Нүүрсний зам

17/09/29 11:44


2017 оноос Хятадын зүүн, зүүн хойд мужаар ачааны машинаар нүүрс тээвэрлэхийг хязгаарлаж буй бөгөөд энэ нь Монголын нүүрсний нийлүүлэлтэд ч хамаарах тухай “Фэнвэй энержи”-гийн дэд ерөнхийлөгч ярилаа. Дээрх бүс нутаг нь дэлхийн коксжих нүүрсний тоглогчдын хүчтэй өрсөлддөг зорилтот зах зээл юм. Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх талаар Улаанбаатарт нэг дээвэр дор цуглан долоо дахь жилдээ хэлэлцэх үеэр энэ мэдээг дуулгасан.

Агаарын бохирдлыг бууруулах Хятад улсын бодлого нь нүүрсний салбарт ил задгай тэээвэрлэлтийг хумих, нүүрсээ чанараар ялгах хатуу шаардлага болон хувирч, түрүүчээсээ хэрэгжиж эхлээд байгаа. Нүүрсийг машинаас вагон руу дамжуулан ачих явцад үүсдэг асар их тоос, тоосонцор нь агаарын бохирдлын нэг томоохон хүчин зүйл болж байна гэж үзсэний улмаас Хятадын Байгаль орчныг хамгаалах яамнаас машинаар тээвэрлэх, шилжүүлэн ачихыг хязгаарлах шийдвэрүүд гаргасаар байна. Долдугаар сарын 9-нөөс Тянжин, есдүгээр сараас Хэбэй мужид машинаас вагон руу нүүрс шилжүүлэн ачихыг хязгаарлалаа. Манай улсын нүүрсний экспорт долдугаар сараас саарч эхэлсэн нь энэхүү хязгаарлалттай дамаа холбогдож буй бөгөөд хязгаарлалтын бүсүүд өргөжин тэлэх аваас Гашуунсухайтын боомт дээр 70 км урт цуваа үүсгэн дугаарлах монгол нүүрсний үнэ цэн юу болж хувирах нь тодорхой. Энэ асуудлаар “Фэнвэй”-гийн дэд ерөнхийлөгч Сара Люгээс MMJ шинэ дугаартаа тодруулга авсан юм. Тээвэрлэлт төдийгүй нүүрсний чанар дээр ч нэмэлт шаардлагууд тавигдаж байгааг дэлгэрүүлэн уншина уу.

Нэг ёсондоо дэлхийн нүүрсний голлох зах зээл манайд нүүрсээ заръя гэвэл төмөр замаас өөр гарцгүй болж байгаа шүү гэдгийг нүүрс нийлүүлэгчдэд сануулж байна. Дээр дурдсан хязгаарлалтын улмаас манай улсын нүүрс тээврийн авто замын ирээдүй тун ч бүүдгэр болох нь. Төмөр замгүйгээр нүүрсний экспорт явахгүй нь. Түүнийгээ ашигтай маршрутаар байгуулахгүй бол юун өрсөлдөх, юун хоёр гурав дахь гарцын мөрөөдөл.

Яг энэ үед Монгол улсын Ерөнхийлөгч Владивостокт Дорнын эдийн засгийн форумын индэр дээрээс нүүрэндээ инээмсэглэл тодруулан байж Тавантолгойн нүүрсийг Оросын Восточный боомтоор дамжуулан дэлхийн зах зээлд хүргэх мөрөөдөл минь биеллээ гэж зарлачихаад байсан юм. Харамсалтай нь Ерөнхийлөгч Х.Баттулгын “Мөрөөдөл биелэх” мөчтэй зэрэгцэн дэлхий тэмүүлдэг хамгийн эрэлттэй зах зээлд Монгол нүүрсний өрсөлдөх чадвар байр сууриа хадгалахад улам бүр эрсдэлтэй болж  байна. Нэг үгээр, монгол нүүрс өрсөлдөөнөөс аажмаар шахагдах нөхцөл бодитоор үүсээд байна.

Өрсөлдөх чадвар нь тээврийнхээ зардлаас шууд хамаардаг Монголын нүүрсний хувьд дэлхийн зах зээл дэх нүүрсний хэрэглээ ба үнэ өсөх үетэй зэрэгцэн нүүрсний экспортын төмөр замын асуудал сөхөгдөж эхэлсэн. Сүүлдээ маршрут, царигийн маргаан болж даамжирсан билээ. Тэрхүү маргааны үзүүрт Тавантолгойн нүүрсийг хойшоо болон урагшаа зөөхөд чиглэсэн алдарт хоёр маршрут бий.

Нэг нь Тавантолгойн нүүрсний ордоос урагшаа Гашуунсухайт хилийн боомт хүртэл тавих 267 км төмөр зам. Нөгөө нь зүүн хойшоох хойд хөршийг чиглэсэн хэвтээ чиглэлийн 1100 км төмөр зам. Аль аль нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод туссан чиглэлүүд юм. Гэвч манай улсын эдийн засагт нэн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой стратегийн чухал маршрут нь аль вэ гэхээр маргаж дуусдаггүй сэдэв болчихдог. Үр дүнд нь төмөр зам биш хоёр маршруттай л үлдсэн бөгөөд авто замаар нүүрсээ гэлдрүүлсээр өнөөг хүрч байгаа.

Эхний маршрут буюу эдийн засгийн бус улс төрийн маргаанаас болж хэдэнтээ зогсоож, хэдэнтээ эхлүүлсэн Тавантолгой-Гашуусухайтын ээдрээт маршрутыг төмөр зам болгох төлөвлөгөөг Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт суулгасан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар ТТ-ГС чиглэлийн төмөр замын барилгын ажил, санхүүжилт, Тавантолгойн ордод хөрөнгө оруулах асуудлыг цогцоор нь шийдэх Ажлын хэсгийг УУХҮ-ийн сайдаар ахлуулан, хятадуудтай хэлэлцээг эхлүүлснээр овоо явах нь гэх найдлага төрүүлээд байсан юм. ТТ-ГС-ын төмөр замыг байгуулах өртгийг 2009 онд анх 700 сая ам. доллар хэмээн тооцоолж байсан бол хамгийн сүүлийн тооцооллоор 1.3 тэрбум ам.доллар болж, Хятадын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх төслийн жагсаалтад оруулаад хэлэлцээ хийж байгааг салбарын яам   мэдэгдсэн.

Одоо байгаа  зах зээлдээ байр сууриа яаж хадгалж үлдэх вэ, ядахнаа Монголынхоо нутагт тээврийн зардлыг   байж болох хамгийн бага хэмжээнд хэрхэн барих вэ. Ингэх бодит боломж гарц гэхээр ТТ-ГС-ын төмөр зам тодордог. Энэ төмөр зам тавигдчихвал дэргэд ойрхон байгаа зах зээлдээ хүрэхдээ тээвэрлэлтийн өртгөө 3-4 дахин бууруулж, өрсөлдөх чадвараа жинхэнэ утгаар нэмэгдүүлнэ гэж нүүрсний салбарынхан найман жил ярьж байгаа юм.

Нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэх хоёр дахь гарц буюу зүүн хойшоо татах 1100 км зам буюу аварга бүтээн байгуулалтын дэд бүтцийн асуудал, 2015 онд яригдаж байснаар түүнд хэрэгтэй 5.2 тэрбум ам.доллар гэгч мега биш бүр “гега” төлөвлөгөөний дэргэд уг нь тунчиг биелэх боломжтой “мөрөөдөл” юм. Өнөө 5.2 тэрбум ам.доллар өдгөө хэд ч болж хувирахыг бүү мэд.

Гэвч Засгийн газар огцорсноор бодлого шийдлүүд бүгд хойш тавигдах мөчид нарийн цариг буюу урагшаа гарцыг эсэргүүцэгчдийн тэргүүн эгнээнд явсан Ерөнхийлөгч хойд хөршийг чиглэх маршрутыг дахин сөхөж, идэвхийлж эхэллээ. Энэ нь ТТ-ГС чиглэлийн нарийн царигаар тавигдах төмөр замын ач холбогдол хоёрдугаарт эрэмблэгдэж, хувь заяа нь дахин ээдрэх вий гэж болгоомжлолыг төрүүлж байна. Хууль санаачлах л эрхтэй Ерөнхийлөгчийн байр суурь нь голлох шийдвэрийг гаргадаг Парламент, Засгийн газрынхтай зөрөөд байхаар урт удаан хугацаанд тогтвортой ажиллаж байж үр ашгаа өгдөг уул уурхайн салбар, том төслүүд, хөрөнгө оруулалтад хамгийн зөөлнөөр хэлэхэд гацах, зогсох, хүлээзнэхээс өөрийг авчрахгүй билээ.

Ерөнхийлөгчийн айлчлалын багт багтсан албаны хүмүүс Оросын далайн боомтуудыг ашиглан уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл, гуравдагч орон руу гаргах боломжийг нээсэн транзит тээврийн гэрээний нөхцөлийг Монголд маш ашигтайгаар тохирлоо гэсэн мэдээллээр бөмбөгдөж байна. Улстөрчдийн энэ мэдэгдэлтэй зэрэгцээд Владивостокоор Тавантолгойн нүүрсийг тэээвэрлэх нь эдийн засгийн ямар ч үр ашиггүй гэх маргааныг нүүрсний салбарынхан үүсгэв. “Энержи Ресурс” компани 2011 онд Восточный боомтоор угаасан нүүрсээ тээвэрлэж туршсан. Зөвхөн тээврийн зардал нь 171 ам.доллар болсон төдийгүй хойд хөршийн боомтыг зорин довтолгосон урт замд өнөө нүүрс баялаг биш үнс болж хувирсан бодит туршлагыг тэд үндэслэл болгон, хойд чиглэл рүү нүүрс тээвэрлэхийг эрс эсэргүүцэж байна.

Ерөнхийлөгчийн ОХУ-БНХАУ-Монгол улсын хамтын ажиллагаа болон Эдийн засгийн коридор хариуцсан бие төлөөлөгч А.Гансүхийн хэлснээр “хоёр улсын Зам тээврийн Дэд сайд нарын түвшинд наймдугаар сарын 29-нд гэрээг үзэглэж тохироод Владивостокийн форумын үеэр хоёр улсын Төрийн тэргүүнүүд улс төрийнх нь шийдлийг гаргасан” гэжээ. Гэхдээ тэрээр Транзит тээврээр хөнгөлөлттэй нөхцөлөөр тээвэрлэх гэрээний агуулгын талаар “Монголд ашигтай” гэдгээс өөрөөр ямар нэг тайлбар хийсэнгүй. Цаана нь ямар судалгаа, дүгнэлт байгааг танилцуулаагүй тул ямар гайхалтай боломж нээгдчихээд, тэр нь Тавантолгойн нүүрсний өрсөлдөх чадварт ямар гялалзсан үр нөлөө авчрахыг урьдчилан тааж хөөрцөглөхөд эрт. Тэрхүү “Монголд ашигтай” нөхцөлийг улстөрчдөөсөө илүүтэй судлаачид, төмөр замчид, уул уурхайн салбарынхан сайтар задалж тайлбарлах ёстой юм.

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын маргаан үргэлжилсэнтэй яг ижил цаг хугацаанд Тавантолгойн коксжих нүүрсний ордыг цогцоор хөгжүүлэх тухай ярьсан билээ. Найман жилийн хугацаанд Тавантолгойн ордын үнэ цэн 2009 оныхтой зүйрлэх аргагүйгээрээ унажээ. Тэр хэрээр хөрөнгө оруулагчдын Монголд тавих нөхцөл муудсаар ирсэн бөгөөд өдгөө сорчилж олборлосоор нийт нөөцийг бүрэн ашиглах боломж жил ирэх бүр хомсдсоор байна. Төмөр замын бүтээн байгуулалттай хамт Тавантолгой ордыг цогцоор ашиглах оролдлого улам найдваргүй болох вий гэж болгоомжлох үндэс байна.

Арвандолоон онд зэсийг түрэн гарч ирсэн нүүрсний экспортын гялалзсан үзүүлэлт хэрхэн саарч буй тухай, экспортод тулгарч буй эрсдэлүүд, боомт дээр үүссэн гацааны талаарх мэдээллүүд MMJ-ийн есдүгээр сарын дугаарт нийтлэгдлээ. Манай улсын нүүрсний экспортын тэн хагасаас илүү хувийг эзэлдэг Тавантолгойн ордоос Гашуунсухайт хүртэлх автозамаар дотооддоо нүүрс тээвэрлэж буй өртөг дунджаар 28 ам.доллар. Дээрх үнийг Хятадын төлөөлөгчид Хятадын дотоодод тээвэрлэж буй зардлаас дөрөв дахин өндөр үнэ гэсэн ба тээврийн өндөр өртөг нь монгол нүүрсний өрсөлдөх чадварыг унагах хамгийн том үзүүлэлт болж байгаа тухай тооцооллууд ч энэ дугаарт багтлаа.

Түүнчлэн Монголын нүүрсний хоёр дахь гарц гэгдээд буй Восточный боомтын бодит байдал, Алс Дорнодын стратеги, хөрөнгө оруулалтууд, Оросын коксжих нүүрсний том төслүүд, экспортын чиглэл зэрэг яг одоо нэн чухал ач холбогдол бүхий багц мэдээллүүдийг цогцоор нь хүлээж авна уу.

Н.Ариунтуяа

Эх сурвалж: mongolianminingjournal.com

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


5 − 1 =