Гуравдах “Хувьсгал”-ын өмнө…

Монголчууд бид түүхэндээ хоёр том хувьсгал хийсэн гэж ярьдаг. Эхнийх нь тэртээх 100  орчим жилийн өмнөх “Ардын хувьсгал”, хоёрдох нь 20 гаруй жилийн өмнөх “Ардчилсан хувьсгал”.

1966 онд хэвлэгдсэн Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь”-д  “хувьсгал” гэдэг үгийг тайлбарлахдаа “эсрэг тэсрэг ангит нийгэмд болох нийгэм улс төрийн харьцааны үндсэн эргэлт бөгөөд үйлдвэрлэх хүчин үйлдвэрлэлийн харьцаа хоёрын хоорондын зөрчлийг хүчирхийллийн замаар шийдвэрлэж, төрийн эрхийг нийгмийн тэргүүний анги булааж авах  эргэлт” гэж тайлбарласан байна. Үнэндээ Я.Цэвэл агсаныг буруутгах аргагүй. Социалист, коммунист үзэл буртлаар “Хувьсгал”-ын ингэж л тайлбарлаж, ойлгож байсан. Харин монголчууд бидний хувьд 2 удаа “хувьсгал өрнүүлэхдээ” зөрчил, хүчирхийлэл,  тэмцэл, цус асгараагүй нь дээрх тодорхойлолтонд хамаарахгүй мэт боловч хувьсгалын үндсэн агуулга болсон төрд эргэлтийг хийж чадсан чанараараа “хувьсгал” гэж итгэл төгс хэлэгддэг. Түүгээрч зогсохгүй зөрчил тэмцлийг хүчирхийллээр бус эв нэгдлийн аргаар шийдвэрлэж болдогийг Монголчуудын “хувьсгалын жишээ” дэлхий нийтэд харуулсан гэж хэлж болно.

Энэ чанараар Монголчууд та бид “гуравдах хувьсгалыг” эхлүүлэх цаг болжээ.

Ардын хувьсгалын дараагаар ЗХУ-ын коммунистуудын “заасан замналаар” 70 гаруй жил явах  алдаа оноо дэнсэлсэн хувь заяа бидэнд оногдсон бол 1990 оны хувьгсалаас хойш тусгаар тогтносон Монгол улсыг Монголчууд өөрсдөө чөлөөт ардчилсан сонгуулиар “удирдан явах” боломж нээгдсэн.

Ардчилал, эрх чөлөөт нийгэм нэрийн дор бид 20 гаруй жил замнасан хэдий ч өнөөгийн байр сууринаас явсан мөрөө эргэн харвал эрх мэдэл, эд хөрөнгө, танил тал, найз нөхдийн сүлжээгээр хэлхэлдсэн хэдхэн “нөхдүүд”-ийн гарт төрийн эрх мэдэл төвлөрч, улс орны баялагийг тэд өөрсдийн гараар “хөдөлгөх” болсон нь олон нийтэд ил боллоо.

“Монголын заяа их ээ” гэж хууччуул ярьдагчлан  өнөөгийн нийгэмд бугшсан, улс орны хөгжлийг “боомилсон” эрх мэдэл, эд баялагийн оргилд хүрсэн олигархиудын эсрэг эгэл ардын “хүүхдүүд” тэмцэн амжилтанд хүрэх Монголын гуравдах “хувьсгалын өмнө” тулж ирлээ. Энэ бол  “хөгжил дэвшил, шударга ёсны төлөөх хувьсгал”  юм.

Яагаад үүнийг “хувьсгал” гэж хэлэх ёстой гэж уншигч та асуух байх. Үнэндээ төрийн баялагийг  эрх мэдлээр дамжуулан хувь илүү хүртэж, өөрсдийн гар хөл бологсдоор төрийн албыг дүүргэж, тэдэндээ концесс нэрээр “хувь хишиг” хүртээж, адаг сүүлд нь төрийн албыг 60 тэрбумаар наймаалцах тухай ярьж байгаа нам ялгалгүй зөвхөн эрх ашгаараа нэгдсэн  олигархсан бүлэглэлийн эсрэг “хувьсгал”-ын  хэмжээний тэмцэл өрнүүлэхгүй бол тэднийг “ялна” гэж үгүй. “Аливаа хувьсгалын үед дарлагч анги эрх мэдлээ өгөхгүйг хичээдэг”-ийн нэг адил өнөөгийн олигархижсан бүлэглэл эрх ашгийн системээ ямар хялбар алдахыг хүсэхгүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Тиймээс тэд өөрсдийн нь эсрэг тэмцэж байгаа шударга ёсны төлөөх тэмцлийг хэвлэл мэдээлэл тэргүүтэй элдэв аргаар сарниулах, зөв зүйтэй зүйлийн төлөө тэмцэгчдийг харлуулах, буруутгах гэсэн оролдлогыг бүх хүчээрээ хийж байна.

Гэвч иргэд олон нийт  шударга ёсыг эрэлхийлэгчдийн талд байна. Одоо л мананжсан, мафижсан, олигархижсан  улс төрийг бизнес болгосон  эрх ашгийн том бүлэглэлийг “дарж авахгүй бол” улс орон хөгжихгүй, айл гэр өөдлөхгүй.

Тиймээс иргэд олон нийт та бүхэн шударга  ёсны төлөөх “хувьсгал”-ын үйл хэргийг дэмжиж, нийгмийн баялагийг эрх мэдлээр дамжуулан “сорон мөлжиж” байгаа “эрх мэдэлтнүүдийн” эсрэг дуу хоолойгоо өргөцгөөе.

Г.Зул
olloo.mn

Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …