Photo by MediaPunch/AP Images

Алдарт дуучин Жорж Майклийн амьдралыг харуулсан фото түүх

Английн алдартай дуучин  Жорж Майкл нь 1963 оны 6-р сарын 25-ны өдөр мэндэлжээ.Дуучин Жорж Майкл 1980-аад оны үед Wham! хамтлагаар алдаршжээ.

Майкл, Эндрью Рижли нар хамтран Wham! хамтлагийг үүсгэн байгуулсан бөгөөд “Last Christmas”, “Club Tropicana”, “Wake Me Up Before You Go Go” зэрэг олон хит дуу бүтээсэн юм.


Жорж Майкл 1984 оноос бие дааж, соло уран бүтээл туурвиж эхэлсэн юм. Бие даасан анхны уран бүтээл “Careless Whisper” нь дэлхийн олон улс оронд No.1 болж чадсан билээ.

Wham! хамтлагийг орхиж, бие даасан уран бүтээл хийж эхэлснээс хойш тэр “Faith”, “Jesus To A Child”, “Fastlove” зэрэг хит дуугаараа олон арван шагнал хүртжээ.

1987-2010 он хүртэлх хугацаанд алдарт дуучин Жорж Майклын цомог 100 сая гаруй хувь борлогдсон амжилтаараа дэлхийн шилдэгт багтсан юм. Жорж долоон удаа Их Британийн хамгийн шилдэг сингл цомог гаргасан дуучнаар шалгарсан бол, 2008 онд Биллбордод түүний найман хит дуу нь багтаж байжээ.

Жорж Майкл урлагийн салбарт Арета Франклин, Элтон Жонн, Queen хамтлаг, Мэри Жей Блайж гээд олон алдартантай хамтарч уран бүтээл хийсэн байдаг. Арета Франклинтай дуулсан “I Knew You Were Waiting” дуу нь олон оронд хит чартыг тэргүүлжээ.

Уэльсийн гүнж Диана түүний үнэнч шүтэн бишрэгч байв. Тэд дотны найзууд байсан бөгөөд 1997 онд Дианагийн оршуулгын ёслолд Жорж Майкл оролцож байжээ.

Түүний хамтран амьдрагч Анселмо Фелеппа 1993 онд цус харваж, нас барсан нь Майклд том цохилт болсон гэдэг. Түүнээс хойш гурван жилийн дараа тэр Кенни Госстой учирч, тэд 2009 онд хүртэл хамт амьдарчээ.

Сүүлийн хэдэн жилд Жорж Майкл эрүүл мэндийн асуудалтай байв. 2011 онд тэр хатгаа тусч, Вьена хотын эмнэлэгт бүтэн сар гаруй хэвтэн эмчлүүлж байжээ.

Жорж Майкл хамгийн сүүлд “Лондон-2012” олимпийн хаалтын ёслолд оролцсоны дараахан аялал тоглолт хийжээ. Тэр нас барахынхаа өмнө шинэ цомог гаргахаар ажиллаж байжээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Энхийг сахиулагчид Сар шинийн баяраа тэмдэглэлээ

   БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын …