Зэрлэг нэрсний анагаах чадал

ЭРҮҮЛЖҮҮЛЭХ, ЗАЛУУЖУУЛАХ, УРТ НАСЛУУЛАХ ҮЙЛДЭЛТЭЙ БИОЛОГИЙН ИДЭВХИТ БОДИС НЭРС ЖИМСЭНД АГУУЛАГДДАГ

Гүн хөх өнгөтэй, исгэлэн амттай, биологийн идэвхт бодисын өндөр агууламжтай Монгол оронд ургадаг 60 гаруй төрлийн зэрлэг жимсгэний нэг нь нэрс билээ.

Манай орны Хөвсгөл, Хэнтий, Хангайн уулархаг нутгаар, Хойд Америк, Европ, Азийн уулархаг, модтой нутгаар байгалийн зэрлэг нэрс элбэг ургадаг бөгөөд сүүлийн хагас зуун жилд Канад, АНУ-д ихээр тармилжуулах болжээ. Өвслөг ургамалын төрөлд хамаарах энэхүү жимсгэнэ нь уугуул Америкчуудын хүнсний үндсэн хэрэгцээ болж байж. Харин Европт зэрлэгээр ургадаг нэрс ховор ч тарималжуулан хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Хамгийн сүүлд хэрэглээндээ тарималжуулж нэвтрүүлсэн улс бол Австрали тивийнхэн юм.

Шинжлэх ухаан хөгжихөөс өмнө хэрэглээнд нэвтэрсэн байсан жимсгэнийг орчин цагт судалж, шинжилж, илрүүлсэн эрүүл мэндийн ашиг тусыг танилцуулья.

I. НЭРС – ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ҮЙЛДЭЛТЭЙ

ИЛЧЛЭГ БАГА, ШИМ ТЭЖЭЭЛ ӨНДӨР
Хоол хүнсийг  их идэхдээ бус илчлэг багатай шимт бодис өндөртэй хүнсийг өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлэхийг шим тэжээл судлаачид санал болгодог. Нэрс жимс нь 100 грамдаа 57 ккал илчгэг, 14 гр эслэгийн агууламжтай нүүрс-ус, 0.7 гр уураг агуулна. Харин өөх тос, холестролын агууламжгүй. Амин дэм А, С, В-6, К-ийн агууламж өндөртэй. Илчлэг бага шим тэжээл их агуулах учир илүүдэл жингээ хасаж байгаа хүмүүст хамгийн зохистой хүнс юм.
ЦУСАН ДАХЬ ГЛЮКОЗЫН ХЭМЖЭЭГ БУУРУУЛДАГ
Эд эсэд бодисын солилцоо явагдах энергийн эх үүсвэрийг хоол хүнснээс авдаг. Бидний идсэн хоол хүнс (нүүрс-ус) нь хоол боловсруулах замаар задарсаар цусанд глюкоз хэлбэрээр очино. Цусан дахь глюкоз нь эсэд нэвтэрч энергийн эх үүсвэрийн үүргээ гүйцэтгэдэг. Цусанд байх глюкоз шууд эсрүү нэвтэрч чаддаггүй. Глюкозыг эсрүү нэвтрүүлдэг гол түлхүүр нь нойр булчирхайн бета эсээс ялгарах инсулин хэмээх дотоод шүүрлийн даавар юм. Инсулин нь эсийн мембран дээрх инсулины рецептортой холбогдсоноор глюкозыг эсрүү нэвтрүүлэх GLUT4 хэмээх хаалга нээгдэнэ. Ингэснээр глюкоз эс дотор орж бодисын солилцоонд оролцдог юм.

Чихрийн шижин II хэв шинжийн үед инсулины дутагдал, инсулин мэдрэг чанар буурах гэсэн 2 ойлголт гарч ирдэг. Инсулины дутагдал гэдэг нь нойр булчирхайгаас инсулин ялгарахгүй болсноор цусан дахь глюкоз эсрүү нэвтрэн орж бодисын солилцоонд оролцож чадахгүй болж цусанд идэвхгүй хэлбэрээр эргэлдэхийг хэлнэ. Харин инсулин мэдрэг чанар буурах гэдэг нь эсийн мембран дээр байх инсулины рецептор нь инсулиныг таньж чадахгүй болж улмаар глюкозыг эсэд нэвтрүүлдэг GLUT4 хаалга нээгдэхгүй болохыг хэлж байгаа юм.

Нэрс жимсгэнд агуулагдах хамгийн онцгой биологийн идэвхит нэгдэл нь антоцианин хэмээх бодис юм. Энэхүү бодис нь эсийн мембран дээр байрлах идэвхгүй, дөжирсөн инсулины рецепторыг сэргээж өгдөг үйлдэлтэй болох талаар эрдэм шинжилгээний өгүүллүүд нийтлэгдсэн байна. Антоцианин нь инсулин мэдрэг байдлыг нэмэгдүүлснээр цусан дахь глюкозыг бууруулах үйлдэлтэй байна. Энэ чанараараа чихрийн шижин II хэв шинжийг үед үр дүнгээ өгөхөөс гадна урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой юм.

БӨӨР ШЭЭСНИЙ ЗАМЫН ҮРЭВСЭЛ
Бөөр шээсний замыг үрэвсүүлдэг гол бактери нь E.Coli юм. Нэрс жимсгэний шүүс тогтмол хэрэглэдэг хүмүүст энэхүү бактерийн гаралтай бөөр шээсний замын үрэвсэл бага тохиолддог болохыг судалгаагаар тогтоосон байна. Нэрсэнд агуулагдах биологийн идэвхит нэгдэл нь бөөр шээсний замын хучуур эд дээр E.Coli бактери холбогдох үйл явцыг дарангуйлдаг хэмээн судлаачид үзэж байна.
МӨӨГӨНЦРИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЛТЭЙ
Нэрс жимсгэнд агуулагддаг Галликийн хүчил нь мөөгөнцрийн эсрэг үйлдэл үзүүлдэг болохыг Бразил, Хятадын судлаачид туршилтаар нотолжээ. Бөөр шээсний замын мөөгөнцрийг үүсгэдэг Candida Albicans-ийн үйлдлийг Галликийн хүчил дарангуйлдаг байна.
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.