Б.Жагар: Анхнаасаа оймс шидэх зорилгогүй байсан

Б.Жагар зурган илэрцүүд
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаан өнгөрсөн баасан гаригт/2017.09.22/ нийслэлийн төр, захиргааны “Хангарьд” ордны 14 давхрын Хурлын танхимд болж өндөрлөсөн. Тус хурлаар НИТХ-ын шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэж, МАН-ын төлөөлөгчид тав хоногийн завсарлага аваад байгаа билээ. Энэ үеэр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй руу оймс шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн асуудал олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл оймс шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн хүн нь Хан-Уул дүүргийн МАХН-ын дэд дарга, “Хатан туулаа хамгаалъя” хөдөлгөөний тэргүүн Б.Жагар байв. Түүнтэй эсэргүүцлээ илэрхийлэх болсон шалтгааных нь талаар ярилцлаа.

-НИТХ-ын дарга асан Ц.Сандуй руу яагаад оймс шидсэн бэ?
– Анхнаасаа оймс шидэх зорилгогүй байсан. НИТХ ээлжит хуралдаан болох өглөө хурал руу ороод гаръя гэж бодоод орсон. Гэтэл хаалганы цаана маш их хэрүүл болж байсан. Улаанбаатар хотын иргэдэд нэн тулгамдсан асуудал буюу өвөлжилт гэх мэт бодлогын шийдлүүд ярилцах ёстой байсан ч дараа дараагийн томилгооны схемийг яриад хэрэлдэж байгаа нь зохимжгүй. Тэнд нам төвтэй намынхаа дээр гараад суусан хэдэн “хулгайч” нарын л яриа өрнөсөн. Тэдгээр хүмүүс Монгол улсын хууль, намынхаа дүрмийг гишгэлээд зөвхөн удирдлагуудын хооронд албан тушаал наймаалсан, тохирооны хурал болж байсан. Үүнийг залуу хүний хувьд эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлж, цаашид эдгээр хүмүүс хотын удирдах ёсгүй гэж үзэл бодлоо илэрхийлж оймс шидсэн юм.
– Оймс шидсэний дараа таныг шалгаж, саатуулсан гэх мэдээлэл байсан. Тийм зүйл болсон уу?
– Ц.Сандуй гэх хүнийг огцруулах гээд явсан тэр цаг үеэс өдийг хүртэл дарамтлуулж амь насандаа заналхийлүүлсээр байна. Хууль хяналтын байгууллага мөрдөн мөшгөж, надад зохиомол хэргүүд үүсгэх гэсэн нөхцөл байдалд явж байгаа. Би прокурор, цагдаагийн байгууллагад огт итгэхгүй байна.
– Таны амь насанд хэн заналхийлээд байгаа гэж?
– Би одоогоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаад явж байна. Тус хэлтсийн дарга удирдлагууд тэр чигээрээ ялзарч албан тушаалын бөглөөс болсон байна. Намайг бичлэг хийж магадгүй гэж хардан албаны шугамаар биш хувийн байдлаар дарамт үзүүлэх гэж оролдсон. Янз бүрийн байдлаар хоёр гурван өрөө дамжуулж, сануулга өгч, “талбай дээр болж буй жагсаалд оролцож болохгүй шүү” гэх зэргээр үндсэн хуульд заасан эрх чөлөөнд минь халдсан. Хэрэв миний үзэл бодлыг цагдаагийн дарга нар хориглох юм бол хууль гээч байгаад яах юм бэ. Хуулийн байгууллага хүртэл хамгаалж байна гэхээр энэ чинь маш аюултай зүйл. Монгол улсын хууль хяналтын байгууллага ялзралын дээд цэгтээ хүрсэн жишээ нь энэ байна.
– Хурлаас өөр үед эсэргүүцлээ илэрхийлж болохгүй байсан уу?
– Надад Ц.Сандуйтай уулзах ямар ч боломж олгоогүй. Би удаа дараа шаардлага хүсэлт өгсөн боловч нэг ч удаа хариу өгөөгүй. Шаардлага өгсөн гол агуулга нь тэр хүний мууг үзэх гээд байгаа юм биш. МАН-ын тодорхой удирдлагууд тэр дундаа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалан нар 60 тэрбумын хэргийг хүлээн зөвшөөрчихсөн. Тухайн бичлэгийг нэг газар цаг хугацаанд бичигдсэн, дуу хоолойн өнгө мөн болохыг олон улсын шинжээчид тогтоочихсон. Харин үүнийг үгүйсгэж буй М.Энхболд болон Ц.Сандуй, гардан хэрэгжүүлэгч нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ юу харагдаж байна? Өнгөрсөн 27 жил эх орноо дээрэмдсэн эдийн засгийн алуурчдын захиалгаар эх орноо системтэйгээр ядууруулж байна. Би үүний эсрэг явсныхаа төлөө буруугүй буруутан болж байна. Гэхдээ би айхгүй. Миний тэмцэл хэзээ ч зогсохгүй.
– Оймс шидэхээс өөр аргаар эсэргүүцлээ илэрхийлж болохгүй байсан гэж үү?
– Өндөг эсвэл помидор шидэж болох байсан. Оймс гэхээр нийгэм өөрөө сонирхож харна. Тэр харж байгаа дүр зургийн цаад зорилго нь улс төрчид хариуцлагатай байгаасай, ард түмний зовлонгоор битгий наадаасай гэсэн дүр зургийг илтгэж байгаа юм.
Удирдлагуудын хариуцлагын тогтолцоо их сонин. Нэг өндөр албан тушаалаас огцроод нөгөө өндөр албан тушаал руу явдаг. Энийг хариуцлага гэхгүй. Гэтэл иргэн хүн тодорхой зөрчил гаргавал хууль шүүхийн өмнө ял хүлээдэг. Эсвэл нэг шат буурдаг. Би хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд нийгмийн монгол улсад болж буй бухимдлыг оймсоор дамжуулж хүргэхийг зорьсон. Тэрнээс биш урьд нь бэлдсэн зүйл байхгүй. Хөдөө ажлаар явах гэж байсан учраас хувийн бэлтгэлээ хангачихсан явж байсан. Тэгээд л тортой юмаа авч оруулж ирээд л шидсэн.
– Тухайн үеийн бичлэгийг харахад та зөвхөн Ц.Сандуйг эсэргүүцэж байгаа харагдсан. Гэтэл одоо бүгдэд нь хариуцлага тооцох ёстой гэж ярьж байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?
– Миний бичлэгийг эвлүүлчихсэн байсан. Хулгайчуудаа гээд түүний араас зөндөө үг хэлсэн шүү дээ. Нэг хэсгийг эвлүүлээд тасалсан байна лээ. Би хурал дээр “Сандуй хулгайчаа та бүхний удирдаж байгаа иргэдийн хурал буруу хуралдсанаас болоод нийслэл, Монголчууд ядуурч байна. Та бүхэн ард түмний зовлонгоор тоглоод байна” гэсэн үгийг хэлээд гарсан. Гэтэл эвлүүлээд ард түмэнд муугаар харагдуулах гэсэн ийм л юм болсон байна лээ.
– Ц.Сандуй ажлаа өгчихлөө. Цаашдаа та юу хийх вэ?
– Миний эцсийн зорилго Ц.Сандуйд хариуцлага тооцуулах биш л дээ. Би хууль хяналтын байгууллага шалгахыг хүлээж байна. Ц.Сандуйг бодитой хариуцлага хүлээлгээсэй гэж хүсч байна. Гэхдээ ганцхан Ц.Сандуйд хариуцлага тооцох биш. М.Энхболд тэргүүтэй хүмүүс хариуцлага хүлээх ёстой.
– Ярилцсанд баярлалаа.

Э.Ариун

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …