Нийслэлийн 60 тэрбумын фракцийн сүүлийн найдвар Д.Баярсайхан

Үүний дараа НИТХ-ын шинэ даргыг сонгох асуудлын хүрээнд нийслэлийн МАН-ын бүлгээс Д.Баярсайхан төлөөлөгчийн нэрийг дэвшүүлсэн байна.

Д.Баярсайхан гэж хэн вэ?  Дархан хотын Политехникын сургууль, Монгол Улсын Их Сургууль, Удирдлагын академийг тус тус дүүргэсэн,   Эдийн засагч, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Намтарын хувьд 1979-1981 онд Мах комбинатад нормчин, чанар шалгагч, 1981-1990 онд  Зүүн баянгийн цэргийн хуарангийн трэстэд орлогч дарга, 1989-1990 онд  Худалдааны 4-р конторт бригадын дарга, 1990-1991 онд 86-р дэлгүүрийн эрхлэгч, 1991-2000 онд “Их баян нуур” ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2004 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2004-2008 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга, 2009 оноос Нийслэлийн Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооний дарга, 2008-2009 онд “Их баян нуур” ХХК-ийн зөвлөх, 2009-2012 онд Нийслэлийн ЖДҮДТ-ийн Дарга , 2012-2016  онд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны хэрэг эрхлэх газрын дарга, 2016 оноос НЖДҮДТ-ын даргаар ажиллаж байгаа нэгэн.

Тэрээр Увс аймгийн харьяат, 2004-2012 онуудад НИТХ-ын төлөөлөгчөөр  2 удаа,  2016 оноос  НИТХ-ын төлөөлөгчөөр дахин  сонгогдсон.

Товчхондоо МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй нарын *гарын хүн*. Зарим эх сурвалж түүнийг М.Энхболдын нэг ангийн найз нь гэж ярих юм билээ.

Ямартай ч нэг зүйл тодорхой байна. Юу гэвэл  нийслэл хотын 60 тэрбумын баг болох Сандуйтангууд ар талаа хамгаалуулахын тулд өөрийн хүнийг дэмжүүлж, НИТХ-ын даргад нэрийг нь дэвшүүлж байна. Тэгэхдээ иргэд олон нийтийн яриад байгаачлан МАН боловсон хүчний чадавхигүй болсондоо 60  нас дөхөж байгаа Д.Баярсайхан хатагтайг дэвшүүлсэн хэрэг биш ерөөс нийслэлийн МАН-ын залуу төлөөлөгчдөөс  60 тэрбумын хамсаатан болж, Сандуйтангуудтай нэр холбогдохыг хүсэхгүй байгаатай холбоотой юм. Тиймээс  ирээдүйгээ, нэр төрөө, үр хойчоо золионд гарган байж Сандуйтангуудыг дэмжиж, тэдний тулд туйлбартай зогсож чадах төлөөлөгч Д.Баярсайханаас өөр олдохгүй байгаа гэж хэлж болно.

Товчхондоо, *машинаар бол 60 тэрбумын багийнханы бензин дуусаж байна* гэсэн үг. Тэд эцсийн бензинээ шавхан байж, Д.Баярсайханыг НИТХ-ын даргаар сонгуулж аваад,  ар хударгаа хамгаалуулах, түүнд заавар зөвлөгөө өгч хотын бодлогыг далдуур удирдахыг хүссэн байна. Гэвч тэдний энэ *далд санаа*-ыг ойлгосон нийслэлийн ИТХ дэх АН-ын бүлэг ИТХ-ын даргыг сонгох  нууц сонгуульд оролцолгүй цагаан хуудас өгсөн нь АН-ынханы хувьд  *түүхэн гавьяа байлаа* гэж хэлж болох.

Харин НИТХ-ын даргыг сонгох нууц санал хураалтанд Д.Баярсайханыг дэмжиж саналаа өгсөн нийслэлийн МАН-ын бүлгийн 17 төлөөлөгч бол ямар нэг байдлаар Сандуйтангуудад барьцаалагдсан, тэдэнтэй эрх ашгийн хувьд хамааралтай  хүмүүс гэж хардаж болохоор байгаа юм. Нууц зүйл гэж байдаггүй гэдэг. Хэрвээ эдгээр төлөөлөгчдийн нэр ил болох юм бол тэд 60 тэрбумын багийг дэмжсэн гэдгээрээ түүхэнд бараан нэртэй үлдэж, улс төрийн карераа өөрсдийн гараар дуусгаж байгаагаас өөрцгүй хэрэг болно.  Тиймээс дараагийн удаад эдгээр төлөөлөгчид асуудалд илүү ухамсартай хандана байх гэж найдах л үлдлээ.

Нэр дэвшигч Д.Баярсайханы хувьд улс төрийн карерийнхээ  сүүлчийн зогсоолд зогсож байгаа хүний хувьд байж болох бүх бооцоого тавиад, бас Сандуйтангуудын дэмжлэгт найдаад эцсээ хүртэл зүтгэх биз. Гэвч иргэд олон нийт,  эрүүл саруул ухаанаар асуудалд ханддаг  нийслэлийн МАН, АН-ын төлөөлөгчид  60 тэрбумын багийнханд хандсан шиг түүнд хандахаас өөр замгүй болж байна.

Ингэхлээр 60 тэрбумын автор Ц.Сандуйгийн хотыг авч үлдэхийг оролдсон  эцсийн найдвар Д.Баярсайханыг НИТХ-ын дарга болгох хүсэл  эрмэлзлэл  түүний нүдэн дээр нуран унах нь дээ.

Эх сурвалж: Medeel.mn

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …