Д.Даваасүрэн: Солонгосын хойгийн цөмийн асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь зүйтэй

17/09/14 12:37

174 Үзсэн

Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яам болон Аюулгүй байдлын бодлогын Женевийн төв хамтран 2017 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Швейцарын Монтрё хотноо зохион байгуулсан Хойд Номхон далайн бүсийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлаарх Дугуй ширээний 6 дахь удаагийн уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцож үг хэлэв.

Дугуй ширээний уулзалтад АНУ, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол Улс, ОХУ, Япон зэрэг Зүүн Хойд Азийн орнууд болон Европын холбоо, Швейцарын төр, засгийн төлөөлөгч, эрдэмтэн шинжээчид оролцлоо.

Тэд АНУ-ын шинэ Засаг захиргааны бодлого Хойд Номхон далайн бүсийн орнуудын хүчний тэнцвэрт нөлөөлж байгаа эсэх, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоох боломж, БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийх боломж үлдсэн эсэх, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, Хойд Номхон далайн бүсийн хүчний харилцаа өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд бүс нутгийн орнууд өөрсдийн аюулгүй байдлын стратегийг үүнтэй хэрхэн уялдуулж, шинэчилж байгаа тухай, мөн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын харилцаанд «зөөлөн» хүчний гүйцэтгэх үүрэг зэрэг 5 багц асуудлаар үзэл бодлоо солилцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Дугуй ширээний уулзалтын үеэр хэлсэн үгэндээСолонгосын хойгийн цөмийн асуудлыг гагцхүү яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь зүйтэйболохыг онцолж, холбогдох талууд яриа хэлэлцээгээ сэргээхэд Монгол Улс дэмжихээ мэдэгдлээ.

Мөн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхэд Монгол Улсын санаачилсан Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ тус нэмэртэй болохыг онцлон тэмдэглэв. Энэ эгзэгтэй мөчид Монгол, Швейцар Улс яриа хэлэлцээг зохион байгуулах талбар бүрдүүлэхээ илэрхийлсэнд Дугуй ширээний уулзалтад оролцсон төлөөлөгчид талархав.

Түүнчлэн Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Швейцарын Холбооны Улсад ажиллах үеэрээ НҮБ-ын Худалдаа, хөгжлийн Бага хурлын Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн газрын захирал Жэймс Жан-тай 2017 оны есдүгээр сарын 13-ны өдөр уулзаж, хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай загвар хэлэлцээрийг боловсруулах ажлын явцын талаар санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай загвар хэлэлцээрийн төслийг эцэслэн боловсруулах, хөндлөнгийн шинжээчийн саналыг авах зэргээр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн Бага хуралтай хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв.

Олон улсын эдийн засгийн байдал, улс орнуудын хөгжлийн явцаас шалтгаалан хөрөнгө оруулалтын орчныг өөрчлөлтөд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага тулгарч байгааг талууд онцлон, энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа НҮБ-ын Худалдаа, хөгжлийн Бага хурлын газрын захирал илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


2 + 5 =