Хуулийн байгууллагууд үнэн шударгын төлөө ажиллахгүйгээ ингэж “зарлав”

-Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж үгтэй-

Манай хуулийн байгууллагууд улстөрөөс улам бүр хараат болсноо, хуулийг сахиулж, үнэн шударгын төлөө ажиллах боломжгүй болсноо сүүлийн үед  өөрсдийн гаргасан шийдвэр хийгээд үйлдсэн үйлдлүүдээрээ  зарлалаа.Учрыг тодруулан бичсэнийг уншаад  уншигч та “тийм шүү дээ” хэмээн уулга алдана.Үндсэн хуульд зааснаар төрийн байгууллагууд өөр өөрийн чиг үүрэгтэй төдийгүй харилцан бие биеэ хянаж байж ардчилсан системийг төгөлдөржүүлж, хүний эрхийг хангаж байх учиртай. Гэвч Монголын хуулийн байгууллагуудын улстөрийн эрх мэдэл бүхий хэсэгтэй сүлжилдэн сүжрэлдсэн явдал хэрээс хэтрээд байна. Баримт жишээ өгүүлье.

Уржигдархан,  Нийслэлийн Прокурорын байгууллагаас нийгэмд доргилт үүсгэсэн зарим хэрэг тэр дундаа төрийн албыг 60 тэрбумаар зарах схем зохиож танилцуулсан хэргийг хаасан гэдгээ зарлалаа. МАН-ын Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буйн нэг шалтгаан нь Ерөнхий сайдаасаа эхлээд  60 тэрбумын хэргийг хамгаалж хаацайлж, өөрсдөө ч амьдралд хэрэгжүүлсэн байж болзошгүй үйлдлүүд юм. Гэтэл  УИХ-ын гишүүдийн олонхи нь Засгийн газраа огцруулахаар асуудал тавьсан ийм үед прокурор 60 тэрбумын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь эрх мэдэлтнүүдийн захиалгаар ажилласан гэх хардлагыг дэвэргэлээ. Хардаад байх ч юм байхгүй, бодит байдал нүүрэн дээр ил байна.  Монгол Ардын намаас 2016 оны сонгуулийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгсөн санхүүгийн тайлан, бусад холбогдох санхүүгийн баримт, материал, нэр бүхий хүмүүсийн дансны хөдөлгөөн, Монгол Ардын намд 2016 оны сонгуулиар авсан хандив, тусламж өгсөн хувь хүн, албан тушаалтан, хуулийн этгээдүүдийг шалгаж үзээд прокурор хэргийг хаасан гэнэ. Хуулийн байгууллагад албан тушаал, авлигын хэргийг шалгадаг тусгай арга барил байдгийг тэнэг хүн ч гадарлана. Ихээхэн нууц, далд хуйвалдааны шинжтэй болдог авлигын хэргийг ил цагаахан байдаг хэдэн цаас шалгаснаар тогтоочих боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл прокурорын байгууллага ёстой л нүглийн нүдийг гурилаар хуураад ард түмэндээ “хэргийг хааснаа” ичихгүй зарлав. 60 тэрбумын схемийн эзэн  Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн нь газар даахгүй баян хүн болох нь илэрсэн.Тэрбээр  24 компанитай, оффшорт бас данс компанитай гэж байгаа. Тэр их хөрөнгө мөнгийг хаанаас яаж цуглуулсныг хуулийн байгууллага шалгасангүй.

Хуулийн байгууллагуудын увайгүйтлийн дараагийн жишээ. Өнгөрсөн наймдугаар сард МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал болохын өмнөх орой нэгэн бичлэг сошиалаар цацагдсан нь    Шадар сайд У.Хүрэлсүх, “Херо энтертаймэнт”-ийн Б.Баатар нарын ярианы бичлэг байв. Уг бичлэг дээр ноцтой юм байгаагүй ч гол нь У.Хүрэлсүхийг эрх мэдэлтнүүдийн захиалгаар тагнаж чагнаж байсан гэх  яриа нотлогдсон юм.   Нэг улстөрчийг нөгөө улстөрчийнх нь захиалгаар тагнаж чагнах үйл ажиллагааг хуулийн байгууллага хийж, тэр бичлэгээ нийтэд цацна гэдэг хүний эрх, хувь хүний нууц гэдэг ёстой л хөлийн жийргэнд ороогдоод хөсөр хаягдсан зүйл болсныг харуулсан билээ.

Уг бичлэг задарсаны маргааш УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Шадар сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулж тагнаж чагнасан байна” гэдгийг хоёргүй утгаар  хэлсэн юм. Ц.Нямдорж УИХ-д хамгийн олон удаа сонгогдож, гурван ч удаа Хууль зүйн сайдын албыг хашиж, УИХ-ын дарга байсны хувьд  хариуцлагатай зүйл ярихаа хэнээс ч илүү мэднэ л дээ.  Гэтэл тагнасан чагнасан гэх уг хэрэг угтаа бол тагнуулын байгууллагын эрх хэмжээний асуудал атал АТГ шалгаад  Шадар сайд У.Хүрэлсүхийг бүр  өөрийгөө тагнасан хэмээн зарлачихсан билээ. АТГ-ын уг мэдэгдлийг сонссон хүмүүс гайхахын дээдээр гайхаж У.Хүрэлсүхэд өөрийгөө тагнах нь ямар хэрэгтэйг, бас ямар учиртайг гайхаад олоогүй билээ. Ингэж тагнуулын байгууллага нь, бас АТГ нь улайм цайм илүү эрх мэдэлтэй хэсэгт үйлчилж буйгаа өөрсдийн үйлдлээрээ зарласан юм.

  Шадар сайд У.Хүрэлсүх “Өнөөдөр” сонинд ярилцлага өгөхдөө “АТГ надаас байцаалт авахдаа таныг мөрдсөн нь үнэн юм байна, бид тогтоосон, гэрч болон сэжигтнүүдийн мэдүүлгээр нотлогдсон гэчихээд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн баригдаж, намын зарим албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал яригдаад эхлэхээр сэтгүүлчдийг цуглуулаад намайг өөрийгөө мөрдсөн, яллагдагч болгоно, шоронд хийнэ гэсэн мэдээлэл тараагаад байгаа нь хууль хүчний байгууллага эрх мэдэл бүхий цөөхөн хэдэн улстөрчийн гар хөл болчихсон, тэднийгээ хамгаалдаг, өрсөлдөгчдийг нь айлгадаг, шоронд хийдэг, хэлмэгдүүлдэг, хилс хэрэг үүсгэдэг, хэрэг зохиодог хэрэгсэл болчихсоныг баталлаа” хэмээн мэдэгдсэн.

Тэгэхээр Ерөнхий сайдын харьяанд байдаг Тагнуулын Ерөнхий газар чагнасан нь тодорхой харагдаад байгаа юм.  Мөн өнгөрсөн долоо хоногт болсон МАН-ын бүлгийн хурал дээр УИХ-ын ги­шүүн Н.Учрал “…Номтой­баяр гишүүн на­майг дарамт­лаад байгаа. Хэрэг чинь прокурор дээр байгаа. Хэрвээ гарын үсгээ­сээ татгалзахгүй бол тэр хэргийг чинь сөхөж гар­гана гэж сүрдүүлсэн” гэсэн байна. Үүний хариуд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “…ТЕГ-тай­гаа холбоотой улс тө­рийг дэлхийд сонгодог улс төр гэдэг юм” гэжээ. Энэ үгийг сонссон эрхэм гишүүд “…Энэ хүн таг­на­сан чагнаснаа хүлээн зөв­шөөрч байна” гээд шуу­гилдаад явчихсан байна” /Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.Дамдин-Очир/. Ийм л явдлууд  болоод байна.Хуулийн байгууллагууд нь эрх мэдэлтнүүдийн гар хөл болж, захиалгаар нь ажиллаж, түүнийгээ хэнэг ч үгүй олон нийтэд зарлаж байхад нийгмийн шударга ёс гэж хуцалдаад огт хэрэггүй болчих гээд байгаа юм. Гэхдээ түмэн олон дуугүй сууж болохгүй. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэсэн үгтэй. Дээдсийн сүлжээ ардчилалд аюул учруулж байгааг бид дуугүй хараад сууж болохгүй аюултай цаг үе ирээд байна.Хууль сахиулдаг хуулийн байгууллагууд өмнө нь хэзээ ч ийм олуулаа ийм аймшиггүйгээр эрх мэдэлтнүүдийн гар хөл болж байгаагүй юм шүү.

Г.Тарваа

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …