Б.Ганбат: Монгол улсын шилдэг 50 залуу “Сочи”-г зорино

“Дэлхийн Оюутан, Залуучуудын ХIХ Их Наадам”-д оролцох Монгол Улсын төлөөлөгчдийн Хэвлэл мэдээллийн багийн ахлагч Б.Ганбаттай ярилцлаа.

-Юуны өмнө наадмын талаар танилцуулна уу?

 –Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гадаад харилцааны салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд дэлхийн улсуудтай соёл урлаг, спортын салбарыг бэхжүүлж, найрсаг харилцааг бататгах, үзэсгэлэн зохион байгуулах, гадаадад эх орноо болон үндэсний соёл урлагаа сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн оюутан залуусын XIX их наадам”-д оролцохоор салбар салбарын шилдэг 50 залуу шалгараад байна.

Энэхүү үйл ажиллагааг ОХУ-ын оюутан, залуучуудын байгууллагууд санаачилж, ерөнхийлөгч Владимир Путины дэмжлэгтэйгээр ОХУ-д зохион байгуулах эрхийг авахаар Дэлхийн ардчилсан залуучуудын холбоонд санал хүргүүлсний дагуу уг наадам 2017 оны 10 дугаар сард ОХУ-ын Сочи хотод зохион байгуулагдах гэж байна. Өмнө нь ОХУ “Дэлхийн оюутан, залуучуудын их наадам”-ыг 1957, 1985 онуудад зохион байгуулж байсан. Ийнхүү 32 жилийн дараа ОХУ-д дахин зохион байгуулагдахаар болсон бөгөөд уг наадам нь дэлхийн 180 орны 50,000 гаруй залуусыг нэгтгэсэн олон улсын залуучуудын хамтын ажиллагааны салбарын хамгийн том үйл явдал болох юм.

-Дэлхийн ОЗ-ын их наадмын гол зорилго юу вэ?

-“Энх тайван, эв нэгдэл, нийгмийн шударга ёсны төлөө аливаа түрэмгийллийн эсрэг бид тэмцэж байна” гэсэн уриан дор зохион байгуулагдах энэ наадам нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, энх тайван, эв найрамдлын төлөө ирээдүй хойч үеийг нэгтгэх чухал ач холбогдолтой гэж харж байна.

Мөн залуучуудад өнөөдөр хамгийн ихээр тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр чөлөөт хэлэлцүүлгүүд зохион байгуулж, эндээс гаргасан санал, шийдлүүдийг цаашид бодлогын бичиг баримтад тусгах, тогтвортой хөгжлийн зарчмаар хөгжих асуудалд манлайлагч залуучуудын үзэл бодол, дуу хоолойг нэгтгэхэд энэ наадмын үйл ажиллагаа чиглэж байна. Үүнээс гадна спорт, урлаг, соёлын хөтөлбөрүүдээр дамжуулан дэлхийн залуучуудын харилцан ойлголцол, найрсаг, нэгдмэл харилцааг бэхжүүлэх, орон орны соёлыг таниулах зорилготой үзэсгэлэн зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

-Наадам ОХУ-ын Сочи хотод зохион байгуулагдах юм байна. Хоёр улсын хамтын ажиллагаанд ямар эерэг хандлага авч ирэх вэ?

 –Оросын Холбооны Улс бол Монгол Улсын хувьд стратегийн түнш, найрамдалт хамтын ажиллагаатай, олон зууны туршид хамтдаа хөгжиж ирсэн мөнхийн хөрш маань юм. Тиймээс бид тус улсын Сочи хотноо явагдах “Дэлхийн оюутан залуучуудын XIX Их наадам”-д өндөр ач холбогдол өгч, оролцох бэлтгэлийг хангах Үндэсний Комисс байгуулан ажиллаж байна. Комиссын бүрэлдэхүүнд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, ГХЯ, БСШУСЯ, БОАЖЯ гэх мэт төрийн байгууллагын төлөөлөл, Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутны холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо гэх мэт залуучуудын төрийн бус байгууллагын төлөөлөл болон үндэсний хэмжээний соёл урлаг, спортын байгууллагуудын төлөөллөөс хамгийн шилдэг залуусыг илгээхээр хичээн ажиллаж байгаа.

 –Оролцох залуучуудыг сонгон шалгаруулсан тухай ярилаа. Ямар шалгуурыг хангасан оюутан, залуучууд оролцохоор болсон бэ?

           Монгол Улсаас оролцох төлөөлөгчдийг дараах шалгуураар сонгосон.

  1. НҮБ-ын албан ёсны 6 хэл /Орос, Англи, Франц, Испани, Араб, Хятад/-нээс 1 болон түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх.
  2. Төлөөлөгчдийн насны хязгаарыг 18-35 (эрэгтэй 40%, эмэгтэй 60%)-аар тогтоосон байх.
  3. Залуучуудын наадмын мэтгэлцээний төрөлд оролцогчдын 50%,

Спортын төрөлд оролцогчдын 25%,

Соёл урлагийн төрөлд оролцогчдын 25% нь

  1. Төлөөлөгчид дээд боловсролтой, салбартаа манлайлагч байх гэх зэрэг өндөр шалгуураар оролцуулж байна.

 –Хэчнээн залуучууд сонгон шалгаруулалтад оролцсон бэ?

–  Үндэсний комиссын шийдвэрийн дагуу Монголын Үндэсний телевиз, ТВ5 телевизээр наадмын талаарх шторкийг хөрвүүлэн цацаж сонирхсон залуучуудыг тусгайлан нээсэн цахим хуудсанд бүртгүүлэхийг хүссэний дагуу нийт 250 гаруй шилдэг залуучууд бүртгүүлсэн. Оролцогчдын сонгон шалгаруулалтыг шаардлагын дагуу зохион байгуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улаанбаатар хот дахь Оросын соёл, шинжлэх ухааны төв хамтран гүйцэтгэж, оролцогчдоос хэлний түвшнийг тогтоох болон наадмын арга хэмжээнд оруулах хувь нэмрийн талаар зохион бичлэгийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 6 хэл дээр бичүүлэн шалгаруулалтыг явуулсан.

-Наадам ямар хугацаанд зохион байгуулагдах вэ?

-Москва хотын “Улаан талбай”-д 2017 оны 10-р сарын 14-ны өдөр баярын жагсаал болох бөгөөд 2017 оны 10-р сарын 15-22-нд наадмын гол үйл ажиллагаа тус хотын “Олимпийский” паркад зохион байгуулагдана.

-Дэлхийн хэдэн орны залуучууд оролцож байгаа вэ?

-Уг наадамд 180 орны 18-35 насны 50,000 гаруй оюутан, залуус оролцож байгаа.

-Наадмын үеэр олон төрлийн үйл ажиллагаа болох юм байна. Хамгийн чухал ач холбогдолтой зүйл бол хэлэлцүүлэг. Ямар сэдвийн хүрээнд явагдах вэ?

 –НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд дэлхий дахиныг тогтвортойгоор хөгжүүлэх залуучуудын үүргийг тодорхойлох зорилгоор дараах 11 төрлийн сэдвүүдээр олон улсын залуучууд 4000 хүний багтаамжтай Медиа төвд 5 бүлэг, 6 дэд бүлэг болон хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн.

 

Д/д Хэлэлцүүлгийн сэдэв
1 Эдийн засаг ба бизнес эрхлэгчид
2 Шинжлэх ухаан, технологи
3 Эрүүл мэнд, халамж үйлчилгээ
4 Соёл ба түүх
5 Улс төр ба олон улсын аюулгүй байдал
6 Боловсрол
7 Газар нутгийн хөгжил, хөдөө аж ахуй ба хот төлөвлөлт
8 Сэтгүүл зүй ба медиа
9 Иргэний нийгэм ба сайн дурын үйл ажиллагаа
10 Экологи
11 Дэлхийн ардчилсан залуучуудын холбооны форум

-Соёлын ямар арга хэмжээ хөтөлбөрт багтсан бэ?

Үндсэн соёлын хөтөлбөр нь 15000 хүний багтаамжтай Медалс плазагаас шууд дамжуулагдах бөгөөд Олимпийн паркийн музей, задгай талбайд үйл ажиллагаагаа зохион байгуулна. Уг хөтөлбөрийн хүрээнд орон орны хоолны фестиваль, том хэмжээний шоу хөтөлбөр, тайзны бүтээл, кино энимэйшн фестиваль, олон төрлийн үзэсгэлэн, 70 гаруй үйлдвэрчний эвлэл, нэгдэл, их дээд сургуулиудын танилцуулга болон бусад төрлийн олон сонирхолтой зүйлс багтсан.

-Монгол улсыг дэлхийд сурталчилдаг гол зүйл бол спорт. Спортын ямар төрлүүдээр өрсөлдөх вэ?

Спортын   хөтөлбөрүүдэд олон төрөлт багийн спартакиад (хөл бөмбөг, сагсан бөмбөг, волейбол ба бусад), экстрэм парк (skateboard, BMX, parkour, motorcycle, rolling skate), үндэсний спорт (городок, лапта болон Оросын үндэсний тоглоомууд), “Фестивалийн замууд” дугуйн уралдаан, дугуй унаж эрчим хүч гарган ухаалаг гар утас, төхөөрөмжөө цэнэглэх эко уралдаан, дарвуулт завь гэх мэт уралдаанд оролцохоос гадна залуус цомын төлөөх олон улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм.

Ярилцсанд баярлалаа

Н. Батцэнгэл

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …