Фёдор Михайлович Достоевскийн түүх

Фёдор Михайлович Достоевский нь Москвад 1821 оны 11 сарын 11 нд  ядуу эмчийн гэрт төржээ.  Тэрээр Санкт Петербургийн цэргийн инженерийн сургуульд суралцаж байсан боловч 1844 онд цэргийн албаасаа гарч уран зохиолд амьдралаа зориулахаар болсон. Тэр үед “Мария Стюарт”, “Борис Годунов” гэдэг жүжиг бичсэн боловч төдий л сайн зохиол болсонгүй. Гэхдээ түүний баян хоосны ялгаа, барлаг ядуусын уйтгарт амьдралыг харуулсан “Ядуу хүмүүс” гэдэг туужаа 1845 онд хэвлүүлсэн нь олны анхаарал татаж, нэрт утга зохиол шүүмжлэгч В.Г.Белинскийн бичсэнээр энэ бүтээл нь “нийгмийн амьдралыг харуулсан Оросын анхны роман” болжээ. 3 жилийн хугацаанд Достоевский 10 гаруй богино хэмжээний зохиол туурвиж энгийн хэвшил болсон утга зохиолыг өдрөөс өдөрт сайжруулсаар байв.

1861 онд дүүтэйгээ хамтарсан “Время”(“Цаг үе”) сонин хэвлэн гаргаж эхэлсэн боловч аж амьдралаа өөд татахад төдийлөн тус болсонгүй, харин хаант засгийн хууль ёсыг эсэргүүцсэн утга санаа бүхий олон өгүүлэл нийтэлсэн учир удалгүй хаагджээ. Гэхдээ тийм боловч уг сонинд “Дорд үзэгсэд” гэдэг романаа нийтэлсэн юм. Уг зохиол нь нийгмийн хор хөнөөлийг олон түмний илчлэн харуулаад зогссонгүй дорд үзэгсэд нэгдэн нягтрахыг уриалж эрх чөлөө, тэгш байдлыг олох эрмэлзлээр дүүрэн зохиол болжээ. Түүнээс хойш таван жилийн дараа уншигчдын сэтгэл санааг донсолгосон “Гэм зэм” роман нь хэвлэгдэн гарчээ. Олонд нэртэй зохиолч болсон боловч гачигдал зовлон, ядуу зүдүү амьдралаас тэр гарч чадсангүй.1864 оны 4 сард түүний эхнэр нас барж, 3 сарын дараа түүний ах Михайл нас барав. Гэвч Ф.М.Достоевский гачигдал зовлонд бууж өгсөнгүй шамдан ажиллаж, “Тоглоомчин”, “Мангуу”, “Чөтгөр шулмас шиг амьтад”, гэдэг роман тууж өгүүллэгээ бичжээ. Тэрээр 1865 онд Германы Вийсбадэн хотын казинод хамаг мөнгөө мөрийтэй тоглоомд алдсаныхаа дараа “Тоглоомчин” гэдэг зохиолоо бичсэн. Өөрийн нэг насны үйл хэрэг гэж үзэж байсан туульсын романаа жаран насныхаа босгон дээр бичиж эхэлжээ. Энэ зохиолын анхны дэвтэр нь”Ах дүү Карамазовынхан” нэрээр 1880 онд хэвлэгдсэн боловч дараачийн дэвтрий нь бичиж завдсангүй гэнэт нас баржээ. Ф.М.Достоевский бол нийгмийн амьдралыг маш нарийн дүрслэн харуулж чаддаг, сэтгэлзүйн роман , зохиолоороо дэлхийд нэрд гарсан онцгой авьяастан байсан гэж олон үеийн утга зохиол судлаачид нэгэн саналтай үнэлдэг юм.Ф.М.Достоевскийн хамгийн том уран бүтээл нь гэм зэм хэмээх роман юм.

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …