Хайлаар хотод болсон Хятад, Орос, Монгол эрдэмтдийн илтгэлийн агуулгыг танилцуулья

17/09/15 02:35

2017 оны 9 сарын 07-10-ны өдрүүдэд  БНХАУ-ын  зүүн хойд нутаг болох Хөлөнбуйр тойргийн төв Хайлаар хотод Хятад, Монгол, Орос  гурван улсын эдийн засгийн форум, бараа бүтээгдэхүүний 13 дах удаагийн үзэсгэлэн худалдааг ӨМӨЗО-ны Худалдааны танхим, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо, Хөлөнбуйр мужийн Засгийн газар амжилттай зохион байгууллаа.  Энэхүү арга хэмжээний хоёрдох  өдөр буюу 2017 оны 9 сарын 8-ны өдөр Монгол, Орос, Хятадын эрдэмтдийн  хамтын ажиллагааны тухай форумын хүрээнд “НЭГ БҮС-НЭГ ЗАМ” сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны хэлэлцүүлэг боллоо. Хайлаар хотын  хувьд Хятад улсын умард  нутгуудтай хамгийн ойр хиллэдэг бөгөөд ОХУ-ын хилээс 110 км, Монгол улсын хилээс 160 км зайтай, эдийн засаг, соёл, аялал жуулчлал, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төвлөрүүлсэн Хөлөнбуйр тойргийн гол төв юм байна. Хайлаархот нь хилийн дагуух ОХУ-ын Чита хот, Монгол улсын  Дорнод аймгийн төв Чойбалсан хоттой эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж ирсэн байна.

Энэхүү хэлэлцүүлэгт БНХАУ-аас  Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны макро эдийн засгийн ЭШХ-ийн Дэд ерөнхийлөгч, БНХАУ-ын Ардын их сургуулийн  профессор, засгийн газрын  шинжээч Би Жи Ёо, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны ОУ-ын хамтын ажиллагааны  төвийн “НЭГ БҮС-НЭГ ЗАМ” төвийн ЭШХ-ийн Дэд ерөнхийлөгч, БНХАУ-ын Коммунист намын түүхийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал  Бан Ру, ӨМӨЗО-ны хөгжлийн судалгааны төвийн Дэд эрхлэгч, ӨМИС-ийн судлаач Б.Цэцэн  нар,  Монгол улсаас Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Хангай, Хятад-Монголын соёлын харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн, түүхийн ухааны доктор /Ph.D/ Б.Лхагвадорж, ОХУ-аас ОХУ-ын ШУА-ийн нийгэм, улс төрийн төвийн эрхлэгч, нийгмийн  шинжлэх ухааны  доктор /Sc.D/ профессор Александр Сергеевич Железняков, ОХУ-ын ШУА-ийн Алс дорнод судлал хүрээлэнгийн захирал, доктор Андрей Владимирович Виноградов  нарын эрдэмтэн судлаачид “НЭГ БҮС-НЭГ ЗАМ”  ерөнхий сэдвийн хүрээнд гурван улсын эдийн засаг, соёл хамтын ажиллагааны боломжийн тухай хэлэлцлээ.

БНХАУ-ын төлөөлөгч Би Жи Ёо “Хятад орос, Монгол бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж шинэ дэвшилтэд хүрэх боломж” сэдэвт илтгэлдээ: “Хятадын ардын үгэнд хавар цэцэглэж, намар хураана” гэдэг үг бий. Ургац хураалтын намрын элбэг дэлбэг цагт Хятад, Орос, Монгол гурван улсын  засаг төр, орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн мэргэд нэг дор цуглан эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцэж байгаад баяртай байна…,  …Хятад, Орос, Монгол гурван улс хөгжиж буй эдийн засагтай улс болох төдийгүй  уул усаараа залгалдсан, ард иргэд нь нөхөрсөг харилцаатай, стратегийн хамтын ажиллагаатай түнш орнууд юм. Тиймээс та бид ашиг сонирхлоо хамтатгах, хөгжлийн гарцаа хамтатгах, үүрэг хариуцлагаа хамтатгах зарчмыг баримтлан гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах нь гурван улсын ард түмэнд ашигтайгаар барахгүй “НЭГ БҮС-НЭГ ЗАМ”-ын бүтээн байгуулалтад дэмжлэг болох юм” гэлээ.

Харин Хятад улсын ӨМИС-ийн судлаач Б.Цэцэн “Хай-Чи-Чой” олон улсын хамтын ажиллагааны дэд бүтцийн хэтийн төлөв” сэдэвт илтгэлдээ: “2016 онд Хятад, Орос, Монгол гурван улсын засгийн газар хамтран орон нутаг болон хязгаар нутгийн хөгжлийг урагшлуулах,  хил орчмын хотуудын хамтын ажиллагааг  дэмжих бодлогын хүрээнд Хятад улсын Хөлөнбуйр, ОХУ-ын Забайкальский крайн Чита хот, Монгол улсын Дорнод аймгийн Чойбалсан хотыг хамруулсан  “ХАЙ-ЧИ-ЧОЙ” хамтын ажиллагааны дэд бүсийг байгуулах тухай гурван улс санал нэгдсэн байдаг. Хөлөнбуйр хот нь Хятад улсын хамгийн олон хил дамнасан ээлжийн галт тэрэгтэй боомт болсон бөгөөд Хятад улс болон Европ тивийг холбосон ачаа тээврийн “Алтан зам” болсон юм…, Монгол улс нь ашигт малтмалын арвин нөөцтэй улс бөгөөд энэ нөөцөөрөө дэлхийн  эхний 20 улсад багтаж байдаг. Хөлөнбуйр хоттой хөршилж байгаа  Монгол улсын зүүн гурван аймагт нүүрс, газрын тос, өнгөт  төмөрлөгийн нөөц өргөн байдаг.  Хятад улс шилдэг үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлэх, гадагш гаргахыг дэмжиж байна.  Тиймээс “ХАЙ-ЧИ-ЧОЙ” хамтын ажиллагааны хүрээнд гурван улс өөр өөрийн давауу нөхцөлөө ашиглан хамтаар хөгжих, хамтаар ашиг хүртэх боломж бүрдэнэ…, түүнчлэн гурван улс боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаагаа өргөтгөж, дэд боловсрол, шинжлэх ухаан, технологийн судалгаа, боловсон хүчний солилцоо ба бусад хамтын ажиллагаагаа өргөтгөхийг  Хайлаар хотын талаас чармайн ажиллана” гэлээ.

ОХУ-ын эрдэмтэн Александр Сергеевич Железняков “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор, түүхэн нөхцөл” сэдэвт илтгэлдээ: “…2016 оны 6 сарын 23-ны өдөр Ташкент хотноо Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гурван улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан…, Хятад, Монгол, Оросын соёл өмнө нь байгаагүйгээр нягт харилцаатай болон хөгжиж, энэхүү эдийн засгийн коридорыг бидний амьдралд авч ирэх юм. Товчхондоо соёл түүхийн шинэ шатанд гарсан энэхүү харилцаа нь гурван улсын иргэд эдийн засгийн хувьд хамтран ойлголцох, хамтаар хөгжих боломжийг нээнэ гэж харж байна.” гэжээ.

Монгол улсын дипломатч Л.Хангай “Эдийн засгийн коридор бол орчин цагийн цайны зам мөн” сэдэвт илтгэлдээ: “Хүн төрөлхтний түүхэнд торгоны зам, цайны зам гэсэн хоёр зам байсан байна. Торгоны замын тухайд харьцангуй сайн судлагдсан байдаг бол цайны замын тухайд арай бага судлагдсан гэж хэлж болно.  Гэхдээ Хятад, Монгол, Оросын эрдэмтэд цайны замыг судлах шаардлагатай. Учир нь энэ гурван улсыг холбосон зам бол цайны зам байсан юм…, түүхэнд Хятад улсад үйлдвэрлэсэн цай болон  шаазан эдлэл, торго зэрэг бүтээгдэхүүнийг Хаалганаар дамжуулан Хүрээгээр дайруулан Хиагт хүргэдэг байсан уламжлал одоо эдийн засгийн шинэ коридор болон өргөжин тэлж байна…, 2016 оны 6 сарын 23-ны өдөр Ташкент хотноо Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гурван улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан баримт бичиг бол гурван улсын эдийн засгийг хөгжүүлэхэд үнэхээр ач холбогдолтой баримт бичиг юм. Байгалийн асар их баялагтай Орос улс, дэлхийн хамгийн их хүн амтай хирнээ өндөр хурдтай хөгжиж байгаа, дэлхийн томоохон эдийн засагтай, энэ утгаараа хамгийн том зах зээлтэй Хятад улс, энэ хоёр хөршийн дунд орших Монгол орны хувьд энэ хоёр улсыг холбосон коридор буюу дэд бүтэц байгуулах асуудалд яах аргагүй анхаарлаа хандуулах ёстой.”

Монгол улсын төлөөлөгч түүхийн ухааны доктор /Ph.D/ Б.Лхагвадорж “Монгол, Хятадын соёлын солилцооны асуудалд” сэдвээр уншсан илтгэлдээ: “Эдийн засгийн харилцааны тухай ярихаас өмнө улс хоорондын соёлын харилцааны талаар авч үзэх зайлшгүй шаардлага байна. Монгол-Хятадын соёлын салбарын хамтын ажиллагаа нь улс төр, эдийн засгийн салбарын харилцааны хурдцыг гүйцэхгүй байгаа нь бид бүхний нүдэнд илхэн харагдаж байна. Хоёр улсын Засгийн газар соёлын хөтөлбөрийн олон талт арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлж байна. Гэвч энэ нь хоёр улсын соёлын харилцаа саадгүй өрнөж байгаа гэсэн үг хараахан биш юм. 2016 онд Монгол улсын жирийн иргэдээс  Монгол улсад хамгийн элэгтэй улс орон аль вэ гэсэн санал асуулгыг  АНУ, Япон, ОХУ, Хятад, Солонгос, Герман улсын нэрийг дурьдан асуухад  хамгийн сүүлийн байранд Хятад улс орсон байна.  Монгол Хятадын харилцаа бүх талыг хамран амжилттай хөгжиж байгаа гэж үзэж байгаа боловч Монголын жирийн иргэдийн дунд ийм сөрөг сэтгэгдэл оршиж байна вэ? Иймээс хоёр орны соёлын салбарын харилцааг түлхүү хөгжүүлэх зүй ёсны зайлшгүй шаардлага тулгарч байна дүгнэж байна. Үүний тулд  БНХАУ болон Монгол улсын хооронд дараах байдлаар соёлын харилцааг нэмэгдүүлэхийн тулд Хятад улсын зүгээс Монголчууддаа хандах чин сэтгэлийн туслалцаа дэмжлэг хамгаас чухал. Тухайлбал, түүх уламжлалын асуудлын хүрээнд БНХАУ-ын архивуудад  байх Монголын түүхэнд холбогдох монгол, хятад, манж төвд хэлээр бичигдсэн архивын баримт материалуудын хуулбарыг Засгийн газар хоорондын хэлэлцээний шугамаар Монголын архивын байгууллагад гардуулан өгөх, боловсролын хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан мэргэжилтэн бэлтгэхэд хамжилцах. Монголын олон залуус Хятад улсад суралцахыг хүсэх болсон. хэрвээ тэднийг сургах асуудалд Хятад улс анхаарах юм бол тэд эргэн эх орондоо ирж Хятадын соёлын бодит орчинтой танилцан хоёр улсын ард иргэдийн бодит ойлголцол, итгэлцлийг бүрдүүлэх юм. Эцэст нь хэлэхэд ард түмний харилцаа соёлоор харилцан нэгдвэл ямар үр дүнд хүрдгийг бид анзаарч авлаа. Тиймээс монгол улсын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх, хоёр улсын ард иргэдийн эв найрамдлыг бэхжүүлэх, соёлын салбарын харилцааг хөгжүүлэхэд бодитой нөлөө  үзүүлэх нь уул усаар хаяа нийлсэн итгэлт хөршийг бий болгох нь дамжиггүй юм.” гэсэн юм.

Ийнхүү 3 улсын эрдэмтэд  хэлэлцэн гурван элсын эдийн засгийн хөгжүүлэх чиглэлд харилцан санал санаачлага гаргасан илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм. Илтгэлүүдийн агуулгаас үзэхэд БНХАУ-ын судлаачдын зүгээс гурван улсын эдийн засгийн коридорыг ашиглан харилцан хөгжих, бүтээгдэхүүн солилцох,  дэд бүтцээ хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах саналыг илүүтэй тавьж байсан гэж дүгнэж болохоор байлаа. Энэхүү форумыг дараа жил дахин зохион байгуулах болсноор өндөрлөсөн юм.

Ц.Мөнх

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


5 × 4 =