Чимгээ эмчийн зөвлөгөө: Хүүхдийг хэрхэн чийрэгжүүлэх вэ

Чийрэгжүүлэлтэнд агаарын нөлөө

Хэрэв агааргүй бол ертөнц дээр амьдрал огт байхгүй бөгөөд хүн агаараар амьсгалж түүгээр тэжээгдэж явдаг билээ. Агаарын чийрэгжүүлэх үйлчлэл нь усны адил эхлээд арьсны судсыг агшааж дараа нь тэлэгдүүлдэг. Гэхдээ агаарын үйлчилгээ нь усыг бодвол зөөлөн бөгөөд уснаас нилээд бага температурт бие хэт даарч хөрөлгүй дасгалждаг сайн талтай. Бага температуртай агаар нь бүх л бие мах бодид үйлчлэхээс гадна тодорхой нэг эрхтэний үйл ажиллагаанд тусгалаа үзүүлдэг.

Агаар нь биед температураар зогсохгүй өөрийн чийглэг байдлаар үйлчилдэг. Чийглэг агаар нь дулааныг сайн дамжуулах учир биеэс их хэмжээний дулааныг авдаг. Салхиар биднийг хүрээлэн байгаа бүлээссэн агаар тасралтгүй зөөвөрлөгдөж хүйтэн агаараар солигдож байдаг учир биеэс их хэмжээний дулааныг алдагдуулдаг. Иймд хүүхдийг агаараар чийрэгжүүлэхдээ зөвхөн термометрын заалтыг удирдлага болгоод зогсохгүй мөн агаар, салхины хурд , чийглэгийг харгалзан үзэх хэрэгтэй.
Хүйтэн, сэрүүн агаарт биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлж хүүхдийг чийрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтой бөгөөд хүүхдэд агаараар чийрэгжүүлэлт хийхэд зүрх судасны талаас үйл ажиллагааны нилээд өөрчлөлтүүд илэрдэг учир хүүхдийн зүрх судасны хэвийн үйл ажиллагааг нас насаар нь мэдэж байх хэрэгтэй. Хүүхдийг агаарт тоглуулж наадуулах, биеийн тамирын дасгал хийлгүүлэх нь тэдний сэтгэлийг сэргээж хөдөлгөөнийг нь түргэтгэж мэдрэлийн системийн үйл ажиллагааг нь идэвхжүүлдэг.

Агаараар чийрэгжүүлэх арга
Хүүхдийг дулаан байранд түр хугацаагаар нүцгэн байлгаж агаараар чийрэгжүүлж эхэлдэг. Амьдралын эхний өдрөөс хуурайлах бүрд 1-3 минут нярайг нүцгэлэх энэ үеэс агаар хүүхдийн бие махбодид нөлөөлж чийрэгжүүлж эхэлдэг. Цаашид хуурайлахдаа хугацаагаа аажим нэмэгдүүлснээр 10-15 минут нүцгэн байлгаж тарвалзуулна.
Хүүхдийг ойнд хүртэл агаараар чийрэгжүүлэх хугацааг 30 минут хүртэл, 1-ээс дээш насанд өглөөний дасгал 10-11 цагийн хооронд 2-3 хоног тутамд 5 минутаар уртасгасанаар 60 минутад хүргэнэ. Зуны улиралд илүү удаан хугацаагаар нүцгэн байлгаж болно. Агаараар чийрэгжүүлэхдээ байрны дулаан 19-20 хэм, нярайд 20-22 хэм, 2-6 сар хүртэл 19-20 хэм, 6 сараас дээш 1нас хүртэл 18-19 хэм дулаантай байхаар зохицуулна.

Өвлийн улиралд 3-4 долоо хоногтойгоос эхлэн агаарт гаргах нь зүйтэй. Хүүхдийг 1-3 сартайд нь – 10, 4-6 сартайд нь – 12,6. 12 сартайд нь -15 хэмийн хүйтэнд гадаа гарган зугаалуулж болно. Зугаалах хугацааг 10-15-20 минутаар нэмэгдүүлсээр 1-2 цагт хүргэнэ. Хүйтэн сэрүүний улиралд өдөрт 2-3 удаа зугаалах хэрэгтэй. Хүүхдийг салхинд гаргахын өмнө хамрыг цэвэрлэж, хамрын амьсгалыг чөлөөтэй болгох хэрэгтэй. Хүйтэнд гадаа салхилуулах үед нүүрэнд нь хүүхдийн крем буюу вазелиныг нимгэн түрхэж нүүрийг нь ил байлгах чухал. Хүүхдийг агаарт салхилуулахдаа тэврээд буюу тэргэнд удаан хугацаанд хөдөлгөөнгүй байдалд байлгах буруу, аль болох хөдөлгөөнд байлгах нь сайн. Хүүхдээ салхилуулах үед эх нь агаарт явснаар эхийн эрүүл мэндэд нөлөөлж хөхний сүү сайжирдаг. Гадаа зугаалах боломжгүй үед гадаа зугаалах маягаар хувцаслаж, хүүхдийг нээлттэй салхивчны дор байлгана. Хэрэв гадаа их хүйтэн, хүчтэй салхитай байвал салхивчаар орох агаарын урсгалыг багасгах зорилгоор салхивчиндаа хаалт тор хадах хэрэгтэй.

https://www.facebook.com/chimgee.mishigdorj?fref=nf

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …