МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэгтэй байна

Засгийн газар огцорсноос хойшх хагас сарын хугацаанд хэчнээн ч горилогч тодров.  Горилох горилохдоо бүр том бүлэглэлийн өөдөөс нүүр тулж сөрсөн нөгөө У.Хүрэлсүхийгээ хүртэл тойргийн гадна үлдээж горилов. Шинэчлэгчдийг урвагчид гэж цоллох мөртөө өөрсдөө сандалны төлөө улайран улангасан горилох аж.   Одоо бүр намын Их хурал,  Бага хурал өнгөртөл  У.Хүрэлсүхийг баривчлан саатуулж, шинэчлэгчдийн хүчийг сааруулна гэнэ.  Яасан ичгүүртэй юм бэ. Яагаад ийм ичих булчирхайгүй нөхөд улс төрд сүрэглэдэг юм бэ.  Бид хэнийг сонгоо вэ Тэд хэний төлөө ажиллаад байна вэ

Намын байраа шатаалгаж  түүхээ доромжлуулчихаад хэн нь ч У.Хүрэлсүх шиг намаа, намынхаа гишүүдийг өмгөөлж зогсоогүй.  Эх орон шатахад зарим нь сээлфидэж попдож байсан бол харин тэр ус хүнс зөөж, хамт унтрааж, онцгойгийнхноороо бахархаж, нүдэндээ нулимс цийлэлзүүлж,  баярлахдаа үнсэж байлаа.  Энэ л хоёрхон жишээнээс түүний эх оронч хийгээд эрэлхэг чанарыг харж болох.  Дайны цагт магадгүй тэр л  хурандаагийн өмсгөлөө өмсөөд магнайд нь оройлох биз ээ. Би итгэдэг юм.   Тэгвэл У.Хүрэлсүхийн хүчийг тойргоос гадуур хайрцаглаж, түүнийг хэн ч биш болгох хүсэл, нам дарж авах гэсэн зорилго хэнд, юунд байна вэ.

Хар хүчний бүлэглэл тогтолцоогоо аварч, хадгалж үлдэхийн тулд эцсээ хүртэл бууж өгөхгүй тэмцсэн. Харин одоо том бүлэглэл жижиг фракциудтай тохироо хэлцэл хийн өөрийн хүнээ Ерөнхий сайд болгохоор зүтгүүлж эхэлжээ. Хэрэв том бүлэглэлийн хүн намын дарга болбол М.Энхболд суудлаа хүлээлгэж өгөх хэдий ч  өөрийн эрх мэдлээ үргэлжлүүлэх бололцоотой болно гэсэн үг.  Хар хүчний бүлэглэл  улам бүр хүчирхэгжиж, торох саад тээггүйгээр баялагт бялуурна гэсэн үг.  Дараагийн бялуу хүртэхийн цагт  бүхий л баялгаа харийнханд алдаж, гадныхны гар хөл бологсдын “ачаар“  бид бусдын боол болно гэсэн үг.  Тэд ч яахав харьд очоод хангалуун сайхан амьдарчихна. Харин үр хүүхдүүд маань үлдэж таарна.  Ийм л хувь тавилангийн ирмэгт та бид ирээд байна. Тийм учраас шинэчлэгчдийн эхлүүлсэн тэмцлийг бид дэмжиж, хэн нэгэнд тэдний өмнүүр нь гүйх боломжийг олгохгүй байх хэрэгтэй.

Асуудал.мн сайтынхан  санал асуулга явуулж, Ерөнхий сайдад горилогсдын нэрсийг жагсааж иргэдээс авсан саналыг хувьд шилжүүлж рейтингийг эрэмбэлжээ.

67%   У.Хүрэлсүх -Шадар сайд, 6%   С.Бямбацогт -Хууль зүйн сайд, 15%  Н.Энхболд -УИХ-ын гишүүн, 2%   Ц.Мөнх-Оргил-Гадаад харилцааны сайд, 6%   Ч.Хүрэлбаатар- УИХ-ын гишүүн, 3%   Ө.Энхтүвшин – УИХ-ын гишүүн.

Энэ бол ард түмний хүсэл.  Яг одоо л  МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэгтэй байна.   Удахгүй төвхнөх шинэ Засгийн газарт бүлэглэлийг сөрөх  хүч, нийгэм эдийн засгийн хүндрэлийг давах зоримог шийдэл байх ёстой. Тиймээс удахгүй болох МАН-ын Бага хурлын гишүүдийн сонголт  ард түмний ирээдүйн хувь заяаг шийдэх болоод байна.

Хар хүчин хэмээх том бүлэглэлийн эсрэг тэмцсэн, ард түмэн эх орныхоо төлөө цохилсон шинэчлэгчдийн зориг зүрх няцаршгүй байгаасай.

О.Чулуун

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …