Багш нар энэ сарын 21, 26-нд хугацаагүй ажил хаяна

“Багш нарын цалин нэмүүлэх” түр хороо өргөжин 30 мянга гаруй багшийг нэгтгээд байгаа юм. Цалин нэмүүлэх түр хороо өнгөрсөн хугацаанд засгийн газар болон холбогдох газруудад шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. Тэдний хамгийн эхний шаардлага нь дэлхийн жишигт нийцсэн цалин буюу 1.6 сая төгрөг болгохыг шаардсан юм. Үүнийгээ хичээлийн шинэ жилээс өмнө нэмэгдүүлэхийг хүссэн. Үүгээр зогссонгүй мэргэжлийн үнэлэмжийг бодитойгоор үнэлж, боловсролын чанарыг сайжруулж цалинг 2020 он гэхэд гурван шатлалтайгаар нэмэх шаардлагыг Ерөнхий сайд болон БСШУС сайд Г.Чулуунбаатар нарт тавьсан. Тэд тэмцлээсээ ухарсангүй өнөөдөр хугацаагүй ажил хаях болсон талаар хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр “Цалин нэмүүлэх түр хороо”-ны гишүүдийн байр суурийг сонслоо.

Д.Бат Эрдэнэ: Засгийн газар бидний хариу шаардлагыг энэ сарын 15-ны өдөр ирүүлэх ёстой байсан. Үүнд хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэсэн шаардлага байсан. Шаардлагын хариуг ирүүлээгүй учир бид нар үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтраад арбитрын шүүхэд хандах, зохицуулах үйл ажиллагаанд нэгдэнэ. Хэрэв хариу ирүүлээгүй тохиолдолд хугацаагүй ажил хаяхаар төлөвлөж байна. Бид бүхэн тэмцлийнхээ дараагийн үе шатанд шилжиж сануулах ажил хаялт буюу энэ сарын 21,26-нд албан ёсоор улс орон даяар багш нар ажил хаяна. Уг үйл ажиллагааг бид аймгуудын түр хороо, үйлдвэрчний эвлэлээр дамжуулж тодорхой мэдээлэл өгсөн. Засгийн газраас хариу өгөөгүй тул бид цалингаа нэмүүлтэл зогсохгүй тэмцэнэ гэдгийг маш хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Нөгөө талдаа багш нарын 60-аас дээш хувь ирц нь бүрдсэн бол ажил хаялт зарлах нөхцөл бүрдсэн байна. Энэ ажил хаялт бол Монгол улсын ирээдүйн төлөө, үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө гэдгийг хүн бүр мэдэж байгаа.

Н.Санжмятав: Багш нар  наймдугаар  сарын 30-нд Сүхбаатарын талбай болон 21 аймагт цуглаан зохион байгуулж, санал санаачилгаа Засгийн газарт хүргүүлсэн. Тиймээс тэмцлийн дараагийн хэлбэртээ орж байна. Засгийн газраас Хөдөлмөрийн маргааны шаардлагын хариуг ирүүлээгүй учраас бид ҮЭ-тэй хамтран Арбитрын шүүхэд хандах, ажлын 14 хоногт багтааж хугацаагүй ажил хаялт зохион байгуулна хэмээн ярилаа.

Санал болгох мэдээ

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

-Цагаан будааг тариалах процесст дэвшилтэд технологийг нэвтрүүлжээ- Манай улсад хүнсний аюулгүй байдал, чанарын асуудал сүүлийн …