Дэлхийн сонгодгуудыг амилуулсан “Сонгодог урлаг – 80 жил”-д урьж байна

Үзэгч, сонсогч олныхоо сонорыг мялааж сонгодог хөгжмийн урлагийн “охь-дээж” болсон гайхамшигт бүтээлүүдийг хүргэх нэгэн үдэш энэ сарын 11-ний үдэш 19 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тохиох гэж байна. Тэрхүү “Сонгодог урлаг – 80 жил” тоглолтонд Иоганн Себастьян Бах, Антонио Вивальди, Фридрих Шопен, Жузеппе Верди, Дмитрий Шостакович гээд алдар суутай олон олон хөгжмийн зохиолчдын сор болсон шилдэг бүтээлүүд эгшиглэн дэлхийн сонгодгуудыг амилуулж, хүрэлцэн ирсэн та бүхэнд сэтгэлийн таашаалыг бэлэглэх болно оо.

Монгол хүн дэлхийн сонгодог урлагтай холбогдож, тэрхүү гайхамшигт урлаг манай улсад хөгжих эхлэл тавигдсаны 80 жилийн ойд зориулж буй уг тоглолтонд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Анхбаяр, Э.Отгонбат, Ш.Наранчимэг, С.Бат-Эрдэнэ, Л.Болдцэрэн нарын зэрэг шинэ үеийн сонгодог дуурийн дуучид та бүхэнд уран бүтээлээсээ толилуулах бол Өрнө дахинд хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн, шинэ цагийн сонгодог хөгжимчдийн нэгэн оргил болох морин хийлч Д.Амармэнд, залуусын найрал хөгжимчид нэгэн тайзнаа “дөрвөн төгөлдөр хуурч”-ийн хамтаар ая эгшгээ өргөх юм.

Хэдийгээр Монгол орны хөрсөнд, монгол хүний оюун, сэтгэлгээнд сонгодог урлаг хожуу ирсэн ч гэлээ өрнө дахинаас дутахгүйгээр хөгжүүлж чадсан, олон улсын тайзнаа гайхуулж чадсан манай шинэ үеийн уран бүтээлчдийн гайхамшигтай тоглолт энэ орой болно. Тэртээх он жилүүдэд үүсэн байгуулагдсан Уран сайхны сургуулиас өнөөдрийн Монгол Улсын Консерватори хүртэлх 80 жилийн түүх бол Монголын хөгжмийн урлагийн түүх, сонгодог хөгжмийн урлагийн 80 жилийн түүх билээ.

Мөн энэ үдэш балетын урлагийн шүтэн бишрэгчид андахгүй сайн мэдэх О.Анужин, Нацагдорж нар Л.Минкусын “Дон Кихот” балетын шилдэг тоглолтуудыг танд мэдрүүлнэ. Үдшийн бас нэгэн гайхамшиг бол уран зураг. Дэлхийн сонгодог хөгжмийн эгшиг – бүтээлээр та бүхний сонорыг мялаахын зэрэгцээ мэлмий баясгасан уран зургийн үзэсгэлэнгээр таныг аялуулах болно. Зураач Т.Сарангоогийн шинэхэн бүтээлтэй танилцах боломж энд бий. “UB art” галерейн залуус та бүхэнд үзэсгэлэнгийнхээ дээжсээс толилуулах ба зөвхөн энэ үдшийн зочдодоо зориулан сьюрприз барих юм байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …