Б.Мягмар:Эрүүл мэндийн салбарын ажилчид ирэх онд бүсээ чангалахгүй

17/10/11 10:20

304 Үзсэн

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр Олон улсын Валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт шаардлага хүргүүллээ.

Энэ үеэр  Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Б.Мягмараас  дараах зүйлийг тодрууллаа.

-Танай холбооноос Олон улсын Валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт ямар  шалтгааны улмаас шаардлага хүргүүлсэн бэ ?

– Энэ он гарсаар эрүүл мэндийн салбарын ажилчид цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Энэ хугацаанд Хөдөлмөр нийгмийн  зөвшилцлийн улсын гурван талт хэлэлцээрт нэгдүгээр сард байгуулагдаж төсөв батлахаас өмнө  нэмэлт хэлэлцээр байгуулагдах замаар  тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын  цалинг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэж Засгийн газар амласан. Харамсалтай нь  ирэх оны төсөвт цалин нэмэгдүүлэх нэг ч заалт, эх үүсвэрийг тусгаагүй байгаа юм.Үүний гол шалтгаан нь ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж  байгаатай холбоотой гэж тайлбарласан.

Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбар, боловсролын салбарын ажилчид цалин нэмэгдүүлэхийн  тулд багагүй тэмцлээ. Гэвч өнөөдрийг хүртэл  үр дүн гарсангүй. Хэдийгээр УИХ-ын гишүүдийн зүгээс цалинг нэмэгдүүлэх талаар дэмжиж ажиллана гэсэн боловч,  төсөв барьж байгаа Сангийн яам ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрийн дагуу  ажиллана гэсэн. Сангийн яам бол цалин тэтгэмжийг 2019 оноос хойш нэмэхгүй  хатуу байр суурьтай байгаа. Тиймээс  өнөөдөр эрүүл мэндийн салбарын  ажилчид  ОУВС-нд шаардлага бичиг, цалинг  нэмэгдүүлэхийг шаардсан 23 мянган  эмч эмнэлгийн ажилчдын гарын үсгийг хамт хүргүүлсэн.

– ОУВС-гаас  эмч эмнэлгийн ажилтны цалинг нэмэгдүүлэх боломжгүй гэж үзвэл  цаашид  та бүхэн тэмцлээ үргэлжлүүлэх үү?

– ОУВС бидний шаардлагын хариуг 10-р сарын 13-нд ирүүлэх ёстой. Хэрвээ  10-р сарын 13-ны дотор  тавьсан шаардлагад нааштайгаар  шийдвэрлэж өгөхгүй бол 10-р сарын 16-ны өдөр ОУВС-ийн  гадна талбайд цуглаан зохион байгуулна.

Энэхүү цуглаанд зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилчид биш, боловсрол, соёл урлагийн салбарынхан, төрийн үйлчилгээний албан хаагчид үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтарсан цуглааныг зохион байгуулахаар шийдвэрлээд дүүргийн  Засаг даргын тамгын  газарт мэдэгдлээ хүргүүлсэн.

-Ажил хаялт зарлавал  өвчтөнүүд хохирно гэдэг тал дээр бодож үзсэн үү?

-Энэ асуудалд  эмзэглэх хэрэггүй. Эрүүл мэндийн салбарын ажилчид тангараг өргөсөн цагаан нөмрөгтнүүд,  тиймээс  цагаан тэмцэл хийж байгаа. Иргэдийг хохироохгүйгээр  үе шаттайгаар  ажил хаялт зарлана. Эмч нар Монгол хүний алтан амийг хамгаалахын төлөө, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхийн тулд хийж байгаа тэмцэл  учраас ард иргэд санаа зовох хэрэггүй.

Хэрвээ УИХ—ын намрын чуулганаар  ирэх оноос эхэлнэ цалин нэмнэ гэсэн шийдвэр гаргавал та бүхэн ажил хаялтаа зогсоох уу ?

-Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо  энэ  онд эрүүл мэндийн ажилчдын цалинг нэмэгдүүлж өгөөч гэсэн шаардлага тавихгүй байгаа. Харин  2018 оны төсөвт   эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувиар  нэмэгдүүлэн   үү гэсэн шаардлага тавьсан.  Эмч эмнэлгийн ажилчид 2014-2017 онд эмч эмнэлгийн ажилчид бүсээ чангалчхаад байгаа, ирэх  онд бүсээ чангалахгүй. Үндсэндээ төрд байгаа эрх баригчид  сонгуулийн үеэр амлахдаа  эрүүл мэнд, боловсролын салбарын ажилчдын цалинг нэмнэ, амьжиргааг нь сайжруулна гэж амлаж амлачхаад  гарч ирсэн. Бид  амлалтаа   л шаардаж байна.

– Эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдал үе үеийн сайдууд доровтой арга хэмжээ аваагүй. Энэ нь эрүүл мэндийн салбарт мэргэжлийн бус хүн салбарыг удирдаж байгаатай холбоотой гэж ойлгож болох уу ?

-Eр  нь бол шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд нарт хэлэхэд хамгийн чухал зүйл бол  салбарынхаа ажлаа мэддэг, хөдөлмөрчдийнхөө үгийг сонсдог сонсоод үйл ажиллагааг дэмждэг тийм л Засгийн газрын сайд нарыг бид хүлээж байгаа юм.

– Эмч эмнэлгийн ажилтны цалинг 50-иар нэмэхэд нийт хэчнээн төгрөгийг ирэх оны төсөвт суулгах шаардлагатай байна вэ? Та бүхэн ямар нэгэн тооцоо судалгаа хийсэн үү?

-Төрийн албанд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний эрүүл мэндийн салбарт ажиллаж 26 мянган орчим  ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхэд 155 тэрбум төгрөг зарцуулагдана.

-Ирэх оны  нэгдүгээр сард Чингис бондын 500 сая долларын өрийг төлнө. Тиймээс эмч эмнэлгийн ажилтны цалинг 50 хувиар нэмэгдүүлэх  боломжтой гэж харж байна уу?

-Эрүүл мэндийн салбарт цалинг нэмэгдүүлэх боломж байгаа  боломжийг олж хардаг сайд байх ёстой. Эрүүл мэндийн салбар улсын төсвөөс гадна эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлдэг . Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн салбарынхан үзүүлж  байна. Дээрээс нь нэмэлт тусламж үйлчилгээ буюу төлбөрт тусламж гэсэн эх үүсвэрээр эрүүл мэндийн салбар санхүүждэг. Төсөвт байгаа үнэгүй зардлыг танах боломжтой бид судалж үзсэн.Хамгийн түрүүнд Хөдөлмөр зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийг нэн яаралтай хийх хэрэгтэй. Хэлэлцээрийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулах саналтай байна.

Ярилцсанд  баярлалаа 

Г.Нараа

 

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


9 × 5 =