С.Амарсайхан: Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө зөвд нь зөөлөн, бурууд нь хатуу байх ёстой

Өнөөдөр НИТХ-ын хэсэг төлөөлөгчид  НИТХ-ын  тэргүүлэгч нарт хандсан шаардлага хүргүүлж байгаа тухай хэвлэлийн хурлыг Хангарьд ордны 14 давхарт  хийлээ. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханаас тодруулга авлаа.

– Өнөөдрийн шаардлагын тухай тайлбар өгөөч?

– Өнгөрсөн 5 сараас хойш  өнөөдрийг хүртэл Нийслэлийн ИТХ хуралдаагүй байна. Цаг үеийн ямарч нөхцөл байдалд нийслэлийн ажил тасралтгүй үргэлжилж байх ёстой, нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой олон асуудлыг шийдэхийн тулд хэдэн сараар байтугай, хэдэн  долоо хоногоор ч тасалдах учиргүй учраас  бид нийслэлийн ажлыг хэвийн явуулах,  шийдвэрлэвэл зохих олон асуудлыг цаг алдалгүй хэлэлцэж, өмнө гарсан тогтоол шийдвэрүүдийг биелэлтийг дүгнэх, хэлэлцэх, цаашид шаардлагатай арга хэмжээнүүдийг авахын тулд НИТХ-ын ээлжит хурлыг нэн даруй хуралдуулах ёстой гэж харж байна. Бид энд НИТХ-ын ээлжит бус хурлыг хуралдуулах тухай биш, ээлжит хурлыг хуралдуулах тухай ярьж, шаардлага хүргүүлж байгааг  та бүхэн анхаарна биз. Сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт НИТХ ээлжит хурлаа хийдэг. Энэ хурал өнөөдөр болох ёстой байсан ч хурлын дарга зохион байгуулсангүй. Тэгвэл энэ ээлжит хуралдааныг  9 сарын 7-ны өдрийн дотор зарлан хуралдуулахыг бид НИТХ-ын тэргүүлэгч нараас шаардаж байга аюм.

– Хуулийн дагуу хэдэн төлөөлөгчийн саналаар НИТХ-ын ээлжит бус хуралдаан болох ёстой вэ?

– Хуульд зааснаар НИТХ-ын нийт төлөөлөгчдийн  2/3 буюу  45 төлөөлөгчийн 30-аас доошгүй төлөөлөгчийн хүсэлт шаардлагаар НИТХ-ын ээлжит хуралдаан болох ёстой. Бидний хувьд ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах нөхцөл байдал бий болоогүй байгаа. Манай бүлгийн 16 төлөөлөгчийн өргөн барьсан асуудал нь нэг хүний асуудал гэхээсээ илүү нийгмийн нийтлэг эрх ашиг, нэг намын дотоод асуудал гэхээсээ илүү нийгэм улс орны нийтлэг асуудал болчихоод байгаа учраас энэ асуудлыг НИТХ-ын хуралдаанаар авч хэлэлцэж, буруу зөрүүг нь тунгаах ёстой, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах ёстой, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм.

– 8 сарын 17-нд өргөн барьсан та нөхдийн шаардлага ямар шаардлагыг тусгасан байсан вэ?

– Нийслэлийн ИТХ-ын нэр бүхий 16 төлөөлөгчийн гарын үсэг зурсан тус шаардлага нь нэгдүгээрт НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрчлөх,  хоёрдугаарт НИТХ-ын тэргүүлэгч нарт өөрчлөлт оруулах гэсэн шаардлагыг тусгасан байсан. ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн жил болгон өөрчлөгддөг. Жил бүр төлөөлөгч нар сэлгэж хуралдааныг үргэлжлүүлж байх ёстой дүрэм дэгтэй. Энэ дэгийн дагуу хуралдааны тэргүүлэгчийн бүрэлдэхүүнд  өөрчлөлт оруулах шаардсан. нэгдүгээрт тэргүүлэгч нар хуралдахгүй байна, хоёрдугаарт тэргүүлэгчидэд өөрчлөлт оруулах цаг хугацаа нь болсон байна. Гэтэл НИТХ-ийн түвшинд энэ асуудлыг ярихгүй байгаа учраас цаг хугацаа, дэгийг дагуу хийх ёстой гэж бид үзэж байгаа юм.

-Засгийн газрыг огцруулах асуудалтай зэрэгцэн НИТХ дээр ийм асуудал яригдаж байгаа нь ямар нэгэн улс төрийн шалтгаантай юу гэсэн хардлагыг төрүүлж байна.

– Засгийн  газрын хэмжээнд яригдаж байгаа, УИХ-ын түвшинд яригдаж байгаа улс төрийн нөхцөл байдалтай НИТХ-ын асуудал ямар нэгэн холбоо, улс төрийн шалтгаан  байхгүй. Нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа, нийслэлийн иргэдийн өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээж, амлалт өгч  сонгогдсон иргэдийн хурлын  төлөөлөгчид нийслэлийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд бид өөрсдөө эрүүл ухаан, эрүүл сэтгэлгээгээр хандаж, зөв зүйлд нь зөөлөн, бурууд нь хатуу  байх ёстой гэдэг зарчмын дагуу л ажиллаж байна.

– НИТХ-ын дэгт зааснаар бол  НИТХ хэзээ хуралдах ёстой вэ?

– НИТХ-ын дэгт зааснаар НИТХ сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагт ээлжит хурлыг хуралдуулж байх ёстой.  Энэ дэгийн зүйл заалт хэвээр үргэлжилж байгаа. Гэтэл өнгөрсөн 5 сараас  9 сарыг хүртэл нэг ч хурал хуралдахгүй байгаа нь НИТХ дэгээ зөрчиж байгаа хэрэг. Удахгүй өвөл болох гэж байна, өвлийн бэлтгэл ажил, нийслэлийн төсөв санхүүгийн байдал, төсвийн бүрдүүлэлт ямар байна, бусад ажлуудыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлыг бид хэлэлцээд, ярилцаад, төлөвлөөд явж байх ёстой. Ер нь та бид монгол улсынхаа нөхцөл байдлыг бид сайн мэдэж байгаа шүү дээ. Зуны 3 сарыг сонгууль, наадам, амралт, зугаалга гээд үр дүнгүй өнгөрөөх байдлаар асуудалд хандаж болохгүй. Ялангуяа нийслэлийг удирдаж байгаа хүмүүс ийм хандлагаар цаг үеийг өнгөрөөж таарахгүй.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …