Зургаан орны уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн Урчуудын эвлэлд болж байна

Монгол, Хятад, Франц, Герман, Итали, Испанийн уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн өчигдөр Урчуудын Эвлэлд нээлтээ хийлээ. Долоон хоногийн хугацаатай үргэлжлэх уг үзэсгэлэнд Монголоос Ж.Гэрэл, Н.Орхон, Б.Нандин-Эрдэнэ, Д.Соёлмаа, Д.Баатарсүрэн, Г.Эрдэнэбилэг, Ц.Энхжаргал гэсэн уран бүтээлч оролцож байна. Үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэл, Хятад Францын урлагийн солилцооны нийгэмлэг болоод Туурай тамгат нутаг ХХК хамтран зохион байгуулжээ.

Өөр өөрийн хэв маяг, утга санааг илэрхийлсэн уран бүтээлийг сонирхохоор ирсэн үзэгчдээс бүтээлүүдийн талаарх сэтгэгдлийг   нь асуухад зураач, кино зохиолч Д.Эрдэнэбат “Уран бүтээл бүр амьдралын нарийн зүйлийг гаргаж харуулдаг. Энэ дундаас Испанийн зураач эмэгтэй Мариа Торрэсын эмэгтэй хүн үрээ тээж төрүүлэхтэй холбоотой гүн утга бүхий, хурц бүтээлүүд сонирхол татаж байна” гэсэн.

Германы фото зурагчин эмэгтэй Утэ Бруно “Би олон орноор аялаж  амьдралын өнгө аясыг тусгасан олон зураг авдаг. Ихэвчлэн хар цагаан өнгөөр бүтээлээ илэрхийлдэг бөгөөд Монгол орон миний хувьд их өвөрмөц газар. Би Монголд ирэхийг олон жилийн өмнөөс хүсч байсан.  Монгол ороны талаарх судалгаа хийх явцдаа хэд хэдэн удаа нулимс дуслуулан уйлж байсан удаа надад бий. Одоо өөрийн биеэр энд ирж, бүтээлээсээ сонирхуулан, өөрийн нүдээр Монгол хүмүүс болон газар нутгийг нь үзэж байгаа нь миний хувьд их ач холбогдолтой үйл явдал”гэлээ. Италийн өрөг урлаг бүтээгч Саймоне Франс “Би орон орны чулууг судалж тэдгээрийг дээр  дээрээс нь өрж чулуун өрлөг бүтээдэг. Энэ бол ерөнхийдөө байгалийн болон хүний сэтгэлийн тэнцвэрийг илтгэсэн зүйл. Чулууны нэг үзүүрийг нь  өөр чулуун дээр тогтооход миний зүгээс санаа сэтгэлээ мөн тэнцвэрийн байдалтай байлгах явдал хамгийн түрүүнд шаардагддаг. Өрлөгтөө дандаа судалгаатай чулуунуудыг ашигладаг” хэмээсэн ба үзэсгэлэнгийн үеэр чулуун өрлөг хийж сонирхуулсан юм.

 

 

 

 

Б.Халиун


Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …