Б.Мягмар: Эрүүл мэндийн салбарыг эрүүлжүүлэх цаг болсон

Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал эрүүл мэндийн салбарын ажилтнууд өнгөрсөн даваа гарагт цалингаа 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж тайван жагсаал зохион байгуулсан. Өчигдөр болж өнгөрсөн УИХ-ын чуулганы үеэр холбогдох сайд нар ОУВС хөтөлбөрийн дагуу 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байсан. Уг мэдэгдэлд эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хариу тайлбар хийлээ.

Энэ үеэр эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Б.Мягмараас цалин нэмэх асуудлын талаар цөөн асуултад хариулт авлаа.

– Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос засгийн газарт ямар шаардлага тавьж байна вэ?

– Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага олон удаа жагсаал зохион байгуулсан. Энэ сарын 4-ны өдөр улс орон даяар эмч эмнэлгийн ажилтнууд цалин хөлсөө нэмэгдүүлэх тэмцэл хийсэн. Гэсэн ч өнөөдрийг хүртэл улсын гурван талт хэлэлцээрийг хийгээгүй байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарынхан 2-3 дахин давсан ачаалалтай ажиллаж байгаа хэдий ч 434-660 мянган төгрөгийн цалин авдаг. Эрүүл мэндийн яамнаас бид цөөхөн зүйлийг гуйсан. Эрүүл мэндийн яам цалин нэмж чаддаггүй. Өчигдөр улсын хурлын чуулганд 30 хувиар нэмэгдүүлнэ гэж яригдсан байна лээ. Бид 30 хувийг хүсээгүй 50-аас доошгүй хувиар цалин нэмэгдүүлэхийг шаардаж байна. Тийм учраас бид МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж эмч эмнэлгийн ажилтнуудыг хүлээж авч уулзаач гэсэн хүсэлт хүргүүлсэн. Улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлэхийг бид шаардаж байна.

– Одоогийн байдлаар та бүхний тэмцэл ямар шатанд явж байна вэ? Хэрэв засгийн газар хариу өгөхгүй бол хэзээнээс ажил хаялт зарлах вэ?

– Манай холбооноос 50 –иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж Засгийн газар, УИХ, байнгын хороо шаардлага өгсөн. Хуулийн дагуу тэмцэл явагдаж байна. Бидний шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс ажил хаялт хийх хүртэл хамтын тэмцлээ үргэлжлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна. Энэ сарын 23-ны өдрөөс эхлээд хамтын маргааны зуучлагч Арбитрын шүүхийн бүх хугацаа дуусаад ажил хаях эрх үүсэж байгаа. Эмч нар ажил хаялт биш ажлаа хиймээр байна үүнийг л бид хүсэж байна. Эрүүл мэндийн салбарыг эрүүлжүүлэх цаг болсон. Хэрэв уулзахгүй бол бид эрүүл мэндийн салбарт бугшсан идээ бээр болгоныг нийтэд зарлана.

Хэрэв эмч нар ажил хаялт зарлавал өвчтөнүүдэд хүндрэлтэй нөхцөл үүсэх үү?

– Манай байгууллага өөрийн гэсэн ёс зүйтэй байгууллага. Аливаа тэмцлийг ард иргэдийг хохироохгүй, эмч эмнэлгийн ажилтныг стрессдүүлэхгүй байхаар чармайж ирсэн. Ажил хаялтад оролцохдоо хэрхэх талаар бид нар хуралдаж шийднэ. Эмч нар чагнуураа орхиод өвчтөнүүдээ хаяхгүй. Энэ салбарт мэргэжлийн бодлого хэрэгтэй. Тиймээс тэмцлээ цаашид үргэлжлүүлнэ.

Э.Ариун 

Санал болгох мэдээ

Б.Чинзориг: Аж ахуйн нэгж байгууллагууд стандартын дагуу цэвэршүүлээгүй бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлбэл 2 сая төгрөгөөр торгодог

Хан-Уул дүүргийн хэмжээнд Усны тухай хууль тогтоомжийг зөрчих зөрчлийн хэргийн гаралт ямар байгаа талаар тус …