60 тэрбумын хэргийн эзнийг хаацайлагсдын цаана юу нуугдана вэ?

Төрийн албыг намдаа мөнгө олох хэрэгсэл болгох тухай ярьж, МАН-д үзэл бодол, итгэл үнэмшлээрээ  нэгдсэн мянга мянган гишүүдийн итгэл рүү ус цацсан, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх С.Ганбаатар нард МАН улс төрийн болон эрүүгийн хариуцлага  хүлээлгэх ёстой боловч өнөөдрийг хүртэл тэд энэ хэргийг эвлүүлэг хэмээн зүтгэсээр, албан тушаалаа үргэлжлүүлэн хашсаар байна.

60 тэрбумын хэргийн тухай анхны аудио бичлэг  2016 оны хавар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсаны дараа Нийслэлийн МАН-ын  дарга Ц.Сандуй МАН-ын байрны гадаа мэдэгдэл хийхдээ “одоогоос 2 жилийн өмнө  нийслэлийн МАН-ын стратеги төлөвлөгөөтэй холбоотой хурал хийсэн юм, тэр хурлын бичлэг задарсан байна” хэмээн энэ асуудлыг өөрийн биеэр хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн байдаг.

 Төд удалгүй тэрбээр өөрийн ярьсан дээрх тайлбараа үгүйсгэж, “60 тэрбумын тухай яриа бол  эвлүүлэг” гэж зүтгэсээр өнөөдрийг хүрсэн. Түүнийг МАН-ын дарга “цээжээрээ хамгаалж”, 60 тэрбумын тухай  бичлэг  эвлүүлэг учраас Ц.Сандуй нарт хариуцлага тооцох шаардлагагүй гэсэн утгатай мэдэгдлийг МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр хэлж, Ц.Сандуйг “өмгөөлсөн”  байдаг.

 Юу үнэн вэ гэвэл…


 Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2016 оны  сонгуулиар  МАН ялалт байгуулвал 60 тэрбум төгрөгийг  улс төрийн болон төрийн албан тушаалыг зарж борлуулан  босгох тухай ярьсан нь үнэн.

Мөн 60 тэрбумын ярианы  бичлэг нь  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга М.Энхболд ялагдах чухал нөхцөл болсон нь үнэн  гэж олон нийт харж, дүгнэж байна.

 Ардчилсан улс орнуудад улс төрийн сонгуулийн дараагаар, тухайн сонгуулийн үр дүнд үндэслэн улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцдог нь зүй ёсны эрүүл үзэгдэл. Гэтэл 60 тэрбумын хэргийг өдөөн, 90 жилийн түүхтэй МАН-ын нэр хүндийг “шороотой хутгаж”, нэгхэн жилийн өмнө улс орон даяар болсон сонгуульд  олонхи болж, ялалт байгуулж байсан МАН-ын нэр дэвшигчийг, намын даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд унагах гол шалтгааныг өдөөсөн, нийслэлийн МАН-ыг эл сонгуульд удирдан оролцсон боловч нийслэлийн 9 дүүргээс 7 дүүргийг ялагдуулсан Нийслэлийн МАН-ын дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй гэгчид МАН-ын зүгээс  улс төрийн болон ёс зүйн хариуцлага тооцох ёстой атал,  өнөөдрийг хүртэл түүний “толгойг нь илэн” эрхлүүлсээр байгаагийн цаад шалтгаан юу вэ?

 Ажиглагчид үүнийг нэг талаас Ц.Сандуй бол МАН-ын даргатай нэг фракци гэдгээр тайлбарлаж болох бол нөгөө талаас тэрбээр өөрийнхөө төлөө “галруу ч орохоос” буцахгүй тойрон хүрээлэгчидээр багаа бүрдүүлсэнтэй холбон тайлбарлаж байна.

 НИТХ гэдэг  институци бол Нийслэлийн иргэдээс өөрсдийгөө төлүүлүүлэн  сонгосон нийслэлийг удирдах  байгууллага. Тиймээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хэн бүхэн өөрийн эрх ашгаас илүүтэй сонгогдсон тойргийнхоо иргэдийн эрх ашгийг төлөөлж ажиллах учиртай. Гэвч Ц.Сандуй даргын дэмжлэг, зүтгэлээр өнөөдрийн албан тушаал, эрх мэдэлд хүрсэн нэр бүхий  НИТХ-ын төлөөлөгчид Ц.Сандуй даргаа хамгаалсаар байна. Өөрийг нь сонгосон сонгогчдийн байр сууриас илүүтэй өөрийн хувийн эрх ашиг  нь чухал байгаа эдгээр төлөөлөгчид хэн вэ?

Уншигч та  “60 тэрбумын хэрэг”-ийн эзэн Ц.Сандуйг хамгаалж, түүнийг НИТХ-ын  даргын албан тушаалаас нь огцруулахын эсрэг саналтай байгаа нэр бүхий төлөөлөгчидтэй танилцлаа.

 Тэд бүгдээрээ Нийслэлд ямар нэг байдлаар албан тушаал хашиж, эрх мэдэлд хүрсэн  хүмүүс. Тэдний хувьд сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалах, МАН-ын үнэт зүйлсийг уландаа гишгэх, МАН-ын жирийн мянга мянган гишүүдийн итгэл үнэмшлийг үл тоохоос илүүтэй “даргаа аварч” албан тушаалтай нь үлдээх, улмаар өөрсдөө эрх мэдлээ алдахгүй байх нь чухал бололтой.

 Дашрамд эдгээр төлөөлөгчидөд хандаж хэлэхэд  өнөө цагт шинжлэх ухаан технологийн  хөгжил хэдий өндөр түвшинд хүрсэн ч гэлээ хэн нэгний яриагүй яриа, хэлээгүй үгийг хэлж ярьсан мэтээр эвлүүлдэг технологийн шийдэл хараахан гараагүй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

 Улс төрийн ирээдүйгээ бодсон ч,  сонгогчидоо хүндэтгэсэн алхам хийхийг хүсвэл “60 тэрбумын хэргийг  хамгаалах” боломжгүй гэдгийг эрхбиш эдгээр төлөөлөгчид ойлгоно гэдэгт найдах л үлдлээ дээ.

A.Галт

 Эх сурвалж:24tsag.mn

Санал болгох мэдээ

Эмийн сонсгол: Эмийн үнийн өсөлт, хугацаа дууссан эмийн устгалын талаар хэлэлцэнэ

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол …