М.Мөнхгэрэл:Зүүн гар тийш эргэвэл гэрлэн дохио зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээлгэнэ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахын тулд энэ сарын 15-наас төв замын уулзваруудад зүүн гар тийш эргэхийг хориглосон талаар мэдээлэл гарсан. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд хэрхэн зорчиж, уулзвар нэвтрэх талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч М.Мөнхгэрэлээс дараах зүйлийг тодрууллаа.

– Төв замын уулзваруудыг зүүн гар тийш эргэхийг хориглосон гэж байна. Энэ талаар?

-Хотын төвийн зам буюу Энх-тайвны өргөн чөлөөгөөр нийслэл хотын автомашины хөдөлгөөн дамжин өнгөрдөг учир түгжрэл их бий болдог. Ялангуяа хичээл сургууль орсон үеэс эхлээд авто замын түгжрэл ихэсдэг. Түгжрэл саатлыг бууруулах, гарч буй авто ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хотын төвийн долоон уулзварт зүүн гар тийш эргэх уулзварт хориглох хязгаарлалтыг энэ сарын 15-наас эхлэн хийж эхлэх гэж байна.

-Хэдэн уулзвар багтаж байна вэ?

-Долоон уулзвар багтаж байгаа. Тухайлбал, 11-р сургуулийн уулзвар, Цэцэг төвийн уулзвар, Төв шуудангийн уулзвар, Гадаад хэргийн яамны уулзвар, Багшийн дээдийн уулзвар, Бөхийн өргөө болон Зүүн дөрвөн замын уулзвар гэсэн долоон уулзварыг зүүн гар тийш эргэхийг хязгаарлана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл төв замаар хэвтээ чиглэлд дамжин өнгөрч байгаа буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун, баруунаас зүүн чиглэлд зорчиж байгаа тээврийн хэрэгслүүд зүүн гар тийш эргэхийг хязгаарлаж байгаа юм. Үүн дээр нэмэгдээд Бөмбөгөр худалдааны төвөөс зүүн гар тийш эргэх хөдөлгөөний хязгаарлана. Хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан бусад замын тэмдэг, тэмдэглэгээг өөрчлөх нэмж байршуулах зэрэг ажлыг Нийслэлийн авто замын хөгжлийн газартай хамтран зохион явуулж байна.

– Эдгээр долоон уулзвараас хоёр уулзвар онцлогтой гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?

-Мөн зохицуулалттай холбоотой зарим нэгэн туслах замын буюу нарийн замуудад хөдөлгөөний өөрчлөлт орж байгаа. Үүнд баруун дөрвөн замаас урагш Чоймболын гудамж зохицуулалтыг хийж эхэлснээр эсрэг хөдөлгөөнтэй болно. Орос элчингийн баруун талын зам буюу нэгдүгээр сургуулийн баруун зам нэг чигийн хөдөлгөөнтэй байгаа бол эсрэг хөдөлгөөнтэй зам болж зохицуулахаар төлөвлөсөн байна. Эдгээр долоон уулзварт хоёр онцлогтой уулзвар бий. Энэ нь болохоор Зүүн дөрвөн зам болон Төв шуудангийн хоёр уулзварт ертөнцийн зүгээр зүүнээс баруун чигт хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүд зүүн гар тийш эргэж болно. Зөвхөн зүүнээс баруун чигт хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүд л зүүн эргэхээр зохицуулалт хийсэн.

– Ер нь жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо юуг анхаарах вэ?

-Иргэддээ зөвлөхөд нийслэл хотын түгжрэлийг бууруулахыг зорилгоор хийгдэж буй ажил гэдгийг та бүхэн ойлгож бидний ажлыг тусалж дэмжээсэй гэж хүсч байна. Иргэд та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо хаашаа зорчих вэ гэдгээ зөв тооцоолж замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай болж байна. Хоёрдугаарт авто замын гэрлэн дохио тэмдэг тэмдэглэгээг сайтар ажиглаж тэмдэглэгээний дагуу замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай.

Энэ зохицуулалттай холбоотой замын цагдаагийн алба хаагч нар иргэдийг хэвштэл биет хөдөлгөөн зохицуулалтыг хийж ажиллахаар төлөвлөж байна. Энэ үеэр цагдаагийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэн хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд оролцоорой гэж зөвлөмөөр байна.

– Зүүн гар тийш эргэвэл жолооч нарт ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд зүүн гар тийш эргэсэн бол тэмдэг тэмдэглэлийн заалт болон гэрэл дохио зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээдэг болно. Энэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр уулзварын нэвтрэх чадвар сайжирч урсгалын дундаж хурд нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Замын цагдаагийн газраас тооцоо судалгааны үндсэн дээр зохион байгуулсан. Бидний хийсэн судалгаагаар түгжрэл 20 орчим хувиар буурч тухайн уулзварын нэвтрэх чадвар тэр хэмжээгээр сайжрана.

– Ярилцсанд баярлалаа

 

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …