О.Алтансүх: Дөрвөн настай охиныг жил гаруйн хугацаанд хүчирхийлсэн тохиолдол гарсан

Image result for О.Алтансүх

Таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 14-ны өдөр олон нийтийн сүлжээгээр гарсан. Охины эрүүл мэнд, нөхцөл байдлын талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Л.Алтансүхээс тодрууллаа.  

Тэрбээр охины биеийн байдлын талаар “ Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр охины ээж долдугаар сараас хойш алга болсон. Одоогоор эрэн сурвалжлагдах ажил явагдаж байна. Хорооны хамтарсан багийн мэдээллээр эрсдэлд байгаа хүүхдийн тоонд ордог байсан. Охины биеийн байдлыг Эх нялхсын эрдэм шинжилгээний байгууллага болон, Гэмтэл согог судлалын үндэсний төвд нөхцөл байдлын шинжилгээг авч, хорооны хамтарсан бага хуралдаж дүгнэлт гаргах ёстой. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг үүсвэл энэ хүүхдийг төлөөлөх хүн байх ёстой. Гэвч охиныг төлөөлөх хууль ёсны төлөөлөгч байхгүй тул манай байгууллагаас томилогдсон хүүхдийн өмгөөлөгч төлөөлөн үүрэг хүлээж ажиллана. Одоо хамгаалалтын байранд амьдарч байна” гэж мэдээллээ. 

–  Энэ жилийн хувьд хэчнээн хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бэ? Хэдэн насны хүүхдүүд байна вэ?

-2017 онд бэлгийн хүчирхийллийн 157 дуудлага ирсэн. Үүний 122 дуудлагыг хяналтад авсан. Нийт бэлгийн хүчирхийлэлд өртөгсдийн 58 хувийг 13-18 насныхан эзэлж байна. Зарим тохиолдолд хуурамч дуудлагууд ирдэг . Сүүлийн үед сошиалаар бэлгийн хүчирхийлэл ихсэж байна гэсэн ойлголт түгээмэл байна.  Энэ нь нэг талаасаа харахад өндөр тоо ч өнгөрсөн онтой харьцуулахад нэг төвшинд байна. Энэ жил гэр бүлийн хууль батлагдсанаас хойш гэмт хэргийн тоо цөөрсөн. Бэлгийн хүчирхийлэл үйлдэгчийн 33 хувь нь хөндлөнгийн хүн, 11 хувь нь хойд аав, 15 хувь нь ойрын садан төрлийн хүн, бэлгийн хүчирхийллийн талаарх дуудлагыг мэдээлэгч нь  23 хувь нь өөрөө, 17 хувь нь ээж, 8 хувь нь авга ах, нагац эгч нар эзэлсэн.

-Хохирогчдыг хамгаалах чиглэлээр ямар ажил хийгдэж байна вэ?

-Хамтарсан баг буюу хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, эмч, сургуулийн нийгмийн ажилтан, цагдаа нар оролцсон хамтарсан баг ажиллаж байна. Хамтарсан багаас эрсдэлд буй гэр бүл хүүхдийг тодорхойлох, халамж хамгаалал хэрэгтэй гэр бүлүүдэд туслах бүтэц чиг үүрэгтэй. Бидний зүгээс  НҮБ-тэй хамтран эрсдэлд амьдарч буй хүүхдийг бүртгэх программ хийж байна. Уг программыг хорооны сургуулийн нийгмийн ажилтнууд хөтөлнө. Ийм байдлаар тоо бүртгэл мэдээллийг гарган улсын хэмжээнд гаргахаар ажиллаж байна.

–  Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хэр үр дүнтэй байдаг вэ? 

– Манай байгууллагаас хэрэг үүссэний дараа тухайн хүүхдийн нөхцөл байдлыг дахин нягталдаг. Гэхдээ урьдчилан сэргийлэх ажлыг хэмжиж болохгүйд учир байна. Хамгийн гол нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн  дунд тулгардаг нэг ноцтой асуудал байдаг. Тухайлбал хохирогчид шүүхээр асуудлаа шийдсэн тохиодол ховорхон. Ихэнх бэлгийн хүчирхийллийн тохиолдлуудад 50 гаруй хувийг ураг төрлийн хүчирхийлэл эзэлдэг. Ураг төрлийн хүчирхийлэл гэр бүлийн хүрээнд байдаг учраас илэрдэггүй. Илрээд хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваад ирэхээр гэр бүлийн зүгээс хохирогчийг мэдүүлгээс буцахыг шаарддаг. Хохирогч аргагүй эрхэнд татгалздаг.

–  Ийм тохиолдол олон гарч байв уу? Ямар тохиолдолд хохирогч мэдүүлгээ буцаасан бэ?

– Жишээ дурдахад энэ онд нэг аймгийн суманд дөрвөн настай охин нэг жил гаруйн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байгаа юм. Охиныг хамгаалалтанд авахаар очиход хохирогч өөрөө явахгүй гээд сууж байсан. Үүний учир нь хохирогч гурав, хоёр настай охин дүүтэй. Ийм тохиолдолд миний дүү нарыг хүчирхийлж магадгүй гэж бодоод явахгүй гэсэн байдаг. Дөрөвхөн настай хүүхэд  “би дүү нараа аваад явна” гэж хэлсэн. Тухайн үед охины ээж  ганцаараа үлдэж чадахгүй учраас хамгаалах байранд бүгдийг нь аваачсан. Гэтэл хамгаалах байранд хоносны дараа хохирогч охины ар гэрийнхэн мэдүүлгээсээ буцаж гомдлоо эргүүлэн татсан харамсалтай хэрэг гарсан. Учир шалтгааныг  тодруулахад хохирогч охин тийм юм болоогүй би худлаа хэлсэн гэж тайлбарласан.  Иймэрхүү тохиолдол олон байдаг учраас бид нар стратегийн өмгөөлөллийн ажил хийх гэж байна. Тиймээс хохирогчийг аль шатандаа хүчирхийлэлд өртсөнөөс хамаарч  стратегийн  цогц үйл ажиллагаа бүхий өмгөөлөл хийнэ. Үүнийг дагаад олон хууль журамд өөрчлөгдөх байх.  Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран “Хүүхэд бүрт” нэртэй аппликейшн гаргасан. Энэ аппликейшнээр дамжуулан хүүхдүүдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж эцэг эхчүүдэд таниулах ажлыг хийж байна.

– Хамгаалах байранд одоогоор хэдэн хүүхэд  байна вэ?

– Хүүхэд хамгааллын 108 утасны төв хамгаалах байртай болоод сар гаруй хугацаа болох гэж байна. Хоёр сар орчим туршилтаар ажиллуулж үзсэн. Одоогийн байдлаар 179 хүүхэд түр хамгаалах байраар дамжин өнгөрсөн. Эдгээрийн 40 орчим хувь нь 0-3 насны хүүхэд байна. Энэ тооноос бид юуг харж болох вэ гэвэл Монгол гэр бүлийн төлөвлөлт алдагдсанаас болж 35 –аас доош насны эцэг эхчүүд хүүхдээ анхаарал хандуулахгүй орхигдуулж байна. Тиймээс ирээдүйн залуу гэр бүлийг төлөвшүүлэх зорилгоор ирэх 2019 оноос эхлэн гэр бүл төлөвлөлтийн хичээл орно. Бид нар 26 жил хүмүүжлийн асуудлыг хойш нь тавьсан. Энэ хичээлийг бүх их дээд сургууль, ЕБС-ийн сургуулиудад гэр бүл төлөвлөлтийн хичээлийг сургалтын хөтөлбөрт нэмэхээр ажиллаж байна.

– Ярилцсанд баярлалаа.

   Э.Ариун

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …