Ухаантай төрөхийн зовлон

Орос дуу сонсож өссөн миний үеийнхэн 14-15 орчим нас хүрээд Виктор Цой гэдэг шинэ шүтээнтэй болж билээ. Би ч ялгаагүй, түүнд унадаг л байлаа.  Солонгос Оросын эрлийз, авьяаслаг энэ залуу “ид үедээ” хорвоогоос хальсан нь даанч харамсмаар. Хойд хөршийн маань эстрадын оддын бүхий л шоу тэр үед Цойгийн дуугаар өндөрлөдөг байсан гэдэг. Хэрэв тоглолтын эхэнд юм уу дунд хэсэгт тэр дуулчихвал үзэгчид сэтгэл ханаад шууд тарчихдаг тул задгай стадионы цугларалтуудад хамгийн сүүлд Цойг гаргадаг байж. Виктор Цой үнэндээ “үзэгдэл” байлаа. Тэр дуучин төдийгүй ая зохиогч, гитарчин, яруу найрагч, зураач, жүжигчин. ОД болохоосоо өмнө уурын зуухны галч хийдэг байв. Рок хөгжим, тэр дундаа пост панк болон панк рокийн орос дүр төрх юм. “Улаан шар өдрүүдийн эцэст” хэмээх энэ дуу “Кино” хамтлагийн топ хитүүдийн нэг. Хэдэн жилийн өмнө Аюур хүүгийнхээ хүсэлтээр энэ дууны шүлгийг яг таван минутад орчуулсан юм аа. Сая өөрөөр нь засуулж ч хянуулсангүй, дэвтэр завсар явсан мөнхүү нооргоос хуулаад тэр чигээр нь нийтэлчихлээ. “Кукушка”, “Нам с тобой”, “Группа Крови” гээд олон гоё дууг нь манай үеийнхэн андахгүй. Аюур бид хоёр Цойгийн дууг үе үе нийлж дуулдаг. Дуулах ч гэж дээ, нийлээд хашгирдаг юм. Хүүхдүүд чихээ дараад зугтана, хоёулаа харин 80-аад оны сүүл рүү яваад оччихно доо.

УЛААН ШАР ӨДРҮҮДИЙН ЭЦЭСТ

Миний галт тэрэг зогсоолдоо иржээ
Ахиад л, явах цаг минь болжээ.
Гадаа намайг салхи хүлээнэ.
Гадаа намар эгч минь иржээ.
Дахилт:
Улаан-шаргал өдрүүдийн эцэст
Урт өвөл эхэлж, дуусна.
Ухаантай төрсний зовлон минь ээ!
Уйтгарлах хэрэггүй, хөгжүүн бай!
Бамбайтайгаа, эсвэл бамбайн дээрээ,
Баяжаад, эсвэл хоосроод
Алин ч бай би гэртээ харина аа
Аль болохуйц хурдхан харина аа.
Өршөөлгүй гудамжны хэрүүлээс
Уйдаж залхагсдын тухай
Өм цөм урагдсан зүрхний сүм,
Тэр сүмд очигсодын тухай алив яриач!
Дахилт:
Улаан-шаргал өдрүүдийн эцэст…
Хорвоог хайр залдаг мэтээр зүүдэлж явлаа.
Хорвоог мөрөөдөл бүтээдэг гэж зүүдэлж явлаа.
Хосгүй тэр зүүдэнд минь од гэрэлтэвч
Хоосон зүүднээс сэрээд би зовлонг л үзлээ.
Дахилт:

Улаан-шаргал өдрүүдийн эцэст…

Жич: “Бамбайтайгаа, эсвэл бамбайн дээрээ” гэдэг нь эртний спартчуудын дайнд хүүгээ үдэхдээ хэлдэг байсан үг. “Нэг бол ял, эсвэл үх!” гэсэн утгатай. Дайнд үрэгдэгсдийн цогцсыг бамбайн дээр нь тавиад хүргэж ирдэг байж л дээ.
Өөрөөр хэлбэл, бамбайгаа бариад зөвхөн урагш яв (БАМБАЙТАЙГАА!), эс бөгөөс БАМБАЙН ДЭЭРЭЭ, эр хүний үхлээр эргэж ир! гэсэн тушаал. Цойгийн дотоод сэтгэл, зоримог, эршүүд зан энэ дууны шүлгэнд их илэрсэн санагддаг.

 

Эх сурвалж:facebook.com/Өлзийтөгс-Лувсандорж

Санал болгох мэдээ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль “Ай Си Ти” групптэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль  өнөөдөр /2024.04.10/ мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Ай Си Ти” …