Коши Матай:ДНБ энэ онд 2 хувийн өсөлттэй гарахаар байна

Ноён Коши Матайгаар ахлуулсан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2017 оны долоодугаар сарын сарын 19-нөөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатайӨргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хэлэлцүүлгийг хийлээ.

Айлчлалыг дүгнэж ажлын хэсгийн ахлагч ноён Матай дараах мэдэгдлийг гаргав.

Үүнд: Эдийн засаг сэргэж байна. Нүүрс олборлолт, экспорт эрчимтэй нэмэгдэж, хувийн хөрөнгө оруулалт их хэмжээгээр өсч, ОУВС тэргүүтэй хөгжлийн түншүүдийн 5.5 тэрбум ам. долларын санхүүжилт батлагдсаны дараагаар эдийн засагт итгэх итгэл сэргэсний ачаар ДНБ энэ онд хоёр хувийн өсөлттэй гарахаар байна.

Хөтөлбөр сайн хэрэгжиж, бүх тоон зорилтууд хангагдсан. Төсвийн орлого давж, зарлагын санхүүжилтийг хатуу хяналтанд байлгасны үр дүнд төсвийн үр дүнгийн үзүүлэлтүүд тооцоолсноос хавьгүй сайн биелж гарлаа. Давж биелсэн орлогын дүнгийн тал орчим хувиар хуримтлал үүсгэснээр, зээллэгийн хэмжээг бууруулан өрийн өсөлтийг хязгаарлах болно. Үлдэх хэсгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан үр өгөөжтэй арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна. Гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээ өссөн нь экспортын орлого нэмэгдэж, засгийн газрын үнэт цаасны зах зээлд гаднаас хөрөнгө оруулалт хийгдэж буйтай холбоотой юм.

Эрх баригчид дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг хадгалахад чиглэгдсэн бүтцийн өөрчлөлтийн томоохон зорилтуудаа хэрэгжүүлж эхлээд байна. Банкны системийг бэхжүүлэх ажил хийгдэж байна. Активын чанарын үнэлгээг удахгүй эхлүүлнэ. Хууль эрхзүйн чухал өөрчлөлтүүдийн төслийг боловсруулах ажил хийгдэж, зохицуулалт, хяналтын шалгалтын тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээнүүд хэрэгжиж байна.

Төсвийн тал дээр татварын удирдлага, татварын бодлого, төсвийн хяналтыг бэхжүүлэх ажил ахицтай явагдаж байна. Мөн төсвийн зөвлөлийг байгуулна. Нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгож, зардлыг нэн эмзэг бүлэгт чиглүүлэх үүднээс Засгийн газар Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг эргэн харж байна. Уг хөтөлбөрийг 2018 оноос эхлэн хөрөнгө чинээ багатай өрхүүдэд чиглүүлж, хэмнэгдсэн хөрөнгийг ядууст зориулсан хүнс тэжээлийн нэмэгдэл хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр амлалт өгсөн.

Эрх баригчид болон ажлын хэсэг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээн дээр ажлын хэсгийн түвшинд тохиролцлоо. Энэхүү тохиролцоог ОУВС-гийн Захирлуудын зөвлөлд танилцуулж батлуулах ёстой. Захирлуудын зөвлөл энэ оны есдүгээр сарын сүүлээр хуралдаж, эхний шатны энэхүү үнэлгээг эцэслэхээр төлөвлөж байна. Ингэснээр 37.82 сая ам. долларын дараагийн санхүүжилт олгогдох юм” гэжээ.

Эх сурвалж: Сангийн яам

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …