Энэ үнэн үү, “Aлтaн гaдac”-чид аа?

Төр засаг маань ч ойлгож мэдэрч байгаа, харин одон медаль, гавьяатад нэгэнтээ донтчихсон олон түмнийг яаж гэдрэг ухраах вэ? Мэргэн хариултаа монголчууд минь хэлж айлдаач!

Нэг. Их оюунтaн Taнд сэрэмжлүүлж байна!

Тэрээр орчин цагийн Монголын нэрт хөгжмийн зохиолч асан нэгэн. Бүх алдар нь өнгөрсөн зуунд хамаарна. Өөрөө бүх цол гуншингуудаа “тус болох нь бага” хэмээн ярьсан учраас би энд түүнийг нь жагсаахыг бодсонгүй. Уг нь жагсаавал лав хуудасны талыг элбэг бөглөчихнө.

Тэрээр тун эрүүл саруулаар сэтгэж, бүр бидний бодоогүйг бодуулж, орчин цагт “Алтан гадас”-ын цуваанд оочирлогсод ба донтогсдод гутамшигт явдлыг нь заагаад өгчих шиг санагдсан учраас би бүр баяртайгаар зориуд эшлээд нийтлэлээ гарчиглаад сийрүүллээ.

Та миний бичсэнд итгэхгүй байгаа бол “Би” Д.Лувсаншарав /Теленэвтрүүлэг/ буюу дэлхийн алдартай сайт болох ttps://www.youtube.com/ руу ороод үзээрэй.

Тэрээр яг ингэж ярьсан байна:

  • Миний хувьд бол ярихад одоо төрөөсөө, ард түмнээсээ одоо ер нь бүхий л шагналуудыг хүртлээ. Энэ хүртсэн шагналууд маань миний одоо уран бүтээл хийхэд бол маш их дэмжлэг болсныг би хэзээ ч үгүйсгэхгүй.
  • Энэ бол одоо төр засгаас маань, ард түмнээс маань одоо одон медаль, алдар цолоос эхлээд одоо Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртэл одоо олгосон явдалд бол баярлаж байдаг юм.
  • Тэгэхдээ энэ их юу маань, гавьяа шагнал маань одоо тэр хичнээн ч одоо үнэмлэх байдаг юм, одон медаль байдаг юм, одоо тэгээд нэг сайхан одоо дурсгалын зүйлүүд юм даа.
  • Энэ бол одоо манай үр хүүхэд маань хадгалж явах, одоо хүндэтгэж явах ийм сайхан дурсгалын л юм.
  • Тэрнээс одоо өнөөдөр яг амьдралд хэрэгцээтэй зүйл, хэрэгцээний одоо, одоо бол тийм, хүнд хэрэгцээ нь их болчихсон байна шүү дээ. Хүнд ер нь тийм л дээ. Амьдралд идэх өмсөх, одоо эдийн засгийн хичээл заахад л хүн яаж, хүн ер нь хамгийн түрүүн одоо хоол унд, хувцас хунар, орчин гэж л заагддаг хэвээрээ шүү дээ. Хэзээ ч устахгүй.
  • Тэгэх дээр энд юу хэрэгтэйв, санхүүгийн дэмжлэг одоо хэрэгтэй болохоос хичнээн ч одоо их алдар цол байж бай, хичнээн нэр хүнд байж бай энэ бол одоо төдийлөн тус болох нь бага л даа. Бага байдаг гэж би боддог юм. Тийм ч байна. Би өөрийнхөө жишээгээр харахад л, тийм, тэтгэвэрийнхээ цөөн төгрөгөөр л болгож байна.

Би энд “ба”, “бэ”-гүй буулгаж байгаа тул “одоо”, “одоо” гэсэн үг их орсон, ярианы хэл давамгайлах шиг боллоо. Тэр их хүний ярьсныг яг байгаагаар нь интернэтээс сонсож буулгаж байгаа хэрэг л дээ. Хожим гуйвуулж мушгих, зарга хийх вий гэдгээс зохиогч би булзаж байгаа нь тэр юм.

Миний олон жилийн турш ярьж бичээд байдгийг маань энэ их хүн, энэ их оюунтан хэлчихсэнд, бүр анхааруулсанд нь талархаад баршгүй. Төр засаг маань ч ойлгож мэдэрч байгаа, харин одон медаль, гавьяатад нэгэнтээ донтчихсон олон түмнийг яаж гэдрэг ухраах вэ? Мэргэн хариултаа монголчууд минь хэлж айлдаач!

Хоёр. “Алтан гадас”-ын үнэ цэнэ!

Морьдын тоосонд дарагдана гэдэг шиг монголчууд бултаараа одон медаль, гавьяатын төлөөх үхэх сэхэхээ үзсэн тулааны тоосонд дарагдаж яваад нь харамсах, гутрах, элэглэх явдал монголчуудад өөрсдөд нь биш гэлээ гэхэд хамтрагч, түншлэгч гадаад улс орнуудад түгээмэл болсон юм билээ. Ардчиллыг ард түмний баялаг амьдралтай хослуулж чадаагүйн гашуун сургамжийн жишээ болгон гадаадад Монголыг нэр заадаг бол түүний дотор чинь одон медалийн төлөөх аяныг хошин шог, тэнэг үзэгдлийн жишээ болгон ярьж хэлж байна цаанa чинь!

2017 он Ерөнхийлөгчийн сонгуулийн жил болсон биш Ардчилсан Намын орон нутгийн салбар хороо, үүрүүдэд одон медаль, “Алтан гадас”-ын төлөөх үхэх сэхэхээ үзсэн тулаан зусангаа өрнөөд одоо үргэлжилж байгаа нь нууц биш юм.

Орхон аймаг, Эрдэнэт хотын АН-ын удирдах албанд тохоогдсон, УИХ-д нэр дэвшээд бараг ялан алдаж байсан нэг залуу нөхөр маань миний нүдийг орой дээр гартал надад үлгэр ярилаа. Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөсөн биш АН-ын нэр дэвшигчээ ялуулсан “гавьяа”-тай хэдэн зуун хүн Эрдэнэт дэх АН-ын офис байрыг сандаачих шахан “Алтан гадас” нэхэж гэнээ. Үг хэлээр дайрч доромжлох, дарамтлах, барьцах, явган хэрүүл, ер нь юм юм л болсон юм байх. Одоо ч үргэлжилсээр.

Манай тэр найз маань Улаанбаатарт ирж АН-ын төв байранд “Алтан гадас”-ын өргөх бичгээ барьсан, хариу нь ч дороо гарчээ. “Тэр хар төмрийг хайрлаад байхдаа яадаг юм, хүссэнээр нь хуу олго, тараа, өг!” гэсэн хариу гарчээ. Ёстой бодитой атлаа, шулуун шударга, зөв хариулт байна. АН-ын дарга нарт баярламаар.

Мань найз маань “Алтан гадас” 100 ширхэгийг мэдүүлж авч очоод түрүүчээс нь эздэд нь гардуулаадахжээ. АН-ын дарга нар Эрдэнэтэд очин гуч, дөчөөр нь гардуулсан ба одоо 30 үлдээд буй. Гэтэл одон гардуулсан биш бүр долоон дор хэрэг дэгдэв. Тэр “100”-д орж чадаагүй үй түмэн ардчилагчид ярайтлаа тэмцэх нь тэр. Эсэргүүцлийн дуу хоолойгоо хаа хаагүй л өргөж яваа сурагтай. Эсэргүүцэгчдийн амыг юүхэн хээхнээр таглахгүй бол Эрдэнэтийн АН-ын дарга нарын амь насанд биш юм аа гэхэд, амин зуулга, авгай хүүхдэд нь халтай болоод иржээ. “Алтан гадас” нэхэхийн хажуугаар, хэрэв “Алтан гадас” олгуулахгүй бол хүүхдийн сургалтын төлбөр төлж аль, эсвэл эмчилгээний зардал, банкны зээлийн өрийг төл, ядаж л гэрийн бүрээс өг хэмээн нэхсэн ардчилагчид Эрдэнэтийн АН-ын байраар өдөр бүр хөлхөөстэй. Харин нөгөө нэг зуун “Алтан гадас”-тангууд зусангаа найр наадам хийгээд мөнгөөрөө шатаж, эрүүл мэндээрээ хохирч байгаагаа ухаарах сэхээ алга, одоо ч тэмдэглээд хэсээд яваа сурагтай.Ядаж л хадаг, мөнгөн аяга, амьд цэцэг, хорхой ааруул хаданд гарч эрэлт хэрэгцээ ихтэй байгаа гэнэ.

“Алтан гадас”-ын тухай энэ үлгэрт Лувсаншарав гэх оюунтан, хөгжмийн суут зохиолч, мөн АН-ын дарга нар хариу барьчихсныг би чадан ядан хоёр талаас нь эвлүүлж бичиж байна шүү.

Ичиж үхэх болоогүй юү монголчууд минь? Лувсаншарав гуай “төдийлөн тус болох нь бага”, “нэг сайхан л дурсгалын зүйлүүд” гэчихсэн байна.АН-ын удирдлагууд чинь бодитой сэтгээд “тэр хар төмрийг юуг нь хайрладаг юм бэ?” гэчихлээ.

МАН-ын дарга нар ч яг тэгж хэлэх цаг нь ойртсон байх. Учир нь манай хорооны засаг даргаар МАН-ын нэг нөхөр байх үед мань нөхөр баахан “Алтан гадас” өвөртөлчихсөн “Манай намд саналаа өгөөрэй” хэмээн хорооны өрхийн хөгшчүүлд тарааж явсан ба миний таних хөгшнийд андуурч хоёр удаа ороод хоёр ч “Алтан гадас” өгчихсөн хөглөж явсныг би санаж байна. Тэгэхлээр МАН-аас одон медаль нэхэхчид олдоно уу гэхээс АН-ынхнаас цөөднө гэж ер байхгүй.

Дээр эшлэсэн хоёр гуравхан гашуун үнэн үг монголчууд Та нарт юм бодогдуулахгүй байна уу? Эсвэл одон медаль, гавьяатын төлөөх үхэх сэхэхээ үзсэн тулааны тоосонд дарагдсаар яваад XXI зууныг туулах юм уу?

Жилд 10-ыг олгодог бол хэн ч ингэж хэлэхгүй, би ч зориглож бичихгүй. Жилд хэдэн мянгаар нь олгодог “Алтан гадас” өөрөө үнэгүйтэж, түүний хойноос үхэлдэх хүн Та үнэгүйтэж, тэр хэдэн мянгын дотор Та ердөө нэг нь болж яваадаа дүгнэлт хий, ичиж үх гэж л хэлэх гэсэн юм!

Нийтлэлч Баярхүү 

Зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …