Тэр намар /дурсамж/

2002 оны тэр намар манайх гэдэг айл захын хорооллоос хотын төв рүү шинэ байрандаа нүүж орохоор боллоо. Аав ээж дүү гурав минь их л баяртай байж билээ. Харин би сэтгэл дундуурхан байсан юм. Учир нь ижил дасал болсон анги хамт олон, найз нөхөд, ачит багш нараасаа холдож, өөр сургууль руу шилжинэ гэдэг миний хувьд тун таагүй мэдээ байлаа.

Гэсэн хэдий ч гэр бүлээ дагахаас өөр аргагүй болсон юм. Нүүдэл болдгоороо болж нэг л мэдэхэд 9 дүгээр сарын 1-тэй золгодог юм байна. Шинэ сургуульд орлоо. Хуучин сургуулиас минь том санагдаж байлаа.

Ангийн багш намайг танилцуулж, ширээнд суугаад хичээлийн нэг цаг дуусч, завсарлагаанаар гарч хүйтэн зүйл олж уучихаад яаралгүй ангидаа орж ирэхэд миний суудал дээр өөр хүүхэд суучихсан байсан учраас хамгийн арын ширээнд очиж суулаа. Гэтэл нэг л биш шүү.

Өглөө хамт хичээл үзэж байсан хүүхдүүд биш л юм шиг санагдав. Тэгсэн нэг өндөр цагаан охин хүрч ирээд “Чи шинээр шилжиж ирсэн юм уу” гэж байна. Би “тийм ээ” гэж хариулаад чимээгүйхэн хичээлээ хийгээд суулаа. Дараагийн завсарлагаанаар ангийнхан маань бүгд гараад явчихлаа. Харин би энэ удаад гарсангүй. Гарвал бас л ангийнхнаа танихгүй эвгүй байдалд орно гэж бодоод тэр шүү дээ.

Гэтэл завсарлагаан дуусаад шал өөр хүүхдүүд ороод ирлээ. Тэгээд гайхаад нэг хүүхдээс асуутал анги ангиараа кабинет хэсч, хичээллэдэг юм байна. Би үүнийг нь анзаарсангүй. Санаа зовсондоо гүйгээд гартал хонх дугарлаа. Бүх хүүхдүүд анги ангидаа ороод сургуулийн кордор нам гүм болов.

Энэ үед шилжиж ирсэн ангийнхан маань хаана байгааг, одоо ямар хичээл орж байгааг бүү мэд. Ичих, инээх хоёр зэрэгцээд бушуухан шиг л гэрийн зүг гэлдэрсэн юм. Ингэж л хотын төвийн сургуулийн эхний өдөр минь өнгөрч билээ. Тэр жилийн намараа гэж …

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …