Налайх дүүргийн 7 сургуульд 7000 суралцагч суралцаж байна

Эрдэм мэдлэгийн их өргөөний хаалгыг анхлан татаж байгаа бяцхан сурагчид, ангийнхнаа санасан арван жилийн сурагчид, их эрдмийн аянд дөрөө харшуулсан оюутан, залуусын эрдмийн баяр, хичээлийн шинэ жилийн нээлт тохиож байна.

Налайх дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд 7 сургуульд 7156 сурагч суралцаж байгаа бол нэгдүгээр ангид 902 хүүхэд шинээр элсэн суралцаж байна.

Төрийн болон хувийн өмчийн 14 цэцэрлэгт 2591 хүүхэд суралцаж хамран сургалт 70 хувьд хүрлээ.

Дүүргийн удирдлагууд хуваарийн дагуу, сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагын хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцож, сурагч багачуудад мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нар Голомт цогцолбор сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, эрдмийн баярын анхны мөнгөн хонхийг бяцхан сурагчийн хамт жингэнүүлж, хичээлийн шинэ жилийг эхлүүллээ.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар сурагч, хүүхэд багачууддаа хандаж хэлсэн үгэндээ: “Хүүхдүүд та бүхнийхээ аятай тухтай амьдрах, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр ах эгч нар нь багагүй ажлыг төлөвлөн хийж эхэлсэн. Тун удахгүй  50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орно. Дүүргийн зам талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг амьдрах ая тухтай орчин өдөр ирэх тусам сайжирч байна.

Цаашид сургууль цэцэрлэгийн барилга байшинг нэмэгдүүлэх, хамран сургалт болон  оюутан сурагчдын сурлагын түвшинг ахиулж, үр дүнд хүрч ажиллах нь чухал юм.

Сурагч багачууд та бүхэн маань хичээл сурлагандаа онцгойлон анхаарч, сурлагын өндөр амжилт гаргана гэдэгт итгэж байна. Ирээдүйн эзэд болсон бяцхан үрсдээ, тэднийг сурган хүмүүжүүлж буй багш нартаа, эцэг эхчүүддээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!” гэсэн юм.

Дараагаар нь Улсын тэргүүний 23 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож, тус цэцэрлэгийн үйл ажиллагаа, анги танхим, бэлэн байдалтай танилцлаа.

Тус цэцэрлэгийн хувьд хичээлийн 2 байртай бөгөөд энэ хичээлийн жилд 8 бүлэгт 312 хүүхэд суралцахаар бүртгүүлсэн байна. Энэ жил бага бүлэгт 40 хүүхэд шинээр авчээ.

Улсын тэргүүний 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, Монгол Улсын Гавьяат багш н.Тунгалаг хэлэхдээ: “Бид хичээлийн шинэ жилийн нээлтээ Улаанбаатар хотоод Хүүхэлдэйн театртай хамтран зохион байгуулж байна. Эхнээсээ л хүүхдийг яаж угтаж авах вэ гэдэг маш чухал. Өнөөдөр хүрэлцэн ирсэн бүх хүүхэд багачууддаа өнөөдөр баавгайтай чихэр тарааж байна. Бид хичээлийн агуулга, хөтөлбөрөө бүрэн боловсруулж, энэ жил хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болсон” гэсэн юм.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөлөө гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …