О.Ононтунгалаг:Зорилгоо тодорхойлсон байхад миний нүдэнд зөвхөн зорилго харагдаж, шалтаг бүдгэрдэг

О.Ононтунгалаг хэмээх монгол бүсгүй АНУ-н  Калифорни мужийн Лос Анжелес хотноо “Майкал Винсента” академид нүүр будалтаар ажилладаг. Холливудын алдартай оддын нүүрийг буддаг тэрбээр сүүлийн үед Ирина Шейк, Крис Браун, Гакки Мейн, Женнифер Лопесийн хуучин найз залуу болох Каспер Смарт нартай хамтран ажиллаад байгаа юм. Тэрбээр ажлынхаа хажуугаар “Oonoo’s make up” фэйсбүүк хуудас ажиллуулж, монгол охид бүсгүйчүүддээ зөвлөгөө өгдөг юм. Уг фэйсбүүк хуудаснаа л гэхэд 100 гаруй мянган дагагчтай түүнийг мэдэхгүй, танихгүй охид, бүсгүйчүүд бараг үгүй биз ээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргье.

-Юуны өмнө урилгыг минь хүлээн авч ярилцлага өгч байгаад баярлалаа. нүүр будалтаар ажиллах болсон түүхээс ярилцлагаа эхлүүлье?
-Би Америк Улсад 2009 оноос хойш сурч, ажиллаж, амьдарч байгаа. 2013 онд “Майкал Винсента” академийн сургууль буюу одоогийн багшилдаг сургуульдаа нүүр будгийн чиглэлээр анх сурч эхэлсэн. Ер нь бага байхаасаа л нүүр будах дуртай, ээжийнхээ будгаар тоглодог байсан. Найз нөхдийгөө хүртэл барьж аваад будчихдаг артист маягийн хүүхэд байлаа. АНУ-д ирснээсээ хойш энэ чиглэлээр сурах юмсан гэж боддог байсан. Гэхдээ монголд мэйк ап артистийг мэргэжил гэж тооцдоггүй учраас өөр мэргэжлээр коллежэд сурч, мэдлэг, боловсролдоо илүү анхаарч байлаа. Ер нь хүний хийж байгаа зүйл дуртай эсэх нь явцдаа мэдэгддэг шүү дээ. Тиймээс нүүр будгийн чиглэлээр сурмаар байгаагаа гэрийнхэндээ хэлж, зөвлөлдөөд, энэ сургуульдаа орсон.

Сургуулиа  төгссөнийхөө дараа, сургуулиасаа ажиллах санал авсан л даа. Ажиллах хугацаандаа мэргэжилдээ улам дурлаж, бүр их сонирхолтой санагдаж эхэлсэн. Үүнээсээ урам авч гүнзгийрүүлэн сурч, хөгжмийн бичлэг, кино зураг авалт, загварын шоу зэрэг чадвар сорьсон зүйлд өөрийгөө дайчилж, илүү хөгжиж, өөр төвшинд гарахыг хичээж байна. Энэ бүхэн надад эрч хүч өгдөг юм шиг санагддаг. Хүн юм сурах тусмаа улам л илүү сурах хэрэгтэйг мэдэрдэг. Тийм учраас мэйк ап артистаар ажиллах тусам улам амттай, сонирхолтой санагдаж байна. Америкт  энэ мэргэжил эрэлт хэрэгцээтэй мэргэжилд ордог. Зураг авалт бүрт мэйк ап артист, үсний стайлист, хувцас дизайнер эсвэл хувцас засдаг хүмүүс хэрэгтэй байдаг. Хүн харахад амархан юм шиг харагддаг боловч нилээн цаг ордог ажил. Нэг зураг авалтын үеэр гэхэд л нилээн хэдэн цаг хөл дээрээ зогсч ажиллах шаардлагатай болдог. Хийхэд амархан юм шиг боловч зарцуулж байгаа хугацаа нь нилээн их.

-Ажлынхаа хажуугаар сурна, дээр нь пэйжээ ажиллуулж охид бүсгүйчүүддээ зөвлөгөө өгнө гээд энэ бүх ажлаа яаж амжуулдаг вэ. Ер нь таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Зарим үед хэцүү санагдаж яаж амжуулна аа гэж бодогддог. Энэ олон хүний асуултад яаж хариулна, ирэх долоо хоногт бичлэг, мэдээлэл оруулах ёстой юм байна гэх зэргээр өөртөө хэт их ачаалал өгөх үе их байдаг. Гэхдээ энэ пэйжийг 100 хувь өөрийнхөө сонирхлоор нээсэн. Сонирхлоос минь үндэслэн гарсан. Хүн дуртай зүйлээ хийхдээ цаг заавал гаргадаг юм билээ. Ямар нэг байдлаар цаг гаргаж охид бүсгүйчүүддээ өөрийн мэддэг, чаддаг зүйлсээ хуваалцдаг. Намайг фэйсбүүк хуудаст дагадаг, өгсөн зөвлөгөөг минь хэрэгжүүлж, үүгээр жигүүрлэдэг охид, бүсгүйчүүддээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Миний нэг өдөр их эрт эхэлдэг. Зураг авалт дөрөв,тав, зургаа, найм гээд харилцан адилгүй цагуудаас эхэлдэг. Хэрвээ найман цагаас ч юм уу орой эхэлж байгаа үед өглөө эрт босч халуун иогад явдаг. Эсвэл долоо хоногт дөрвөөс таван удаа 40 минут  фитнесс клубт явахыг хичээдэг. Хэрэв эрт ажилтай бол ажил дээр 12-16 цаг өнгөрдөг юм. Оюутан болсон учир сүүлийн үед цагийн хуваарь өөрчлөгдөж байгаа. Тиймээс өдөртөө хагас ажиллаад оройн цагаар хичээлдээ явж байгаа. Ер нь өглөөдөө иогад явах зэргээр дасгал хөдөлгөөнөөр тасрахгүй байхыг хичээдэг. Дасгал хийсний дараа гэртээ орж ирээд эсвэл гарахаасаа өмнө өглөөнийхөө цайг заавал бэлдэж авч явдаг. Ажиллаж байгаа үед бидэнд ажлаас хангалттай эрүүл хоол угтдаг. Ер нь өглөөдөө заавал өглөөний цайгаа уудаг. Харин ажлаа дуусаад хичээлдээ явж байгаа. Амарч байгаа үедээ өглөөд фитнесс юмуу, иогадаа явж, өглөөнийхөө цайг уусны дараа гэр дэхь ажлаа амжуулдаг.

Дараа нь 30-40 минутыг хүмүүсийн асуусан асуултад хариулахад зориулдаг. Мөн “youtube” сайтад тавих бичлэгээ хийдэг. Үгүй бол ном унших дуртай. Номын санд ороод хоёроос гурван цагийг утсаа ч харахгүйгээр ном уншихад зориулдаг. Оройдоо эрт унтахыг хичээдэг боловч унтах гэсээр байтал 11, 12 цаг хүргэчихдэг юм. Надад ээж ааваас өвлөсөн нэг сайхан зуршил байдаг. Тэр нь ядарсан ч бай их оройтсон ч өглөө ажилгүй байсан ч эрт босох  дуртай. Энэ бол миний амьдарлын хэв маяг болоод багаас сурсан зуршил. Ер нь эрт босоод сурчихсан болохоор их ажил амжуулж чаддаг юм болов уу. Өглөө эрт боссон өдөр ажил эрт амжиж эмх замбараатай байдаг юм. Их ажилтай тохиолдолд утсан дээрээ тэмдэглэж, юу хийхээ төлөвлөх дуртай. Төлөвлөгөөгүй өдөр харвасан сум шиг өнгөрдөг учир юу хийхээ төлөвлөж, дараалалд оруулдаг. Яг одоо хийх шаардлагатай зүйлээсээ эхлээд дараа дараагийн шаардлагатай зүйлээ эсвэл өнөөдөр хийхгүйгээр маргааш хийж болох зүйл юу байгааг дараалуулан бичиж, хийдэг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …