн байлаа. Тухайн үед ч П.Цэрэндагва, Г.Равдан гээд миний үеийнхэн, арай залуу үеэс Ж.Сүххуяг гээд сайхан уран бүтээлчид ид мандаж байлаа л даа. Энэ хүмүүс шиг болох юмсан гэсэн хүсэл мөрөөдөлгүй залуу уран бүтээлч ховорхон л байсан болов уу. Харин надад 1986 онд кинонд тоглох учрал бүрдсэн юм. Нэг өдөр үдийн цайны цагаараа театрын гурван давхраас доод давхар луу үсэрч харайгаад л бууж явлаа. Одоогийнх шиг өвгөн байгаагүй юм болохоор харайж, дэгдсэн амьтан бууж байгаа юм. Гэтэл хоёр давхарт ахимагдуу настай болов уу гэмээр эмэгтэй бариад авдаг юм байна. Тэгснээ намайг жигтэйхэн хараад байх юм. Би ч “Та яав, ийв” л гэлээ. Намайг цаашаа, наашаа хараатах л гэж байна. Дараа нь манай нүүр будагч Думаа жаажаагийн өрөөнд дагуулаад л орлоо. “Алив Думаа жаажаа энэ хүүг сайхан будаатах” гэдэг юм байна. Би ч Думаагаасаа кино проб хийж байгаа талаар мэдлээ. Будаж дуусангуут миний зураг хөргийг аваад л явлаа. Ингэж л Сономын Удвалын “Намрын халуун өдрүүд” хэмээх кинонд маршал Х.Чойбалсангийн дүрд тоглож байсан юм даа. Хамгийн анхны кинондоо Х.Чойбалсангийн дүрийг бүтээсэн гэхээр их сайхан хувь тохиол гэж боддог юм. Харин намайг барьж авч кино пробонд оруулсан хүн бол Телекино үйлдвэрийн найруулагч Д.Долгор гэж хүн байсан юм билээ. Ингээд кино ч нээлтээ хийсэн. Одоогийнх шиг улаан хивс, цэцэг навч ч байсангүй дээ. Нээлтийнхээ дараа уран бүтээлчид Кино үйлдвэрийнхээ группийн өрөөндөө ирцгээсэн юмдаг. С.Удвал гуай ч ирлээ. Эхнээс нь “Манай П.Цэрэндагвийн дүр болжээ. Аятайхан болсон байна” гээд л хэллээ дээ. Би ч гэсэн зохиолчоороо магтуулчих санаатай л суугаа юм. Миний ч ээлж боллоо. Харин намайг дүгнэн хэлэхдээ “Би маршлыгаа олжээ гэж бодож байна” гэсэн. Сайн, муу гэж нэг ч юм хэлсэнгүй. Би ч дотроо ингээд л болчиж байгаа юм байхдаа гэсэн шүү юм бодоод л өнгөрсөн юм. Харин сүүлд бодоход тэр хамгийн үнэтэй, хамгийн том үнэлгээ байсан юм билээ. Бүр сүүлд л тэр том хүний хэлсэн үгийг ойлгосон гэхээр мөн ч онгироо амьтан байсан байгаа биз. Тэд минь миний зүг чигийг сайн зааж өгсөн гэж боддог юм. Ингээд түүнээс хойш би “Сүүдэрт жилийн зурвас”, “Бүгд найрамдах Монгол ард улсын төлөө зүтгэе” зэрэг зургаан дэлгэцийн бүтээлд маршал Х.Чойбалсангийн дүрийг амилуулсан байна. Тэдгээр дүрүүдийг бүтээхийн тулд маршалын хувцаснуудаас хэд хэдэн удаа өмсч байлаа даа.

-Мөн таныг хүмүүс “Мандухай сэцэн хатан” киноны Өнөболдын дүрээр сайн мэддэг. Энэ дүрд тоглох болсон тухайгаа хуучлаач?

-“Мандухай сэцэн хатан” киног анх Жигжид гуай хийж байлаа. Тухайн үед Өнөболдын дүр Ноёнболд гэдэг нэртэй байсан юм. Харин Жигжид гуайн бие чилээрхэснээр найруулагч төдийгүй жүжигчид ч солигдсон. Чимээ аниргүй учраас дахиж тоглохгүй л юм байлгүй гэсэн юм бодоод явж байлаа. Тэр хооронд ч бас зүгээргүй “Ирж яваа цаг” кинонд тоглоод амжсан. Гэтэл бараг жилийн дараа байна уу даа “Мандухай сэцэн хатан” киноны дүр сонгож байн ир л гэсэн. Очтол Монголын сор болсон жүжигчид хэд, хэдэн үеэрээ инээд, хөөр болцгоочихсон л байж байна. Эхнээсээ дүрүүдээ сонгосоор л байлаа. Ерөнхийдөө Дамчаа, Очирбат гуай Сувд гурав л үндсэн дүрдээ үлдсэн байна л даа. Харин миний нэр гарсан ч үгүй. Гэтэл хамгийн сүүлд Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжинням найруулагч “Өө би Өнөболдын дүрийг мартсан байна. Түрүү зохиолд Ноёнболд гэж гарсан байгаа. Энэ миний хамгийн их хайртай дүр минь. Энэ дүрд дуурийн театрын дуучин Дашпэлжээ тоглоно шүү” гэдэг юм байна. Ингэж л энэхүү түүхэн кинонд тоглож байлаа.

-Та дуу хуурын өлгий Дундговь аймгийн уугуул хүн байх аа?

-Би Дундговь аймгийн Өлзийт сумын хүн. Миний бага нас мал дээр л өнгөрсөн. Дунд сургууль, дотуур байр, нусгай хүүхэд, боов боорцог гээд бусдын л адил бага нас минь өнгөрсөн. Би эхээс 12-уулаа л даа. Миний ээж аав биднийг үнэнч шударга, хөдөлмөрч, аж ахуйч болгож хүмүүжүүлсэн. Үүнд би болоод миний ах, эгч нар үргэлж бахархаж явдаг юм. Манай нутгийнхан ч гэсэн хүмүүжил сайтай хүүхдүүд гэж ярьдаг байсан. Нэг хүн “Манайх хоёр хүүхэдтэй ч үймүүлж, шуугиад хэдэн арван хүний дайтай байх юм. Гэтэл Адилбишийнд буухлаар гэр дүүрэн хүүхэд нь огт хүүхэд байхгүй юм шиг байцгаах юм. Харин хөдлөвөл ажил л хийж байна” гэсэн гэдэг. Миний хувьд 18 нас хүртлээ хөдөө байсан л даа. Дараа нь дотоодын цэргийн 05-дугаар ангид гурван жил цэргийн алба хаасан. Алба хаах үедээ жагсаалын дарга ч хийж явсан. Тухайн үед цэргийн албаа сайн хаавал сум орон нутагт нь албанд томилдог байлаа л даа. Тиймдээ ч цэргээс халагдаад сумынхаа Эвлэлийн үүрийн даргаар томилогдсон. Тухайн үед хашаа хороо барих, хадлан бордоо авах, мал ноослох, цаашлаад урлаг, спортын зэрэг бүхий л ажилд эвлэлийн гишүүдтэйгээ гар бие оролцоно. Харин нэг удаа өөрөө дууны уралдаанд ортол тэнцчихдэг юм байна. Цаашлаад аймагтаа очтол түрүүлчихлээ. Харин дараа нь улсад өрсөлдлөө. Эхний тавд орох юм бол Болгарын Консерваторт оруулахаар байсан юм билээ. Дуурийн дуучдын залгамж халааг бэлдэх үүднээс төрийн бодлогоор ийнхүү бэлдэж байсан хэрэг. Ингэж л азтай тохиолдлоор сонгодог урлагтай холбогдсон юм.

Эх сурвалж:dnn.mn

О.Ариунцэцэг

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: 18-аас доош насны хүүхдэд электрон тамхи борлуулбал үйлчилгээ эрхлэх бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авна

Өсвөр насны хүүхдийн электрон тамхи /vape/-ны хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг …